НЭМЭЛТ:
Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн дөнгөж сая Монгол Улс хийсэн ажлаараа ФАТФ-ын саарал жагсаалтад орохооргүй байгаа гэж мэдээлэл хийлээ.
Тухайлбал, энэ оны наймдугаар сард Монгол Улс ФАТФ-аас өгсөн 40 зөвлөмжөөс 35 үзүүлэлтийг хангасан байна. Мөн есдүгээр сард Банкокт болсон хурлын үеэр Монгол Улс 11 үзүүлэлтээс долоог нь хангажээ. ФАТФ-ын үнэлгээний эхний аргачлалаар 40 үзүүлэлтээс 20-ыг хангаагүй бол, мөн хоёр дахь аргачлалаар 11-ээс 9-ийг нь хангаагүй бол саарал жагсаалтад оруулдаг байна. Харин Монгол Улс саарал жагсаалтад орохооргүйгээр үзүүлэлтүүдээ хангажээ.
Тэрбээр “Францын нийслэл Парис хотод болж буй ФАТФ-ын жилийн хурлын албан ёсны шийдвэр хараахан гараагүй байна. Тус хурлаас Монгол Улс саарал жагсаалтад дахин багтах, эсэхийг шийдэх юм. Шийдвэр ирэх баасан гаригт /2019.10.18/-нд гарна.
Монгол Улс эрсдэлтэй хэсэгт байгаа ч гэсэн өнгөрсөн хоёр жилийн хугацаанд саарал жагсаалтад орохооргүй ажлаа хийсэн. Үнэлгээнүүд хийгээд дөрвөн үзүүлэлтийг заавал хийх ёстой гэж зөвлөмж өгсөн.
Тухайлбал, дөрвөн зөвлөмжийн нэг нь хяналт шалгалттай холбоотой. Санхүүгийн бус бизнесийн мэргэжлийн үнэлгээ хийдэг этгээдүүдэд эрсдэлийн үнэлгээ хийх.
Үл хөдлөх хөрөнгийн зуучлал, үнэт эдлэлийн арилжаа эрхлэгчид гэх мэт орно.
Эдгээр байгууллагууд Монголбанкны Санхүүгийн мэдээллийн хяналтын албанд мэдээлэл өгөх үүрэгтэй.
Арилжааны банкаар 20 сая төгрөгөөс дээш гүйлгээ сэжигтэй байвал мэдээлдэг хуультай. Гэтэл үл хөдлөх хөрөнгийн зуучлал зэрэг этгээдүүдээс мэдээлэл ирж байгаагүй. Санаатай мэдээлэхгүй байна уу, санамсаргүй мэдээлэхгүй байна уу үүнийг эрсдэлийн үнэлгээ хийх ёстой гэж байгаа юм.
Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн төслийг УИХ баталснаар хяналтгүй байсан байгууллагууд хяналттай болсон.
Хууль бусаар олсон орлогыг хууль ёсны болгож байгаа процессыг мөнгө угаах гэдэг. Хуулийн хэрэгжилт яригдаж байгаа.
Хил гаалиар их хэмжээний валют мэдүүлэггүй авч орж ирэх гэдэг асуудал гарах болсон. Мэдээлэл нь байдаг хэрнээ яаж шийдэж байна вэ гэдэг тодорхойгүй.
Энэ мэтчлэн зүйл дээр эрчимтэй хяналт тавигдаж, хуулийн хэрэгжилтийн биелэлт шаардаж байна" гэсэн юм.
Түүнчлэн арилжааны банкууд өөрийн хөрөнгөө нэмсэн. Тэрхүү нэмэлт эх үүсвэрийг чухам хаанаас хэрхэн хангасан талаарх шалгалтыг Олон улсын валютын сан /ОУВС/-гаас явуулж, энэ асуудалтай холбогдуулан Төв банкнаас хуулийн дүгнэлт тайлбар гаргаж өгөхийг хүсчээ. Энэ нь манай улсад хэрэгжүүлж буй ОУВС-ийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд хийж буй ажил юм. Түүнээс ФАТФ болон мөнгө угаах, терроризмтой тэмцэх ажиллагаатай ямар ч холбоогүй гэж онцоллоо.
Г.ХОРОЛ
Монгол Улс саарал жагсаалтад орсон уу?
Францын нийслэл Парис хотноо аравдугаар сарын 13-ны ням гаригаас эхлэн дэлхийн 205 улсын болон ОУВС, НҮБ, Дэлхийн банк, бусад байгууллагуудын төлөөлөгчид Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллагын (ФАТФ) ээлжит хуралд оролцож байна.
Зургаан өдрийн турш үргэлжлэх уг хурлаар гэмт хэрэг, терроризмтой холбоотой санхүүгийн урсгалыг таслан зогсоох, дэлхийн аюулгүй байдал, аюулгүй байдалд хувь нэмэр оруулах арга замын талаар хэлэлцэж буй юм.
Мөн тус хурлаар Монгол Улсыг “саарал жагсаалт”-д оруулах эсэх асуудлыг хэлэлцэж буй бөгөөд эцсийн шийдвэр ирэх Баасан гариг /2019.10.18/-т гарах талаар Монголбанкнаас мэдээлэв.
Монгол Улс ФАТФ-аас өгсөн 20 зөвлөмжөөс 16 үнэлгээг нь ахиулсан бол шууд хэрэгжилтийн үнэлгээний 11 үзүүлэлтээс 4-т нь хангалтгүй үнэлэгдэж, энэ сар хүртэл дахин сайжруулах үүргийг хүлээсэн билээ.
Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Ё.Отгонбаяр твиттер хуудастаа "Нөхцөл байдал хүнд байна. Ер нь бүтэхгүй талдаа л байх шиг байна. Хариуцлагагүйн зуд л гэхээс" хэмээн жиргэсэн билээ.
Эх сурвалж “ФАТФ Монгол Улсыг “саарал жагсаалт”-д оруулсан” гэж мэдээлж байгаа ч албан ёсны мэдээлэл хараахан гараагүй байна.
Хэрвээ Монгол Улс “Саарал жагсаалт”-д орвол:
Олон улсын байгууллагууд манай улстай хамтран ажиллахаас татгалзах;
Гадаадын харилцагч банкууд харилцаагаа таслах;
Гадаадын хөрөнгө оруулалт багасаж, гадаад худалдааны хэмжээ буурах;
Иргэд гадаадад картаар гүйлгээ хийх боломжгүй болж, гадаад гүйлгээний шилжүүлэг хийхэд хүндрэл үүсэх;
Улмаар улс орны эдийн засаг агших, ард түмний амьдрал доройтох зэрэг эрсдэл үүсэх билээ.
Энэ талаар УИХ-ын гишүүдийн байр суурийг хүргэж байна.
УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЖАВХЛАН:
– ФАТФ бол дэлхийн 36 гишүүн улстай. Манай улс гишүүнчлэлтэй улс биш. Монгол Улсын асуудал бол өмнө нь яригдаж байсан. Есдүгээр сард Тайланд улсад зохион байгуулагдсан Азийн бүсийн орнуудын хурлаар Монгол Улсыг саарал жагсаалтад оруулахаар захирлуудын зөвлөлдөө уламжлахаар тогтсон. Тэгэхээр энэ удаагийн ФАТФ-ийн хурлаар баталгаажуулна. Энэ байгууллага өөрөө дэлхий нийтээр мөнгө угаах, терроризмын эсрэг ийм арга, техникээр тэмцье гэдгээ илэрхийлдэг байгууллага. Монгол Улсын 2014 оноос хойш хийгдэхээр төлөвлөсөн ажил нь хийгдсэн эсэх зэрэг хяналт тавигддаг. Харин 2017 онд дөрвөн асуудал нэмэгдсэн бөгөөд эдгээр асуудлаа тодорхой хугацаанд өөрчилж, сайжруулах үүрэг чиглэл өгдөг. Саарал жагсаалтад орсноор эдийн засаг хүндэрнэ, бүх асуудал зогсоно гэж ойлгож болохгүй.
2011-2014 оны хооронд саарал жагсаалтад орж байсан. Өмнө нь бид орж байсан, даваад гарч байсан. Харин нь ч бид эдийн засгийн орчны хууль эрх зүйгээ сайжруулсан.
ФАТФ дээр гол анхаарал татаж байгаа зүйл нь эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулиар ДНБ-ээс давсан мөнгө байгаа, 2007 оноос хойш хууль эрх зүйн хүрээнд ямар арга хэмжээ авсан эсэх нь хангалтгүй, банкнаас гадна хяналтгүй мөнгөн урсгал багагүй хэмжээгээр байгааг цэгцэлж, хянах зэрэг шаардлагууд тавигдсан. Тиймээс энэ асуудлуудыг богино хугацаанд, эдийн засагт шок авахгүйгээр зохион байгуулах ёстой.
УИХ-ЫН ГИШҮҮН С.ЭРДЭНЭ:
– Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх олон улсын байгууллага болон ФАТФ аливаа улс орнуудад байгаа мөнгө угаах, терроризмтэй тэмцэхэд оролцож байгаа эсэхийг шалгаж, тогтоодог. Манай улсад удаа дараа шаардлага хүргүүлсэн ч тодорхой арга хэмжээ авч чадаагүй учраас ийм байдал үүсч байна. Сая арилжааны банкуудын активыг нэмэгдүүлэхийг ОУВС-аас өгсөн. Гэтэл активын нэмэгдлийн зарим эх үүсвэр тодорхойгүй байгаа юм билээ. Мөн терроризм, хар тамхитай тэмцэх зөвлөлийг Хууль зүй, Дотоод хэргийн сайд Ц.Нямдорж ахалдаг. Гэтэл Хууль зүй, Дотоод хэргийн сайд бодит ажил хийж чадаагүй, арга хэмжээ аваагүй. Төрийн хариуцлагагүй, сахилгагүй, хайнга ханддаг, төрийн бодлого чадамж сул байгаагийн илрэл гэж үзэж байна.
Дөнгөж сая миний авсан мэдээллээр ФАТФ-аас Монгол Улсын “саарал жагсаалт”-д оруулсан гэсэн мэдээлэл ирсэн. Энэ дагуу холбогдох байгууллагаас зөвлөмж ирнэ, түүний дагуу арга хэмжээ авна.
Энэ бол сөрөг мэдээ. Тиймээс яавал хурдан энэ эрсдэлээс хурдан гарах, шаардлагатай арга хэмжээ авах байх. Энэ жагсаалтад орсноор аж ахуй нэгж, иргэдийн гадаад мөнгөн гүйлгээ хяналтад орно, гадаадын хөрөнгө оруулалтууд багасах эрсдэлтэй.
УИХ-ЫН ГИШҮҮН Д.ДАМБА-ОЧИР:
– Өнгөрсөн жил гаруйн хугацаанд банк бус санхүүгийн байгууллага, хоршоодыг цэгцлэх ажлыг хийсэн. Саарал жагсаалтад ороход 2015 онд батлагдсан Өршөөлийн хууль, авлигатай холбоотой асуудал шүүх дээр буцсан зэрэг асуудлууд нь гол нөлөө үзүүлсэн. Саарал жагсаалтад орсон тохиолдолд хөрөнгө оруулалт хүндэрнэ. Энэ жил хөрөнгө оруулалт буурсан үзүүлэлттэй байсан тэгэхээр ер нь хүнд байдалд л орно. Монгол Улс саарал жагсаалтаас илүү хар жагсаалтад орсон түүх ч байдаг юм билээ. Макро эдийн засгийн зарим үзүүлэлтүүд сайжирч байгаа. Тиймээс богино хугацаанд хадгалж үлдэх нь чухал.
Д.ЭРДЭНЭТУЯА, Ш. ОЮУНЧИМЭГ
Холбоотой мэдээ