Нийслэлийн Ерөнхий боловсролын Нэгдүгээр дунд сургуулийн багш нар, эцэг эхийн төлөөлөл болон Монголын багш нарын Үйлдвэрчний эвлэлийн холбоо хамтран өнөөдөр/2019.10.16/ хэвлэлийн бага хурал зарлаж, сэтгүүлчдэд тус сургууль дээр үүсээд буй нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Тус сургуулийн багш нарын ярьж буйгаар, мэдээлэл өгсөн багш нарыг Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын газар, сургуулийн захиргаа сургуулийн нэр хүндэд халдлаа хэмээн Зөрчлийн хэрэг нээж, ёс зүйн хариуцлага хүлээлгэхээр болжээ. Хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах үүднээс иргэдэд үнэн зөв мэдээлэл хүргэсний төлөө ийм хариуцлага хүлээх болсонд багш нар дургүйцэж, эсэргүүцлээ илэрхийлэхээр шийдсэн байна.
Бага ангийн багш Ч.Чагцал
–Манай сургууль дээр есдүгээр сарын 30, аравдугаар сарын 1-ны өдрүүдэд “Үдийн цай”-нд эрүүл, хаяг шошгогүй, шинжилгээний бичиггүй жүүс, хатсан боорцог тараасан. Ингэхдээ тамхины хайрцагнаас гаргаж, бохир хувцастай үйлчилгээний ажилчдаар тараалгасан байдаг. Үүнийг бид илчилж, мэдээлэл өгсөн. Энэ бичлэг цахим сүлжээнд тарсны дараа Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагч Ц.Отгонбор энэ асуудалд Зөрчлийн хэрэг нээлээ гэж мэдэгдсэн. Тиймээс бага ангийн багш нар ялангуяа Ч.Чагцал багш та энэ талаар бусдад мэдээлж болохгүй гэж хэлсэн. Үүний дараа надаас мэдээлэл авсан юм. Гэтэл сургуулийн бусад багш нар, эмч, менежер гэх хүмүүсээс ямар нэгэн мэдээлэл аваагүй. Өчигдөр байцаагч Ц.Отгобор манай сургууль дээр ирж багш нарт албан ёсны мэдэгдэл хийсэн.
Ингэхдээ намайг “Та Нэгдүгээр сургуулийн нэр хүндэд халдсан байна. Тиймээс танд багшийн ёс зүйн дүрмийн дагуу хариуцлага тооцож, ёс зүйн зөвлөлөөр хэлэлцүүлэх болно” гэж хэлсэн.
Уг нь бидний ойлгож буйгаар энэ хүнсийг нийлүүлсэн захирал, тараасан эмч, сургалтын менежер нь хариуцлага хүлээх ёстой. Гэтэл өнөөдөр бодит байдлыг мэдээлсэн багш нар хариуцлага хүлээх болчихов оо. Мэргэжлийн хяналтын газар мэдээллийн дагуу хүүхдэд өгсөн хүнсийг шалгаж, шинжлэх ёстой биз дээ. Бид энэ талаар асуухад байцаагч Ц.Отгонбор “Шошгогүй байсан учир Бенедакт компани дээр 6 сая төгрөгийн торгууль тавьсан” гэсэн. Гэтэл торгуулийн актаа үзүүлээгүй. Тэгээд н.Дамбадаржаа гэдэг прокурор таны хэргийг хянаад арга хэмжээ авахаар боллоо гэж танилцуулсан. Өнөө өглөө би Сүхбаатар дүүрэг орж, уг прокурортой уулзахад “Энэ хэрэг хянагдаж дуусаагүй, хяналтын шатанд явж байна” гэсэн хариулт өглөө. Эндээс үзэхэд Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын байцаагч Ц.Отгонбор гэдэг хүн албан тушаалтанд үйлчилж байна.
Бага ангийн багш Ч.Энхнасан
Манай ангийн хүүхдүүд тэр өдөр тараасан боорцог, жүүснээс үдийн цайндаа идсэн. Маргааш нь буюу аравдугаар сарын 2-ны өглөө гурван эцэг, эх утасдаж, хүүхдүүд нь гүйлгэж, бөөлжиж байгаа тухай хэлсэн. Энэ мэдээллийг би сургуулийн эмч, менежер, нийгмийн ажилтанд мэдэгдсэн. Үүнээс хэд хоногийн дараа намайг дүүрэг дээр дуудаж мэдүүлэг авсан. Гэтэл өчигдөр Ц.Отгонбор байцаагч сургууль дээр ирээд намайг үндэслэлгүй яриа өгсөн гэж ёс зүйн арга хэмжээ авахаар болсныг мэдэгдсэн. Би үүнд маш их гомдолтой байна. Би өөрөө үр хүүхэдтэй эцэг хүн. Хүүхэд өвдсөн тухай анги удирдсан багш мэдээлсний төлөө хариуцлага хүлээнэ гэдгийг ойлгохгүй байна.
Нэгдүгээр сургуулийн хувьд “Үдийн цай хөтөлбөр”-т нийтдээ 1650 хүүхэд хамрагддаг. Одоогоор “Сор-Алтай” компани тус сургуульд үдийн цай нийлүүлж байгаа юм. Уг компани Нэгдүгээр сургуультай өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хамтарч ажилласан боловч сурагчдын гомдлын дагуу гэрээ цуцалсан аж. Гэвч “Сор-Алтай” компани уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй учир тус сургуультай шүүх дээр маргаантай байгаа юм. Өнөөдрийн хэвлэлийн хуралд тус компанийн менежер Ц.Мөнхжаргал мэдээлэл хийлээ.
Тэрбээр ярихдаа: Манай компани нийтийн хоолны салбарт 14 жил үйл ажиллагаа явуулж байна. Нэгдүгээр сургуультай хамтраад гурван жил болж байна. Үүссэн нөхцөл байдлын хувьд бид Нийслэлийн Мэргэжлийн хяналтын байцаагч О.Алтантуулыг ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж байгаа юм. Учир нь энэ хүн манайхаас авсан арчдасын шинжилгээний хариу өгөөгүй байж, ээлжийн амралттай байхдаа манай үдийн цай нийлүүлэх гэрээг шууд цуцалсан. Бид энэ дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар гомдол гаргасан. Үүний хариуд “Энэ асуудалд бид дотоод хяналт, мониторингийн хэлтсээс шалгалт хийлээ. Шалгалтаар Улсын ахлах байцаагч О.Алтантуул ээлжийн амралттай байгаа тул гомдлыг шалгаж, тогтоох боломжгүй байна, түр хойшлуулсан болно” гэж мэдэгдсэн. Үүнээс хойш хэрэг Захиргааны шүүхэд шилжсэн. Энэ хугацаанд байцаагч шинжилгээний албан ёсны ямар нэгэн хариу гаргаж өгөөгүй. Тэгж байтал манай гэрээ тавдугаар сарын 31-нд дууссан. Бид Нийслэлийн Өмчийн харилцааны газарт хандахад шүүхийн хариу яаж гарахыг харья гэсэн хариу өгсөн. Шүүхээр асуудал шийдэгдээгүй байхад Нэгдүгээр сургуулийн захирал Д.Цогзолмаа нэг бус удаа тог таслах, хаалганы цоож солих зэрэг увайгүй үйлдэл хийж байсан. Энэ асуудалд бид үнэхээр гомдолтой байна.
О.Алтантуул байцаагч төрийн нэр бариад түрээслэгч аж ахуй нэгж бидэнд шударга бус хандаж байна. Энэ хүнийг бид хуурамч бичиг баримт гаргасан гэж үзэж байна. Хэрвээ байцаагчийг би гүтгэсэн бол өөрийн байр сууриа илэрхийлэх байх.
Энэ асуудалд Монголын багш нарын Үйлдвэрчний эвэлэлийн холбоо мөн байр сууриа илэрхийллээ.
МБНҮЭХ-ны дарга Д.Мөнхбаатар
-Сүүлийн үед Нэгдүгээр сургууль тойрсон асуудал нэлээн анхаарал татаад байна. Энэ хүрээнд Монголын багш нарын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос Нийслэлийн Засаг даргын Боловсрол хариуцсан орлогч н.Анхмаад Нэгдүгээр сургуулийн захирал Д.Цогзолмаад хариуцлага тооцох тухай шаардлага хүргүүлсэн байгаа. Ингээд аравдугаар сарын 3-нд уг асуудлыг ажлын тав хоногт багтаан шалгах ажлын хэсэг байгуулагдсан. Гэтэл ажлын хэсэгт орсон арван хүний тав нь ашиг сонирхлын зөрчилтэй. Тухайлбал, ажлын хэсгийн ахлагч Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга, Нийслэлийн боловсролын хэлтсийн хуулийн мэргэжилтэн, өргөдөл, гомдлын мэргэжилтэн мөн Мэргэжлийн хяналтын хоёр байцаагч гэсэн эдгээр хүмүүс Нэгдүгээр сургуульд хамран сургах тойрог бус атал хүүхдээ оруулсан байдаг.
Нэгдүгээр сургуульд өнөөдөр нэгдүгээр ангид хамран сургах тойргийн 98 хүүхэд, тойргийн бус 130 гаруй хүүхэд сурч байна. Өнгөрсөн жил үүнээс бүр илүү байсан. Тэгэхээр жилийн жилд Нийслэлийн дарга, байцаагч гээд албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулан ашиглаж хүүхэд шахаа байдлаар тус сургуульд оруулдаг нь тодорхой болсон асуудал.
Үүнийг манай холбооны зүгээс Авилгатай тэмцэх газар болон хууль хяналтын байгууллагад өгч шалгуулна. Цаашлаад Нэгдүгээр сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Цогзолмаа нь хүүхдүүдээс мөнгө татсан асуудлыг шалгуулна.
Тухайлбал, энэ намар хүүхдүүдээс төсөл хичээл нэрийн дор аялуулж, нэг хүүхдээс 10 мянган төгрөг авч нийтдээ 14 орчим сая төгрөг хураасан. Энэ мөнгийг багш нарын баяр тэмдэглэж, амралтад амруулахад зарцуулсан байна. Тэгэхээр хүүхдээр бизнес хийдэг хүн удирдлага байж тэнцэхгүй. Боловсрол бол мөнгө олдог, ажлын байрны дарамт үзүүлдэг салбар биш. Үдийн цайнд зохимжгүй бүтээгдэхүүн тараасан байдлыг илчилсний төлөө багш хариуцлага хүлээдэг, харин захирал магтуулдаг энэ байдалтай бид хатуу тэмцэнэ гэдгээ илэрхийлж байна гэсэн юм.
Холбоотой мэдээ