“Уруулын будаг” хамтлагийнхан 20 жилийн дараа эргэн нэгдлээ

Хуучирсан мэдээ: 2019.10.16-нд нийтлэгдсэн

“Уруулын будаг” хамтлагийнхан 20 жилийн дараа эргэн нэгдлээ

“Уруулын будаг” хамтлагийнхан 20 жилийн дараа эргэн нэгдлээ

“Хонгор намрын салхин дор", “Зуны дурлал”, “Хүрээ хүүхнүүд” зэрэг дуугаараа сонсогчдыг байлдан дагуулж байсан охидын хамтлаг бол “Уруулын будаг”. Тэд 1990-ээд оны сүүлчээр Монголын рок, поп амьд хөгжмийн охидын хамтлаг гэдгээрээ цахиур хагалан гарч ирсэн түүхтэй. “Уруулын будаг” хамтлагийнхан 20 жилийн дараа эргэн нэгдэх гэнэ.

Энэ талаар Урлагийн гавьяат зүтгэлтэн, продюсер Б.Долгион өөрийн фэйсбүүк хуудаснаа нийтлэхдээ “Уруулын будаг” хамтлагийнхан цугларч, миний арваннэгдүгээр сарын 9,10-нд болох “Учралын блюз” тоглолтод оролцох болсонд би их баяртай байна. Энэ бол надад гоё гэнэтийн бэлэг аж. Одоогоос 20 жилийн өмнө Ш.Гүрбазар таван охин дагуулаад ороод ирж билээ. “Lipstick” гээд л охид цоглог дуугарч байна. Би тэгэхээр нь англиар хэрэггүй дээ. Эмэгтэй хүний жирийн нэг хэрэглээний зүйл мэт тусгагдана. Харин монголоор “Уруулын будаг” гэвэл манайханд хамтлагийн нэрийн хувьд хачин содон сонсогдож, анхаарлыг нь татна гэж тэр хамтлаг маань бий болсон түүхтэй” гэжээ.

Хамтлаг тарснаас хойш тэд хувийн амьдралдаа анхаарч, зам замаа хөөсөн юм. Өдгөө Ганаа Францад, Дээгий Солонгост амьдарч буй. Харин Энжи “Шинэ Монгол” сургуульд багшилж, Гэгээнээ АНУ-д сургууль төгсөж ирээд эх орондоо ажиллаж амьдарч байгаа бол хамтлагийн ахлагч Г.Ичинхорлоо Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яаманд соёл, урлагийн маркетингийн чиглэлээр ажиллаж, Ану, Аида хэмээх хоёр охины ээж болсон гэнэ.

“Уруулын будаг” хамтлаг 1999 онд байгуулагдаж, Монголын рок попын ертөнцөд хүч түрэн орж ирсэн. Угийн шаргуу, хор шартай, хөдөлмөрч чанараараа нэгдсэн охид нэг жилд “Хүрээ хүүхнүүд”, “Уруулын будагтай хацар” хэмээх бие даасан хоёр тоглолт хийсэн байдаг. Энэ хоёр тоглолтоо амьд хөгжимтэй тоглосон юм. Дараагийн “Бидний нэг өдөр тоглолт”-доо тухайн үеийн Солонгосын алдарт бүжгийн “Hips boys” хамтлагийг урьж хамтран тоглосон байдаг.

Хамтлаг таван жил уран бүтээл туурвихдаа таван бие даасан тоглолтоо хийж “Хүрээ хүүхнүүд”, “Lipstick”, “Хэлж амжаагүй хайр” гээд гурван цомог гаргажээ. “Хүрээ хүүхнүүд” , “Зуны дурлал”, “Чамгүйгээр” зэрэг уран бүтээлээрээ нэрийн хуудас хийж, 1970,1980-аад оны дуунууд болох “Сарнай цэцэг”, “Дуунд дуртай болов оо” зэрэг сайхан дууг өөрсдийн стильд оруулан үзэгчдэд хүргэсэн. Мөн тэд “Цэнхэр дэлгэц” телевизийн хөгжмийн цуврал нэвтрүүлэгт нэрээ мөнхөлсөн хамтлаг билээ.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХахаХаха
7
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж