Ч.Хүрэлбаатар: Төрийн 38 төрлийн үйлчилгээг гурван минутад авна

Хуучирсан мэдээ: 2019.10.16-нд нийтлэгдсэн

Ч.Хүрэлбаатар: Төрийн 38 төрлийн үйлчилгээг гурван минутад авна

Ч.Хүрэлбаатар: Төрийн 38 төрлийн үйлчилгээг гурван минутад авна

Засгийн газрын өнөөдөр /2019.10.16/-ийн хуралдаанаар төрийн 38 үйлчилгээ, лавлагаа авахын тулд төлдөг байсан төлбөрийн үйлчилгээг хөнгөвчлөх шийдвэр гаргалаа. Тус шийдвэр нь өнөөдрөөс эхлэн хэрэгжих ажээ. Өөрөөр хэлбэл, иргэд төрөөс үйлчилгээ авахдаа банкинд хураамж төлөх, тодорхойлолт авах зэргээр маш их цаг хугацаа зарцуулдаг байсан. Үүнийг өөрчилж, дүүрэг рүү орохгүйгээр хорооноос шууд авдаг болох юм байна. Иргэд энэхүү үйлчилгээг Е-баримтын төлбөрийн системээ ашиглаж, төлбөрөө гурван минутад төлөөд, хороон дээрээс үйлчилгээгээ авах боломжтой болох юм. Улсын бүртгэлийн ерөнхий газраас иргэд төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх, гадаад паспортын захиалга зэргийг авахын тулд банкинд төлбөр төлж, дахин бүртгэлийн газарт очдог байсан бол Е-баримтын апликэйшнээ ашиглах боломжтой.

Өдөрт дунджаар 1200-1500 иргэн гадаад паспорт захиалдаг бөгөөд 32 мянга 500 төгрөг тушаадаг байсан. Паспорт захиалах 32 мянга 500 төгрөгөө заавал банкинд хэдэн цагаар урт дараалалд зогсч, төлбөрөө төлдөг байсан. Мөн дээр нь банк хоорондын шимтгэл нэмж төлдөг байсан. Тэгвэл одоо банкинд дугаарлахгүйгээр Е-баримтаа ашиглан төлбөрөө төлж, паспортоо захиалах боломж бүрдэх юм.

Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийлээ. Тэрбээр, Иргэдэд учруулдаг хүнд суртлыг бууруулах чиглэлээр чухал шийдвэр гаргалаа. Төрийн байгууллагаас үйлчилгээ, лавлагаа авах, банкинд төлбөр төлөхөд хүндрэлтэй, маш их цаг хугацаа алддаг. Төрийн үйлчилгээ авахын тулд иргэд 500, 1000 төгрөг төлөх шаардлага гарч, маш их цаг алддаг. Эхний ээлжинд төрийн 38 үйлчилгээг хөнгөвчилж байгаа бөгөөд цаашид төрийн бүх үйлчилгээг хөнгөвчлөх чиглэлээр ажиллана. Ерөнхий сайд ч энэ ажлын нэг жилийн дотор төрийн бүх байгууллагыг хамруулж, хүнд суртал үүсгэхгүй, ачаалалгүй болгох албан даалгавар гаргаж, чиглэл өгсөн. Мөн холбогдох дүрэм, журамд өөрчлөлт оруулж, хүнд суртлаа багасгах, иргэдээс авдаг хураамжийн хувь хэмжээг бууруулах чиглэлээр тодорхой үүрэг даалгавар өглөө.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж