Малчид ямар ханш хэлэхээс шалтгаалж махны үнэ хэлбэлздэг

Хуучирсан мэдээ: 2019.10.16-нд нийтлэгдсэн

Малчид ямар ханш хэлэхээс шалтгаалж махны үнэ хэлбэлздэг

Малчид ямар ханш хэлэхээс шалтгаалж махны үнэ хэлбэлздэг

Өглөө эртлэн махны үнэ ханш судлахаар “Хүчит шонхор” захыг зорилоо. Учир нь, тухайн өдрийн махны үнэ ямар байх нь малчид, ченжүүдээс шууд хамааралтай байдаг болохоор тэр. Ингээд ямар нэгэн хачиргүйгээр махны үнийн  мэдээллийг хүргэе.

Нийлүүлэлт боломжийн байгааг үүрээр “Хүчит шонхор” захад махаа ачаад ирсэн малчдаас харж болно. Ямар ч байсан ойрын нэг, хоёр сардаа махны үнэ тогтвортой байж магадгүй гэдгийг ченжүүд ярьж байна. Ерөөсөө нийлүүлэлтээс  хамаарч махны үнэ хэлбэлздэг аж. Хэдийгээр ченжүүд тогтвортой байна гэх боловч өнгөрсөн долоо хоногтой  арьцуулахад 200- 500 төгрөгийн өсөлттэй байгааг иргэд хэлж байна. Өглөөний 05:00-07:00 цагийн хооронд ченжүүд малчдаас махаа худалдаж авах үйл ажиллагаа өрнөдөг. Өчигдрийн хувьд Сүхбаатар, Хэнтий, Төв, Өвөрхангай,  Архангай, Өмнөговь, Дорноговь гэх мэт аймгаас малчид махаа аваад иржээ. Малчид, махны ченжүүд, тэрэгчид, “Хүчит шонхор” захын эмч, эрүүл ахуйн байцаагчдаас өөр хүн бараг алга. Тэдэн дээр өглөө эрт ирж, малчдын гараас хямд үнээр мах авахыг зорьсон иргэд нэмэгдэнэ. Төв аймгийн малчин Б.Гантөмөр “Махны нийлүүлэлт харьцангуй
гайгүй байх шиг байна. Ихээр орж иржээ. Харьцангуй ойроос ирдэг учраас махаа нэг их үнэтэй борлуулахыг боддоггүй. 5300 төгрөгт өгчихөөд л буцах санаатай” гэв.

Нэг хонины гулууз дунджаар 22-25 кг жин татах бөгөөд энэ нь 116,600-132,500 төгрөг болж байлаа.

Нэг хонины гулууз дунджаар 22-25 кг жин татах бөгөөд энэ нь 116,600-132,500 төгрөг болж байлаа. Килограмм тутамд
1000 төгрөгөөр хямд үнээр мах авахын тулд иргэд үүрийн харанхуйгаар Дэнжийн 1000- ыг зорьдог ажээ. Баянзүрх дүүргийн XVII хороонд оршин суух иргэн З.Ганбат хямд үнээр мах авахаар Шархаднаас өглөө эртлэн “Хүчит шонхор”-ыг зорьжээ. Үүрийн 04:30 цагт ирсэн тэрбээр ченжүүд махаа авч дуусахыг хүлээсээр 07:00 цагт гурван гулууз мах авснаар “Зорьсон хэргээ бүтээлээ.
Гурав хоногийн дараа багахан хэмжээний найртай. Түүнд зориулж эндээс мах авах гэж ирсэн. Гэтэл малчид чинь эхлээд заавал ченжүүдэд өгнө гээд халгаадаггүй. Бодвол гэрээ хийсэн байдаг бололтой. Хэд хэдэн хүн дээр очоод нэмэр болсонгүй. Тэгээд л энэ хүртэл хүлээлээ. Ямар ч байсан хүлээснийх анхны үнээр нь махаа авч чадлаа” гэв. Яг ийм дүр зураг “Хүчит шонхор” дээр олон. Махны үнэ сураглаж очсон иргэдэд хариулт өгөх малчин, ченж ч олдохгүй. “Зарагдсан, зарахгүй” гэсэн хариулт олон сонсоно. Иргэд хий дэмий л тойрсоор ченжүүдийг махаа авч дуусахыг хүлээдэг аж. Махны ченж Б.Батсайхан “Орон нутгаас махны нийлүүлэлт сайн байгаа нь үнэ тогтвортой байх шалтгаан болж буй. Хүйтрэхээр хятадууд мах аваад эхэлнэ. Иргэд биднийг махны үнэ хөөрөгдүүлдэг гэж ярьж байгаа ч цаана нь
хятадууд их хэмжээний мах авахаар хомсдол үүсээд байдаг.

Эмээлт, Налайхад хятад эзэнтэй мах боловсруулах үйлдвэр олон бий. Бид үнэ өсгөлөө гэхэд хэдэн төгрөг л нэмнэ шүү дээ. Ер нь махны үнэ ямар ч тохиолдолд хэлбэлзэлтэй байдаг. Бидний хувьд малчдаас худалдаж авсан үнэ дээрээ 1000-1500 төгрөг л нэмж зарж байгаа. Одоо хятадууд их хэмжээгээр мах авах юм бол ирэх хавар монгол хүн идэх махгүй л болно” гэв.

