Хоёр Солонгосын нэгдлийг Путин “найруулбал”…

Хуучирсан мэдээ: 2019.10.17-нд нийтлэгдсэн

Хоёр Солонгосын нэгдлийг Путин “найруулбал”…

Хоёр Солонгосын нэгдлийг Путин “найруулбал”…

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн оноос хойш Хойд Солонгосын удирдагчтай хэд хэдэн удаа нүүр тулж уулзсаныг эс тооцвол Пеньяныг цөмийн хөтөлбөрөөс татгалзуулах хэлэлцээ амжилтгүй, царцсан байдалтай байна. Пеньяныг цөмийн хөтөлбөрөөс татгалзсаны дараа хоёр Солонгосыг нэгтгэх, эсвэл бие даасан хоёр улс хэвээр үлдээх эсэх асуудал яригдаж эхэлнэ.

Хойд Солонгос өнгөрсөн долоо хоногт Шведэд болсон цөмийн зэвсгийн хэлэлцээний Засгийн газрын ажлын хэсгийн түвшний уулзалтын үеэр АНУ-аас тавьсан бага хэмжээний эдийн засгийн хоригийг цуцлах саналаас татгалзсан юм. Энэ хооронд ОХУ-ын Ерөнхийлөгчийн санаачилсан хоёр Солонгосыг холбосон төмөр зам, байгалийн хийн хоолойн бүтээн байгуулалтын төсөл хойгийг нэгтгэх эдийн засгийн хэрэглүүр болох боломжтой байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахын өмнө Пеньяны дэглэмийг хадгалах, аюулгүй байдлыг хангах баталгаа гаргахыг санал болгосон юм.

ОХУ + ӨМНӨД СОЛОНГОС

Одоогийн ОХУ-Өмнөд Солонгосын харилцааг Сөүлийн тал “Шинэ Хойд бодлого” гэж нэрлэсэн бөгөөд Москватай эдийн засгийн харилцаагаа бэхжүүлэхийг зорих болж. Хоёр орны стратегийн түншлэлийн хүрээнд эдийн засгийн хамтын ажиллагааг тэлэх бодлого барьж байна. Стратегийн түншлэлийг аль эрт 2008 онд байгуулсан боловч улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан зарим эерэг үр дүнд хүрсэн ч хязгаарлагдмал байжээ. Өдгөө Өмнөд Солонгос нь ОХУ-тай “есөн гүүр” гэж нэрлэгдсэн хөдөө аж ахуй, эрчим хүч, загас агнуур, дэд бүтцийн салбарын хамтын ажиллагаагаар эдийн засгийн харилцаагаа бэхжүүлэхийг зорьж байна. Өнгөрсөн онд хоёр орны хооронд худалдааны эргэлт 29 хувиар нэмэгджээ.

Мун Жэ Ин ба Владимир Путин

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин он дуусахаас өмнө Өмнөд Солонгост айлчилж магадгүй. Оросын Холбооны зөвлөлийн дарга хатагтай Валентина Матвиенко Мягмар гаригт Сербийн Белград хотноо Өмнөд Солонгосын Үндэсний ассамблейн спикер Мун Хи Сантай уулзах үеэрээ Путины айлчлалын талаар ярилцжээ. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Жэ Ин өнгөрсөн зургадугаар сард Японд Их-20 орны уулзалтын үеэр Путиныг аль болох ойрын хугацаанд Сөүлд айлчлахыг урьсан аж. Түүнчлэн Мун Хи Сан нь ОХУ-ын талаас Пеньяныг цөмийн хөтөлбөрөөс татгалзах, гурван орны эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр “ятгахыг” Валентинад захижээ. Хойд Солонгосын парламентын төлөөлөгчид ирэх долоо хоногт ОХУ-д айлчлах аж. Энэ үеэр гурван орны хооронд яригдаж буй төмөр зам, байгалийн хийн хоолой, эрчим хүчний төслүүдийг хөдөлгөхийг зорьж байна. Мөн тэрбээр Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахад чиглэсэн Сөүлийн төвийг сахисан бодлогыг ОХУ-ын талаас зогсолтгүй дэмжиж байгаад талархлаа илэрхийлсэн байна.

ПЕНЬЯН + МОСКВА + СӨҮЛ

Ким Жон Ун ба Владимир Путин

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Жэ Иний Пеньянтай харилцах эвийг сахих бодлого нь ОХУ-д гурван орны эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийг бий болгож байна. Тухайлбал, 2018 оны Дорнын эдийн засгийн форумд Хойд Солонгосын Гадаад эдийн засгийн харилцааны сайд Ким Ён Жэ болон БНСУ-ын Ерөнхий сайд И Наг Ён нар хүрэлцэн ирсэн байв. Энэ үеэр гурван орны хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцжээ. ОХУ нь Алс Дорнодын хязгаарын бүс нутгийг Ази Номхон далайн дэд бүтэц, технологийн төв болгохыг зорьж байгаа юм. Улмаар Өмнөд Солонгостой технологийн салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх нь эдийн засгийн ашиг сонирхлоо өсгөхөд чухал шаардлагатай болжээ. Харин Хойд Солонгостой эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд НҮБ-аас Пеньяны эсрэг тавьсан хориг арга хэмжээнүүд саад бэрхшээл болж байгаа аж. Нөгөө талаар ОХУ-ын Хойд Солонгостой ойрын харилцааг ашиглан Пеньянтай хэлэлцээ хийхэд Сөүлд ашигтай.

ЯПОН + АНУ ӨМНӨД СОЛОНГОС

Мун Жэ Ин, Дональд Трамп ба Абэ Шинзо

АНУ нь Өмнөд Солонгос, Японыг оролцуулсан гурван талт хамтын ажиллагааг хөгжүүлэхээс илүү Токиотой харилцаагаа бэхжүүлэх болсонд Сөүл сэтгэл дундуур байна. Өмнөд Солонгос нь худалдааны зөрчлөөс шалтгаалан Японтой байгуулсан тагнуулын мэдээлэл солилцох гэрээг цуцалсныг АНУ-ын талаас нээлттэй шүүмжилсэн. Харин Өмнөд Солонгосын талаас үүнд дургүйцлээ илэрхийлж, АНУ-ыг олон нийтэд энэ мэт мессеж өгөхөөс татгалзах хэрэгтэй гэдгийг сануулсан юм.

Өмнөд Солонгос болон Японы хооронд үүссэн зөрчилд АНУ ажиглагчийн байр сууринаас хандсан юм. Мөн Японтой эзэмшлийн маргаантай хэсэг арлын ойролцоо Өмнөд Солонгосын арми цэргийн сургуулилт явуулсныг АНУ шүүмжилсэн. АНУ нь өнгөрсөн наймдугаар сард Японтой өргөн хэмжээний цэргийн сургуулилт явуулсныг Өмнөд Солонгосын хэвлэлүүд онцолж байв. Үүний зэрэгцээ АНУ-ын талаас Өмнөд Солонгост байршуулж буй 28500 цэргийн зардалд гаргаж буй мөнгөө нэмэгдүүлэхийг шаардан шахалт үзүүлж байна. Нөгөө талд, АНУ нь өнгөрсөн долоо хоногт Японтой худалдааны худалдааны хэлэлцээр байгуулсан нь ирэх нэгдүгээр сараас хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх юм.

СОЛОНГОСЫН ХОЙГИЙН ХУВААГДАЛ

Солонгос нь 1910-1945 оны хооронд Японы эрхшээлд байв. Дэлхийн хоёрдугаар дайны сүүлээр хойгийг Японы дарангуйллаас чөлөөлсөн боловч үзэл бодлын зөрчлөөс болж 1950-1953 оны хооронд дайн өрнөсөн. Эцэст нь Солонгосын хойг АНУ-ын дэмжлэгтэй ардчиллыг дэмжигч өмнөд хэсэг, ОХУ, Хятадын талыг баримталсан коммунист хойд хэсэг нь 38-р өргөргөөр хоёр хуваагджээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж