Нийслэлийн төв хэсэг Шангрилагаас Шархад хүртэлх зай ердөө 8 км. Гэтэл энэ хооронд амьдарч буй хүмүүсийн амьдрал өдөр, шөнө шиг ялгаатай. Хотын төвд амьдарч буй айл өвөлд бэлдэхийн зовлон бараг үгүй. Халаалт ирээд л хамаг асуудал шийдэгдэнэ. Харин Шар хадны айл шөнө гэртээ осгохгүйн тулд шалаа хүртэл түлдэг аж. Юун өвөлд бэлтгэх. Өдөр, шөнийг аргацааж амьдарч байна.
Бид Шар хадны нэгэн айлын амьдралыг сурвалжилснаа хүргэж байна.
Хотын төвөөс гарч явахдаа бид ямар айлд очихоо мэдэхгүй байлаа. Ямартаа ч гэр хорооллын нэг айлд очих төлөвлөгөөтэй. Эндээс л айлууд өвлийн бэлтгэлээ хэрхэн базааж буйг мэдэх боломжтой. Бид явсаар Баянзүрх дүүргийн есдүгээр хороо буюу Шар хадны эцсээс цааш Давсны булаг гэх газар ирлээ. Хашааны гадаа хэдэн хүүхдүүд тоглож байв. Гадаа хүйтэн хэдий ч тэд тоож байгаа юм алга. Нимгэн хувцастай энэ тэрүүгээр гүйлдэнэ.
Хажуугийн хашааны хаалга нээлттэй, дотор нь гурван гэр байна. Эхний айлд ороход хоёр хүн унтаж байв. Дараагийн айлд эзэн алга. Харин гурав дахь айл дотроосоо цоожтой. Хаалгыг нь тогшвол хэн бэ гэх хүүхдийн дуу гарав. "Том хүн байна уу" гэтэл "Ээж одоохон ирнэ" гэлээ.
Хэсэг хүлээж зогсонгоо энэ тэрийг жаахан ажиглав. Энэ гэр бусад хоёр гэрээ бодвол нэлээн хуучиржээ. Хаяагаа багахан шороогоор манажээ. Хаалгаа дулаалсан боловч гэрийн бүрээс үгүй. Хүүхдийн хувцас угаагаад газраар хатаажээ. Удалгүй нэг эмэгтэй хүүхдээ дагуулсаар ирсэн нь энэ гэрийн эзэн Д.Цэцэгбадам байсан юм. Түүнтэй ярилцах зөвшөөрөл аваад гэрт орлоо. Хоёр жаахан хүүхэд ээжийнхээ дуунаар хаалгаа нээж өгөв. Нэг нь долоотой, нөгөө нь тавтай. Ээжийгээ эзгүй хойгуур гэрээ дотроосоо цоожилчихоод томоотой хүлээж суудаг аж.
Цэцэгбадам дөрвөн хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй. Хамт ирсэн охин нь долдугаар ангийн сурагч. Үүний дээр бас нэг хүү бий. Хичээлээсээ ирээгүй байв. Цэцэгбадам гэртээ орж ирээд галаа түлэв. Хоёр жаал нь даарсан харагдана. Гал түлэх хооронд түлшний талаар асууж амжив. Эднийх 25-ын шуудай түлээг 3500 төгрөгөөр, харин ийм хэмжээтэй сайжруулсан түлшийг 3750 төгрөгөөр худалдаж авдаг байна.
Урьд нь түүхий нүүрс түлдэг байхад нэг шуудай түлээ тав хонодог байжээ. Гэтэл одоо өдөрт нэг шуудай түлээ хэрэглэж байгаа гэв. Өдөр бүр 3500 төгрөгөөр түлээ авах боломжгүй учир шалаа түлээд эхэлжээ. Үүнийг сонсоод бид чихэндээ ч итгэсэнгүй. Дахиад лавлаж асуув. Цэцэгбадам гэрийн зүүн хаяанд хөрөөдөөд жирийлгэн өрсөн шалны модыг зааж, үүгээр бид 10 хонож байна гэлээ. "Энэ хулдаас дор юу байгаа юм бэ" гэж асуухад тэр цемент гэж хариулсан юм. Хүүхдүүд энэ жил цементэн дээр хулдаас дэвссэн газар өвөлжих ажээ.
Гэр бага зэрэг дулаацаж эхлэв. Хичээлээс ирсэн охин шүүгээнээс хэдэн мантуу гаргаж, дээр нь кетчуп түрхээд идэж гарлаа. Ходоод нь яаж тэснэ дээ, ингэж идэх муу шүү дээ гэж дотроо бодов. Цэцэгбадам “Манайх өглөөд нэг л удаа хоол хийдэг. Түүнийг өдөр бас орой иднэ. Заримдаа орой үлдэхгүй болохоор мантуу идээд унтдаг юм. 25 кг-ын шуудай гурил аваад манайд 14 хонодог. Ихэнхдээ мантуу хийдэг. Бас шөлтэй хоол хийнэ. Гэхдээ зүрх, элэг, бөөр гээд дандаа цувдайгаар хийдэг юм. Хамгийн сүүлд хэзээ бор махаар хоол хийснээ ч санахгүй байна” гэв.
Цэцэгбадам Хөдөө аж, ахуйн их сургуулийг ойн инженер мэргэжлээр төгсчээ. Гэвч мэргэжлээрээ огт ажиллаагүй. Хүнтэй сууж, хүүхэд гаргаад гэртээ суужээ. Гэхдээ нөхөртэйгээ нийлж гэрээр буйдан хийж, зах дээр борлуулж, амьдралаа залгуулна. Юу ч үгүй эхэлсэн амьдралаа босгож, мансардтай хоёр давхар байшин хүртэл барьж оржээ.
Амьдрал овоо тэгширч, одоо л нэг сайхан амьдрах нь дээ гэж бодож байтал нөхөр нь хүнд зодуулж нас баржээ. Энэ үед Цэцэгбадам дөрвөн хүүхэдтэй, хамгийн бага нь ой ч хүрээгүй байж. Гэтэл хадам ээж нь түүнийг хүүг минь алсан алуурчин гээд хүүхдүүдтэй нь гудманд хөөж гаргасан байна. Өмссөн хувцастайгаа, дөрвөн хүүхдээ дагуулсан эмэгтэй хаана, хэнд очихоо мэдэхгүй харанхуй шөнөөр бэдчин явсан цаг саяхан аж. Үүнээс хойш таван жил өнгөрчээ. Айл айлын хашаа бараадан, хөөгдөж туугдсаар одоогийн энэ хашаанд ирээд жил гаруй болж буй юм байна. Товчхондоо Цэцэгбадамын өрх толгойлох болсон амьдрал ийм.
Одоо тэр 35 настай. Ажил хийдэггүй. Учир нь бага хүү нь таван настай. Цэцэрлэгт өгөх гэхээр харьяаллын бус гээд авдаггүй. Багыгаа харах, хажуугаар нь хүүхдүүдээ хичээлд нь зөөх ажилтай. Амьдралын гол орлого нь тэжээгчээ алдсаны тэтгэмж болон хүүхдийн мөнгө. Тэжээгчээ алдсаны тэтгэмж сар бүр 270 мянган төгрөг. Намар хүүхдийн хичээлийн бэлтгэл хангах гэж гурван сарын зээл авчээ. Тэгэхээр зээл дуусах хүртэл энэ гэр бүл үндсэндээ дөрвөн хүүхдийн 80 мянган төгрөгөөр амьдарч байна. Өдөр бүрийн хоолоо яаж залгуулах вэ гэж бодож байхад юун өвлийн бэлтгэл. Өлсөхгүй, осгохгүй байх нь энэ гэр бүлийн хувьд хамгийн чухал юм. Цэцэгбадамын ярианаас хүргэе.
-Дөрвөн хүүхдээ дагуулаад айл айлын хашаа дамжиж явахдаа юунд итгэж, өөрийгөө зоригжуулж байв?
-Хамгийн гол нь хүүхдүүдээ би хүмүүжилтэй болгоно л гэж зорьсон. Ядуу айлын хүүхэд байлаа гээд задарсан байж болохгүй. Ядаж л олдсон нэг мантуугаа хуваагаад иддэг байх хэрэгтэй. Би хийсэн хоолоо дандаа хуваарилж өгдөг. Илүү иднэ гэж байхгүй, яг л хэмжээгээр идээд босно. Үлдсэнийг нь дараа халааж өгнө. Ингээд идээд сурчихсан. Та нар олигтой сурч байж ядуу амьдралаас гарна шүү гэж би байнга хэлдэг.
-Хадам ээждээ хөөгдсөн гэсэн. Яагаад тэр вэ?
-Хадам ээж маань биднийг хөөгөөд байшинг маань зарчихсан. Уг нь нөхөр бид хоёр мөнгөө хурааж байгаад өөрсдөө байшин барьсан. Хүү нь нас барсанд намайг буруутгадаг хүн. Яалаа гэж би дөрвөн хүүхдийнхээ аавыг алуулж байх вэ. Архи ууж байгаад л хүнтэй маргаад зодуулж нас барсан. Хааяа архи уудаг ч гэсэн миний хүүхдүүдийн аав шүү дээ. Гэхдээ тийм муу хүн байгаагүй ээ. Ажлаа хийх үедээ хийчихдэг, дэмтэй хүн байсан.
-Одоо хүйтэрч байна. Хүүхдүүддээ өвлийн хувцас авч өгсөн үү?
-Өгөөгүй л байна. Манай хүүхдүүд ер нь комиссын хувцас, ах дүүгийн хуучин байхад болчихно доо. Цэвэрхэн л өмсөхөд болно. Харин комиссын бараанд гутал зардаггүй юм. Хамгийн хямд гутал 15 мянга гэдэг. Хүүхдийн мөнгө орохоор том хоёрт нь авч өгнө дөө. Бага нь яах вэ, гэртээ байдаг юм чинь. Сургуулиас бас их юм шаардах юм. Заавал биеийн тамирын хослол, барзак гээд тусгай гутал авч өмс гээд нэхээд байгаа. Тэрийг нь авч өгөөгүй л байна. Хувцасгүй болохоор хичээлд оруулахгүй, тас гэж тавиад байгаа гэсэн. Хүүхдийн мөнгө буухаар нь ээж нь авч өгнө гээд хүлээлгэж л байна.
-Та цаашдаа яаж амьдарна гэж бодож байна вэ, ажил хийх бодол бий юу?
-Байлгүй яах вэ. Надад бодсон зүйл зөндөө л байна. Бага хүүгээ арай том болгочихоод ажил хийнэ дээ. Том ахыгаа батлан даагч болооч гэж гуйж байгаад тэжээгчээ алдсаны зээл 24 сараар аваад, хямдхан машин авах бодолтой байна. Тэгээд таксинд явна даа. Би уг нь жолоо барьж чадна. Даанч жолооны үнэмлэх байхгүй. Яг одоо гараад ажил хийе гэхээр чадахгүй байна. Бага насны хүүхдүүдтэй. Хаячихаад ажил хийхээр эднийг маань хэн харах билээ. Одоо янз бүрийн хүчирхийлэл, хүүхдийн хулгай яригдаж байгаа цаг үе шүү дээ. Эрүүл, саруул байхад болно биз дээ.
Цэцэгбадамын ирээдүйн ганц найдвар бол хүүхдүүд нь. Эдний хүүхдүүд бүгд сурлага сайтай. Тоондоо сайн. Том хүү нь ангидаа хамгийн шилдэг нь. Хүүхдүүдээс том болоод ямар мэргэжилтэй болох вэ гэж асуухад бүгд ээжийн сонгосон мэргэжил гэж хариулсан юм. Том хүү нь гаалийн байцаагч, удаах охин төмөр замын ажилтан, дунд охин эмч, харин бага хүү нь цэргийн хүн болох гэнэ.
"Та нар том болоод ээжийгээ яаж баярлуулах вэ" гэхэд тэд “Ээждээ шинэ хувцас авч өгнө” гээд инээлдэж байлаа. Үүнийг сонссон ээж нь нулимс унагаж байна лээ. Эмэгтэй хүн энэ бүх ачааг нуруундаа үүрэхэд даанч хайран. Гадаа гарч эр, дотор орж эм болсоор өөрийгөө ч мартжээ.
Шалаа ганцаараа хөрөөдөөд сууж байхдаа бурхан гэж байдаг бол биднийг харж үзээсэй гээд тэр залбирсан гэв. Ийм амьдрал Шар хадны эцсээс цааш яваад Давсны булаг гэх газар үргэлжилж байна. Хотын төвөөс ердөө наймхан км. Харин Шангрила хавьд амьдрал хэрхэн өрнөж байгаа бол…
Гэрэл зургийг Г.БИЛГҮҮН
Холбоотой мэдээ