Энэ бол “Хүчит шонхор” захыг тойрсон өглөөний дүр зураг. Харин бага үд буюу 11:00 цагаас хойш жижиглэнгээр худалдан авах иргэд дээрх захад олноор ирдэг. Бусад хүнсний захаас харьцангуй хямд гэдэг утгаараа Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх, Баянгол дүүргийн иргэд голдуу “Хүчит шонхор”-ыг зорьдог байна. Жижиглэнгээр мах авдаг хүмүүс хамгийн ихдээ л нэг хаа, гуя авна. Иргэн Б.Батдэлгэр “Махны үнэ зуныхаас арай дээрдсэн байна. Хонины шулсан мах 8300 төгрөгөөр авлаа. Махны үнэ цаашдаа нэмэгдэнэ гэж ченжүүд ярьж байна. Өдийд махны үнэ яг боломжийн байдаг бололтой. Жоохон хүйтрээд ирэхээр махны үнэ буцаад тэнгэрт хадах байх” гэлээ.

Харин Н.Баатар “Хонины шулсан мах 8500, үхрийн мах 9500 төгрөг байна. Махны үнэ бага зэрэг буурчээ гэж харлаа. Төр засгаас махны үнийг яг ингээд барьчихвал иргэдийн ачаа нэг ч гэсэн хөнгөрч байгаа нь тэр. Нөгөөтэйгүүр мах хямдхан байгаа дээр эртхэн нөөцөө бэлдээд авах хэрэгтэй. Тэгэхгүй бол хүйтрээд эхлэхтэй зэрэгцээд л үнэ нь буцаад өснө” гэж ярилаа.

Тэгвэл махны худалдагч Б.Моломжамц “Өглөө малчид махаа ямар үнэтэй зарахаас л бүх зүйл шалтгаална. Арваннэгдүгээр сарын сүүлч хүртэл махны үнэ тогтвортой байх хандлагатай. Нийлүүлэлт ч гайгүй байна шүү дээ. Үнэ тогтвортой ч иргэдийн худалдан авалт сайнгүй хэвээр байгаа” гэв. 60 сая гаруй толгой малтай, жилд дунджаар 350 тонн мах хүнсэндээ хэрэглэж, махны хэрэглээгээрээ дэлхийд дээгүүр байр эзэлдэг манай улсын иргэд хамгийн багадаа 6500 төгрөгөөр махаа худалдан авч иднэ гэдэг өндөр үнэтэйд тооцогдоно. Мах, шатахууны үнийн өсөлтийг дагаж өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн болох гурил, будаа, ургамлын тос, цагаан идээ, хүнсний ногоо, цаашлаад жижиглэн худалдааны үнийн өсөлт хууль дүрэм, хэмжээ хязгааргүй мэт өссөөр л.

Улаанбаатар хотын хэмжээнд инфляц 10.5 хувь болж огцом өсөхөд махны үнийн өсөлт нөлөөлсөн

Гэтэл энэ өсөлтийн горыг хүртэх гол эзэд нь ард түмэн. Тоо баримтаар дурдвал, улсын хэмжээнд наймдугаар сард инфляц 8.9 хувьтай байсан бол Улаанбаатар хотын хэмжээнд 10.5 хувьтай гарсан байдаг. Энэ нь Төв банкны төсөөллөөс 0.5 хувиар өндөр гарчээ. Инфляци өсөхөд махны үнийн өсөлт голлон нөлөөлсөн гэдгийг мэргэжилтнүүд хэлж байлаа. Өнгөрсөн жилүүдэд долоо, найм, есдүгээр сард махны үнэ буурдаг байсан бол энэ жил долдугаар сард махны үнэ өсөж, өмнөх оны түвшнээс 2000 гаруй төгрөгөөр буюу 34 хувиар өндөр гарсан тухай танилцуулж байсан билээ.

Тэгвэл долоо, наймдугаар сарыг бодвол махны үнэ 1000 гаруй төгрөгөөр буурсан ч өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад багадаа 500 төгрөгөөр өссөн үзүүлэлттэй байгаа юм.

ЗАХ ТАРАХ ҮЕД МАХНЫ ҮНЭ БУУРДАГ ГЭВ

Махны жижиглэнгийн үнэ өдөрт 2-3 удаа хэлбэлздэг. Үдээс өмнө нэг кг нь 6500 төгрөг байсан хонины ястай мах “Хүчит шонхор” захыг хаахаас 1-2 хоёр цагийн өмнө 300-500 төгрөгөөр хямдардаг аж. Махны худалдааны аль ч хэсэгт очсон “Бид үнэ нэмээгүй. Цаанаасаа ингэж ирж байгаа” гэх үг худалдагчдын амнаас гарч байв. Тодруулбал, жижиглэнгийн худалдагчид “бөөний худалдагчид махаа үнэтэй зарж байна” гэх. Харин бөөний худалдагчид “ченжүүд махаа үнэтэй өгч байна” гэсэн хариулт өгч байсныг нуух юун. Махаа жижиглэнгээр хэрнээ хямд үнээр авахыг хүсвэл зах тарах үед очих хэрэгтэй гэнэ. Учир нь зах тарах үед хүн бага, бас өглөө авсан махаа өдөртөө зарж дуусгахын тулд худалдагчид махаа хямдруулж өгдөг байна. “Хүчит шонхор” захаас гулууз мах худалдан авч байгаа хүмүүсийг эс тооцвол тус захад жижиглэнгийн мах их хэмжээгээр авч байгаа хүн тун цөөн. Бүгд л хувь, хувьдаа багахан мах цагаан торонд хийж, барьсан харагдана.

Эх сурвалж: "ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ" СОНИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж