Гадаадын хөрөнгө оруулалт 10 орчим хувиар буурсан

Хуучирсан мэдээ: 2019.10.16-нд нийтлэгдсэн

Гадаадын хөрөнгө оруулалт 10 орчим хувиар буурсан

Гадаадын хөрөнгө оруулалт 10 орчим хувиар буурсан

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдөр /2019.10.16/-ийн хуралдаанаар Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Төслийн танилцуулгыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар танилцууллаа. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд саналаа хэллээ. Тухайлбал,

УИХ-ЫН ГИШҮҮН Д.ДАМБА-ОЧИР:

-Энэ хуулийг нь би өөрөө санаачилж, баталж байсан. Гэвч өнгөрсөн хугацаанд хэрэгжилт хангалтгүй байсан. Энэ хуулийг оруулж ирэхдээ томоохон үйлдвэрүүдээ дагаж, дотооддоо үйлдвэрлэх, Аж үйлдвэрийн парк байгуулах ёстой гэж бодож байгаа юм. Хуульд өөрчлөлт оруулж байгааг дэмжиж байна. Гэхдээ хангалтгүй, сонгодог утгаараа ажиллаж байгаа газар алга байна. Дархан-Уул, Багануур, Налайх, Эрдэнэт зэрэг газар байгаа, бүх татвараас нь чөлөөлж байгаа ч үр ашиггүй байна. Жишээлбэл, Эрдэнэтэд Аж үйлдвэрийн парк байдаг. Энэ парк ажиллаж, үр өгөөжөө өгсөн зүйл алга. Мөн гадаадын хөрөнгө оруулалтын нөхцөл байдал буурсан эсвэл нэмэгдэж байна уу. Оюунтолгойн гүний уурхайн хөрөнгө оруулалтаас гадна хөрөнгө оруулалтууд байна уу.

АЖЛЫН ХЭСЭГ:

-2015 онд төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлагдсаны дараа бие даасан хөтөлбөрүүд батлагдахгүй явсаар ирсэн. Сая Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас Хүнд үйлдвэрийн үндэсний хөгжлийн хөтөлбөр батлагдсан. Өмнө нь хөдлөхгүй байгаа паркуудыг хөдөлгөх боломж бүрдсэн. Үүний тулд өнөөдрийн энэ нэмэлт, өөрчлөлт түлхэц болно. Эрдэнэтийн паркийн үйл ажиллагаатай танилцсан, өнөөдрийн байдлаар хөдлөх бүх концепц нь бэлэн болсон байгаа. Хамгийн түрүүнд хөдөлгөх, эргэлтэд оруулах нөхцөл нь бүрдсэн байгаа.

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙД Д.СУМЪЯАБАЗАР:

-Төрийн өмчит улсын үйлдвэрүүдийг түшиглэн Үйлдвэр технологийн паркийг хөгжүүлэх нь зөв зохицуулалт. Гадаадын хөрөнгө оруулалт татах чиглэлээр уулзалтууд хийгээд л яваад байна. Өнөөгийн үүсээд байгаа нөхцөл байдал, ялангуяа популизм хэт эдийн засгийг туйлдуулж байгаа байдал гаднын хөрөнгө оруулагчдад таатай бус байгаа. Ер нь бол уул уурхайг дагасан бүх форум дээр Засгийн газрын тогтвортой байдал, УИХ дээр хэлэлцэж байгаа асуудлаа маш тодорхой байдлаар тайлбарлаад явж байна. Гадаадын хөрөнгө оруулалт харьцангуй нэмэгдсэн.

АЖЛЫН ХЭСЭГ:

-Уул уурхайн салбарт 1,3 тэрбум орчим ам.доллар орж ирсэн бөгөөд 70 орчим хувь нь Оюутолгойн хөрөнгө оруулалт байсан. Энэ жил гадаадын хөрөнгө оруулалт 10 орчим хувиар буурсан.

УИХ-ЫН ГИШҮҮН Я.СОДБААТАР:

-Аж үйлдвэрийн парк, чөлөөт бүс гэж би олон жил ярьж байгаа ч үр дүнгүй байсаар байна. 2003 онд Үйлдвэр технологийн парк байгуулах үндсэн чиглэл батлагдсан. Энэ чиглэлд хэд хэдэн чиглэлээр 10 байршилд парк байгуулах шийдвэр гаргасан. Одоо эндээс хэд нь байгуулагдаж, үйл ажиллагаа нь жигдэрсэн зүйл байна уу.

АЖЛЫН ХЭСЭГ:

-Үйлдвэр технологийн үзэл баримтлал 2003 онд батлагдаж, 2009 онд хууль нь батлагдсан. 2016 оноос хойш хөнгөн, хүнд үйлдвэр гэж хоёр салсан. Гэхдээ Засгийн газрын хуульдаа зөрчилдөөнтэй байсан. Одоо бид зөрчил, давхцалыг нэг мөр болгохын тулд өөрчлөлт оруулж ирж байна. Одоогоор хүнд үйлдвэрийн чиглэлээр таван паркийг шинэчлэхээр төлөвлөн ажиллаж байна. Нийт таван паркийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгосон. Одоогоор бүгд ТЭЗҮ хийгдсэн, дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлаа хийж байна. Дэд бүтцийн асуудал дээр бага зэрэг саатаж байгаа зүйл бий.

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.БАТ-ЭРДЭНЭ:

-Энэ хуулийн төсөл маш чухал хууль. Энэ хууль батлагдвал хөгжлийн нэг том бодлого болно. Ямар ч үйлдвэрлэл зах зээлтэйгээ холбоотой. Бид одоо байгаа хүнд үйлдвэрлэлүүддээ түшиглэсэн үйлдвэрлэлүүдийг тодорхой болгох шаардлагатай байна. Мөн гадаад, дотоод зах зээлээ тодорхойлж, төрийн дэмжлэг хэрэгтэй байна. Татвар, гааль, хөрөнгө оруулалтын дэмжлэгийг зайлшгүй өгөх ёстой. Төр ямар үүрэгтэй байх, ямар байдлаар дэмжих, хувийн хэвшил аж ахуй нэгжүүдийн оролцоог яаж дэмжих вэ.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр хуулийн төслийг дахин сайжруулж оруулж ирэх үү эсвэл дэмжээд дараагийн хэлэлцүүлэгт бэлтгэх үү гэсэн санал гаргасан. Үүнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Ажлын хэсгээ өргөн бүрэлдэхүүнтэйгээр гаргаж, ажлын хэсэг дээр хэлэлцээд ажлаа урагшлуулах нь зөв байх” гэсэн тайлбарыг өглөө.

Ингээд санал хурааж, байнгын хорооны гишүүдийн олонх хуулийн төслийг дэмжиж, өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж, гишүүдийн хэлж байгаа саналыг тусгах нь зөв гэж үзлээ.

Байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж