ЭЗБХ: Гэр хорооллын иргэд хамтарч СӨХ байгуулна

Хуучирсан мэдээ: 2019.10.16-нд нийтлэгдсэн

ЭЗБХ: Гэр хорооллын иргэд хамтарч СӨХ байгуулна

ЭЗБХ: Гэр хорооллын иргэд хамтарч СӨХ байгуулна

УИХ-ын гишүүн С.Эрдэнийн өргөн барьсан Орон сууц, гэр хорооллын дундын өмчлөлийн эд хөрөнгө болон сууц өмчлөгчдийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл-ийг өнөөдөр /2019.10.16/ Эдийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцлээ.

“Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойшхи 16 жилийн хугацаанд үүргээ тодорхой хэмжээгээр гүйцэтгэсээр ирсэн боловч хуулийн зохицуулалтыг бүхэлд нь шинэчлэх шаардлага байсаар байна.

Хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний үндсэн эрх болох эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх нь баталгаажих, холбооны зохион байгуулалт, бүтэц, бүрэлдэхүүний тогтолцоо, эрх хэмжээг хуулийн хүрээнд зохицуулах, зорилт, үйл ажиллагааны үндсэн чиглэл нь тодорхой болох, төрийн ба төрийн бус байгууллага, сууц өмчлөгч, нийтийн үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн байгууллага хоорондын харилцааг зохицуулах, орон сууц дахь нийтийн өмчлөлийн эд хөрөнгийн өмчлөл, эзэмшил, ашиглалт, хамгаалалт, бүртгэл, засвартай холбоотой харилцааг шинэчлэн зохицуулах ач холбогдолтой” гэж хууль санаачлагч үзжээ.

Тус хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асуусан юм.

УИХ-ЫН ГИШҮҮН Д.ЭРДЭНЭБАТ:

-Хуулийн төслийг дэмжиж байна. Орон сууц, гэр хорооллын дундын өмчлөлийн асуудлыг харьяалал, хяналттай болгож цаашид зөв голдрилд руу нь  оруулах шаардлагатай. Өнөөдөр СӨХ нь иргэдээсээ татвар авах зориулалтай мэт харагддаг.  Түүний биш бүртгэл судалгаа огт байдаггүй. Энэ хуулийн төсөлтэй холбоотойгоор иргэний болон үл хөдлөх хөрөнгийн бүртгэл нь давхар явах ёстой. Гэтэл хуулийн төсөлд Бүртгэлийн тухай хуультай уялдуулсан нэг ч заалт алга. Тухайлбал, нутаг дэвсгэр дээр нь үйл ажиллагаа явуулж байгаа албан байгууллагуудтай СӨХ нь яаж ажиллах эрхзүйн зохицуулалт нь байна уу. Миний харж байгаагаар СӨХ оршин суугчдаасаа мөнгө л аваад байдаг болохоос ААН-үүдтэй нь холбоогүй ажилладаг. Энэ хуулийн төсөл Бүртгэлийн тухай хуультай уялдах ёстой шүү.

Хуулийг санаачилсан УИХ-ЫН ГИШҮҮН С.ЭРДЭНЭ:

-Хуулийг боловсруулах явцад бүртгэл судалгаатай холбоотой асуудалд анхаарсан. Бусад гаднын улс орнуудын ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудаас судалж үзсэн. Манай улсад нэгдсэн бүртгэлийн төвлөрсөн УБЕГ гэж бий. Тиймээс энэ чиг үүргийн байгууллагатай давхацсан чиглэлийг төсөлд оруулах шаардлагагүй гэж үзээд бүртгэлтэй холбоотой асуудлыг хуулийн төсөлд тусгаагүй. Дотоод бүртгэл судалгаа бол гарна. Жишээ нь нийт СӨХ-үүдийн харьяалагддаг байр, хамарч байгаа газар нутгийн хэмжээ энэ бүхэнд орно.

УИХ-ЫН ГИШҮҮН Д.ТЭРБИШДАГВА:

-Гэр хорооллын дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх, эзэмших, ашиглахтай холбоотой хуулийн төслөөр үүрэг, хариуцлагыг яаж сайжруулах вэ. СӨХ-ны гишүүн бус хүн дураараа орчхож болох уу. Бид хүндээ чиглэсэн бодлого явуулж чадахгүй байна. Ипотекийн болон бусад зээлүүдийг захын хорооллынхонд дэмжлэг үзүүлмээр байна. Жорлон төсөл гэхээр зөвхөн хөрсөө боддог. Гэр хорооллын хувийн орон сууцыг дэмжих төсөлд шинэ технологиуд хүртэл гарчихсан байна. Гэр хороололд цаашдаа хөгжих өргөн нөөц бололцоотой. Гэр хорооллын дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх, эзэмших тухайн иргэд ипотекийн зээлд хамтраад барьцаа хөрөнгөө тавих боломж бий юу.

Хуулийг санаачилсан УИХ-ЫН ГИШҮҮН С.ЭРДЭНЭ:

-СӨХ-г анх байгуулахдаа хязгаарлагдмал орчинд үйл ажиллагаа явуулдаг байдлаар хийсэн юм билээ. Эхлээд бид “сууц” гэдэг ойлголтоо зөв тодорхойлох ёстой.  Манайхан өнөөдөр улсын хөрөнгөөр барьсан бол орон сууц гэдэг атлаа тухайн айл өөрийнхөө хөрөнгөөр барьсан нэг давхар байрыг сууц гэж үздэггүй. Заавал төвийн шугамд холбогдсон биш орчин үеийн технологийг ашиглаж ус, дулаан, бохироо шийдсэн сууцын шаардлага стандарт хангах юм бол сууц гэж үзэж болно гэж хуулийн төслийн  томьёололд оруулсан. Амины орон сууц бүхий байшин, гэр, гудамжийг тухайн өмчлөгчдийн хүсэлтээр байршил талбайн хэмжээг харгалзан гурваас дөрвөн гудамжийг хамруулсан байдлаар сууц өмчлөгчдийн холбоог байгуулж болно гэж төсөлд тусгасан.

УИХ-ГИШҮҮН Б.БАТТӨМӨР:

Өнөөдөр гэр хороололд СӨХ гэж байхгүй. Гэр хорооллын иргэд хороо, баг дээрээ бүртгэлтэй. Тэгвэл энэ хуулиар гэр хорооллын иргэд хамтарч СӨХ байгуулах эрх зүйн орчин үүсч байна. Дөрвөөс таван хашааны өрхүүд ч нийлээд СӨХ байгуулах боломжтой. Цаашлаад гэр хорооллын дахин төлөвлөлт хөтөлбөрийг хэрэгжүүлж болно. Өнөөдөр нэг айл хашаагаа зарж байснаас нийлээд хоёр гурваараа хашаагаа зарвал тэнд нь орон сууц барих боломж бүрдэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж