Улаанбаатар хотын өөдтэй өнгөтэй, үнэ хүрч болох газрууд хууль зөрчигдөн бусдын эзэмшилд шилжсэнээс гишгэх газаргүй болтол шахам барилгажсан газар олон бий.
Өөрөөр хэлбэл, газрын дээрмээс болж, явган хүний зам хумигдаж, салхилж суух ногоон цэцэрлэггүй болсноос эхлээд сургуулиуд гурав, дөрвөн ээлжээр хичээллэх болтлоо асуудал хүндэрсэн. Нийслэлчүүдийн “шүдний өвчин” болоод удсан энэ асуудлыг хотын захиргаа цэгцэлж эхэлснээр газар нийтийн эзэмшилд шилжиж ирсээр байна.
Жишээ татвал, Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан өчигдөр /2019.10.15/ захирамж гаргаж, Авлигатай тэмцэх газар /АТГ/-ын эзэмшилд байсан 0.23 га талбайн эрхийг цуцалж, ногоон байгууламж болгон тохижуулах шийдвэр гаргажээ.
Баянгол дүүргийн IV хорооны нутаг, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн хойно байрлах тус газрыг 2012 онд АТГ орон сууц барих зориулалтаар таван жилийн хугацаатай эзэмшсэн байжээ. Хугацаа нь дуусах үед буюу 2018 онд Нийслэлийн Засаг дарга асан С.Батболд газар эзэмших эрхийг нь 15 жилээр сунгасан байсан аж. Харин одоо эзэмшлийн эрх нь цуцлагдсанаар дээрх газар нь “Улаанбаатар төмөр зам” -ын эзэмшилд ирж, ногоон байгууламж хэлбэрээр тохижуулан, цэцэрлэгжүүлэх үүрэг хүлээж байна. Баянгол дүүрэг нь нийтийн эзэмшлийн талбай багатай, тэр дундаа олон нийтэд зориулсан цэцэрлэг цөөн тул нийтийн эрх ашигт нийцсэн шийдвэр болж буй ажээ.
Нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээгээрээ Улаанбаатар дэлхийн хотуудаас сүүл мушгидаг байна. Дэлхийн жишгээр нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 16-20 ам метр байдаг бол Монголд 3.2 буюу нэг иргэнд зургаа дахин бага талбай ногддог. Цаашид нийтийн эзэмшлийн зам, талбайгаас танаж, хууль зөрчин олгосон газрын эрхийг цуцлах шийдвэр зогсолтгүй үргэлжлэх нь. Энэ чиглэлээр сургууль, цэцэрлэг, эмнэлгийн газруудын судалгаа ч гарган ажиллаж буй юм байна.
Хүн амын өсөлтийг даган сургууль, цэцэрлэг шинээр барих шаардлага үүсч байгаа ч өмнө нь биеийн тамирын талбай байсан газар нь өөр нэг иргэн, аж ахуй нэгжийн эзэмшилд очсон байхаас эхлээд маргаан өрнөх болсон. Арга ядаад эцэг, эхчүүд жагсаж, газрыг сургууль, цэцэрлэгт үлдээх шаардлага тавьж буй жишээ ч бишгүй. Ийм байдалд хүрэхэд сургууль, цэцэрлэгийг удирдаж байсан захирал, эрхлэгч нарын урагшгүй нь нөлөөлсөн байхын зэрэгцээ хууль зөрчин олгогдсон зарим газарт хэдэн тэрбум төгрөг зарцуулан барилга барьсан байдаг нь барилгыг нураах уу, эсвэл барилга нь ашиглалтын шаардлага хангахгүй болох хүртэлх хугацааг хүлээх үү гэдгээс эхлээд хүчин мөхөстөх асуудал ч гарч буй юм.
Одоогийн байдлаар хотын захирагчийн захирамжаар нийслэлийн А бүсээс Сүхбаатарын талбайн урд хэсэг, “Улаанбаатар” зочид буудлын өмнөх талбай, Асашёорюүгийн цэцэрлэгт хүрээлэн нийтийн эзэмшилд ирээд байна. Гэхдээ энэ бол зөвхөн нэг хэсэг. Нийслэлийн хэмжээнд 198 байршилд газар чөлөөлөх ажил хийхээр тусгагдсан юм.
Уг 198 байршлын газарт Баянгол дүүрэгт 39, Баянзүрх дүүрэгт 41, Сүхбаатар дүүрэгт 26, Сонгинохайрхан дүүрэгт 41, Хан-Уул дүүрэгт 24, Чингэлтэй дүүрэгт 27 байршил багтсан. Өнгөрсөн наймдугаар сарын мэдээллээр нийт 52 байршилд газар чөлөөлжээ. Үр дүнд нь хорооллын дундах авто замын 26 байршилд орц гарц нээгдэж, нийтийн эзэмшлийн 12 байршилд 2890м.кв талбай нэмэгдэж, явган хүний зам хаагдсан 45 байршилд 3883 м.кв талбай чөлөөлөгдөн тохижилтын ажил хийгдсэн байдаг.
Хотын дарга аа, цуцлаад байгаарай…, Нийтийн эрх ашиг нэг хэсэг хүнийхээс доогуурт тавигдах ёсгүй.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