Казахстаны Астана хотноо энэ сарын 24-ний өдөр эхэлсэн жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ өнөөдөр багийн тэмцээнээр өндөрлөж байна.
Дэлхийн шилдэг эрэгтэй, эмэгтэй 16 баг дэлхийн аваргын төлөө өрсөлдсөнөөс манай эрэгтэй баг ХҮРЭЛ, эмэгтэй баг V байрт орлоо.
Эрэгтэй баг хүрэл медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд тэмцээнийг зохион байгуулагч орны жүдочтой барилдахаар оноолт таарсан. Энэхүү барилдаанд Монголын баг эхний гурван жинд хожил авч, хүрэл медалийн болзол хангасан юм. Манай эрэгтэй баг дэлхийн аваргын багийн анхны медалиа Астанагийн татамигаас авлаа.
"D" хэсэгт багтсан эрэгтэй баг Куба (5-0), Гүржийг (3-2) хожиж, хагас шигшээд үлдсэн ч БНСУ-ын багийг дийлээгүй. Улмаар хүрэл медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд Казахстаны багийг 4-1-ээр илүүрхэн хожлоо.
Хүрэл медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд -66 кг жинд Д.Төмөрхүлэгийн оронд МУГТ, Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, +90 кг жинд Б.Тэмүүлэнгийн оронд МУГТ, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр нар барилдсан юм.
Казахстан – Монгол 1 -4
-66 кг: Габит Ессимбетов – Х.Цагаанбаатар (Вазари үнэлгээгээр ялсан)
-73 кг: Жансай Смагулов – Г.Одбаяр (4 торгуулиар цэвэр ялсан)
-81 кг: Азиз Калкаманулю – О.Ууганбаатар (боох мэхээр цэвэр ялсан)
-90 кг: Самат Ессэн – Л.Отгонбаатар (даралтаар цэвэр ялсан)
+90 кг: Максим Раков – Н.Түвшинбаяр (вазари, юүко үнэлгээгээр ялсан)
Ч.БОЛОР