Улстөрчдийн хийрхэл улс орныг уруудуулах вий!

Хуучирсан мэдээ: 2019.10.17-нд нийтлэгдсэн

Улстөрчдийн хийрхэл улс орныг уруудуулах вий!

Улстөрчдийн хийрхэл улс орныг уруудуулах вий!

ФАТФ хэмээх “саарал жагсаалт”-д манай улсыг оруулах эсэх асуудал энэ өдрүүдийн гол сэдэв болж буй. Эгнээндээ 38 улс орныг нэгтгэсэн мөнгө угаах, терроризмтэй тэмцдэг байгууллагын хурал дэлхийн ч анхаарлын төвд байна. Гэхдээ энэ нь бидэнд хэр зэрэг хамааралтай, хамаарал бүхий ямар шийдвэр гаргахаас улс орны эдийн засаг, хувь заяа тодорхойлогдож болохоор нөхцөл байдалтай байгаа нь нэгэнт тодорхой болсон асуудал. Үнэндээ бид өмнө нь хар, саарал жагсаалтад орж байсан бас гарч байсан түүхтэй.

Гэтэл өнөөдөр бид алдаагаа ухамсарласан гэхээс илүү улстөрчид, попуудын буянаар дахин “саарал жагсаалт”-ын үүдэнд зогсч буй. Энэ сануулга гэнэтхэн өнөөдөр гарч ирээгүй гэдгийг энд тодотгох нь зөв болов уу. Төв банк бол энэ жагсаалтад орохгүй гэдгээ өчигдөр мэдэгдсэн. Тодруулбал, энэ оны наймдугаар сард Монгол Улс ФАТФ-аас өгсөн 40 зөвлөмжөөс 35 үзүүлэлтийг хангасан байна. Мөн есдүгээр сард Бангкокт болсон хурлын үеэр Монгол Улс 11 үзүүлэлтээс долоог нь хангасан. ФАТФ-ын үнэлгээний эхний аргачлалаар 40 үзүүлэлтээс 20-ыг хангаагүй бол, мөн хоёр дахь аргачлалаар 11-ээс 9-ийг нь хангаагүй бол саарал жагсаалтад оруулдаг байна. Харин Монгол Улс саарал жагсаалтад орохооргүйгээр үзүүлэлтүүдээ хангасан гэв.

Харин улсынхаа Төв банкнаас урьтаж улстөрчид нь “саарал жагсаалт”-д орчихлоо, ингээд гадаадын хөрөнгө оруулалтууд үргэлээ, бид хэцүүдлээ хэмээн хашгирч эхлэв.

Тэд өмнө нь яагаад дугарсангүй вэ. Одоогоос гурван сарын өмнө “саарал жагсаалт”-д орох нь ээ гээд мэдэгдэж байхад тэд юу хийж, бас дуугарч байхгүй яав. Эсрэгээрээ тэд хууль эрх зүйн орчноо сайжруулах, шаардлагатай арга хэмжээ авах боломж байсан. Гэхдээ УИХ-ын дарга, гишүүд хэн хэн нь оройтож дуугарлаа.

Монгол Улсад хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээдэггүй ганц албан тушаалтан бол УИХ-ын гишүүд. Цаашлаад улстөрчид нь хүссэнээ хэлж, дуртайгаараа дургиж байдаг нь Монгол Улсыг дотоод, гадаадад ямар харагдуулах вэ гэдэг маш чухал. Нэг УИХ-ын гишүүний хэлсэн үг өндөр төлөөс төлөх  эрсдэл үүсгэж болох эрсдэлтэй. Тиймээс УИХ-ын гишүүд хариуцлагатай, асуудалд ул суурьтай, мэргэжлийн хандах ёстой гэсэн зарим үйлчлэх ёстой, номоороо бол. Угтаа бол улстөрчид үүнийг маш сайн мэднэ. Гэхдээ хуулинд тэднийг хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээхгүй гээд цагаан дээр хараар бичээд “сийлчихсэн” учраас тэд үүнийг маш сайн ашигладаг.

Улс орны гадаад харилцаа, дипломат ёс, нууцын зэрэглэл,  хөрөнгө оруулагчдыг үргээх гээд хүссэнээ ярьж, хэлдгийн нэг гавьяа нь “саарал жагсаалт”. Үүний тод жишээ нь ФАТФ-аас  Монголын нэр бүхий улс төрч зэвсгийн наймаанд оролцсон асуудал Байнгын хорооны хуралдааны үеэр яригдсан нь олон улсын анхаарлыг татсан гэх мэдээлэл бий. Улстөрчдийн хэлсэн үг, үйлдэл ямар нөлөөтэйг харж болно.

Түүнчлэн олон улсад хориглогддог зэвсгийн наймааны асуудлаас үүдэж Монгол Улсад амьдарч буй БНАСУ-ын иргэдийн асуудал ч хөндөгдөж буй. Түүнээс гадна ФАТФ эцсийн шийдлээ гаргаагүй байхад ч бид баларлаа гээд улстөрчид л халаглаж эхэлсэн. Тиймээс улстөрчид нь попролтоо багасгаж, асуудалд шинжлэх ухаанч, бодитой хандахгүй бол хэлсэн үг үйлдэл бүхэн тань улс орны хувь заяаг шийдэхэд ч нөлөөлж болохуйц байна гэдгийг тодотгох нь зүйтэй болов уу.

Тиймээс “саарал жагсаалт”-д орсон ч эс орсон ч бид тэдний өгч буй зөвлөгөөг сонсоод өнгөрөх бус далд өрнөж буй мөнгө угааж байна гэх тэдний хардлагыг арилгах зэрэг дөрвөн заалт бүхий шаардлагыг анхаарахгүй, хайхрахгүй өнгөрч болохгүй. Тиймээс ФАТФ хэмээн байгууллагын шийдвэр гарахыг хүлээх, “саарал жагсаалт”-д орсноо тунхаглахаас илүү бид эдийн засагтаа шок үзүүлэхгүйгээр хурдан аргаар яаж энэ нөхцөл байдлаас гарах вэ гэдгээ шийдэх ёстой гэдгийг  мэргэжлийнхэн хэлж буй.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж