Европын Зөвлөлийн Венецийн комиссын 120 дахь удаагийн өргөтгөсөн чуулган 2019 оны 10 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд Италийн Венец хотноо боллоо. Чуулганд Европын Зөвлөлийн Венецийн комиссын гишүүн 60 орчим улсын Үндсэн хуулийн шүүхийн дарга, шүүгчид, хууль зүйн асуудал хариуцсан сайд нар төлөөлөгчөөр оролцов.
Уг чуулганд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр хүндэт зочноор уригдан оролцлоо.
Чуулганд оролцогсод олон улсын Үндсэн хуулийн шүүх эрх мэдэл, Үндсэн хуулийн хяналт, Үндсэн хуулийн шүүх ба парламент хоорондын харилцаа зэрэг тулгамдсан асуудал болон Үндсэн хуулийн хяналтын байгууллагуудын олон талт харилцаа, хамтын ажиллагаа зэрэг сэдвийн хүрээнд санал, туршлага солилцож, ажил хэрэгч хэлэлцүүлэг өрнүүлсэн байна.
Чуулганы хуралдааны үеэр Венецийн комиссын гишүүд, зарим улсын төлөөлөгчид “Үндсэн хуулийн шүүх ба парламент хоорондын харилцаа” сэдвээр тусгайлан хэлэлцүүлэг хийсэн бөгөөд үндсэн илтгэлийг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр тавьж хэлэлцүүллээ.
Венецийн комиссын өргөтгөсөн чуулган дээр тус комиссын гишүүд Монгол Улсын Үндсэн хуулийн маргаан хянан шийдвэрлэх үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтын давуу талуудыг онцлон тэмдэглэхийн сацуу Монгол Улсын Үндсэн хуулийн цэцээс явуулж байгаа олон улсын идэвхтэй хамтын ажиллагааг дэмжин ажиллахаа илэрхийлсэн байна гэж Цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
Холбоотой мэдээ