Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Дэлхийн банкны Газар, орон зайн зөвлөх багийн гишүүдийг хүлээн авч уулзлаа. Дэлхийн банкны Газар, орон зайн зөвлөх багийн гишүүд орон зайн мэдээллийн менежментийн нөхцөл байдлын үнэлгээ хийх зорилгоор Монгол Улсад 10 хоногийн айлчлал хийж байгаа юм. Энэ хугацаанд зөвлөлийн гишүүд манай улсын орон зайн өгөгдлийн дэд бүтцийн оролцогч талуудтай уулзаж, орон зайн мэдээлэлтэй холбоотой төсөл хөтөлбөрүүдийг судлах, байрлалд суурилсан орон зайн мэдээллийн менежментийн чадавхыг бэхжүүлэх, Монгол Улсын нийгэм эдийн засагт үзүүлэх үр өгөөжийг судлан тогтоох, өнөөгийн нөхцөл байдалд бодит үнэлэлт дүгнэлт өгөх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ үйл ажиллагаанд зөвлөмж өгөх юм байна.
Уулзалтын үеэр Дэлхийн банкны Газар орон зайн зөвлөлийн багийн ахлах Катерин Келм хэлэхдээ “Бидний зүгээс тэргүүлэх чиглэлээ тодорхойлоод цаашдын төсөл хөтөлбөрүүдийн төлөвлөгөөг 5-7 жилийн хугацаанд хийж хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Иргэн, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа гэсэн үзүүлэлтүүдэд тулгуурлаж нийгэм эдийн засгийн ач холбогдлыг тодорхойлж байна. Тиймээс хотын удирдлагууд та бүхэн хэрэгтэй мэдээллийг өгч хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдэд саналаа өгч хамтарч ажиллахыг хүсч байна“ гэв.
Зөвлөх багийн гишүүд айлчлалын үеэр Газар зохион байгуулалт, геодизи, зураг зүйн газарт ажиллаж орон зайн өгөгдлийн дэд бүтэц, газрын мониторинг болон хот байгуулалтын чиглэлээр авч хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүдийн үр дүнтэй танилцсан байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан газар зохион байгуулалт, хот төлөвлөлт, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах орчинг сайжруулах зорилгоор хотын стандартыг цогц болгох хүрээнд төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх саналтай байгаагаа дуулгасан юм. Тэрбээр “Орон зайн мэдээллийн ач холбогдолтой уялдуулж хийж хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдэд дэд бүтцийг бий болгож хөгжүүлэх, тогтвортой үйл ажиллагаатай байлгах, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх цаг хугацаа тодорхой байх нь чухал. Мөн төлөвлөгөөт төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, иргэн аж ахуйн нэгжүүдэд ач холбогдлыг нь ойлгодог хэрэглэж хэвшихээс гадна энэ чиглэлийн ажлуудыг хэрэгжүүлэх мэргэжлийн хүний нөөцийг бэлтгэх туршлага солилцож ажиллахыг чухалчилж байна” гэлээ.
Уулзалтын төгсгөлд талууд орон зайн мэдээллийн хүрээнд мэдээлэл солилцож хамтарч ажиллах талаар ярилцаад, ирэх долоо хоногт зөвлөлийн багийн гишүүдийн зүгээс нийслэл хотод хийж хэрэгжүүлэх төлөвлөгөөг танилцуулахаар боллоо.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Холбоотой мэдээ