Хөдөлмөрийн Үндэсний нам /ХҮН/-аас өнөөдөр /2019.10.16/ Монгол Улсын Ерөнхийлөгчийг огцруулах асуудлаар мэдээлэл хийлээ. Хуралд, тус намын дарга Б.Найдалаа болон намын гишүүд оролцлоо. Тэд, Бид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт болон засаглалын хэлбэрийн асуудлаар байр сууриа тогтмол илэрхийлж ирсэн. Сүүлийн үед Ард нийтийн санал асуулгыг явуулахгүй, төслийг задалж, сонгуулийн холимог тогтолцоог нэмэхийг оролдож байгаа талаар бид байр сууриа илэрхийлнэ гэв.
ХҮН-ЫН ДАРГА Б.НАЙДАЛАА:
-Сонгуулийн тогтолцоо болох холимог буюу мажоритар тогтолцоог Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд тусгахаар ажиллаж байгааг бид эсэргүүцэж байна. Мөн Ерөнхий сайд нь сайд нараа томилдог, чөлөөлдөг, шаардлагатай бол парламентаа тараадаг ийм эрх мэдлийг тусгах. Хэрэв Монгол Улс парламентын тогтолцоотой бол Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог байх заалтыг оруулах хэрэгтэй. Энэ гурван саналыг хууль тогтоох, шийдвэр гаргагчдад, УИХ-д шаардаж, мэдээлэл хүргүүлж байгаа. Мөн бид Монгол Улсын Ерөнхийлөгчийг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн, Үндсэн хуулийн Цэцэд хандсан. Цэц маргаан үүсгэх эсэх шийдвэрийг 14 хоногийн дотор гаргах ёстой ч холбогдох албанаас мэдээлэл авахын тулд хугацааг нь 30 хоногоор сунгасан байгаа юм. Тиймээс бид Ерөнхийлөгчид хариуцлага тооцуулахын тулд шаардлагатай арга хэмжээг авч, Бага хуралд хандах болно.
ХҮН-ЫН ХУУЛЬЧ Д.ҮҮРЦАЙХ:
-Манай намын зүгээс 2019 оны есдүгээр сарын 18-ны өдөр Үндсэн хуулийн Цэцэд өргөсөн тангаргаасаа няцаж, Үндсэн хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр Ерөнхийлөгч Х.Баттулгыг огцруулахаар Үндсэн хуулийн Цэцэд хандсан. Бид хүлээж байна, анхааралтай ажиглажбайна. Үндсэн хуулийн Цэцээс бидэнд өгсөн мэдээллээр Ерөнхийлөгчийн Тамгын газраас тайлбар ирүүлсэн, УИХ-ын Тамгын газраас шаардлагатай мэдээлэл авахын тулд хугацааг сунгаж, 30 хоног болгосон гэдгийг хэлсэн. Цэцийн хэн гэдэг гишүүнд харьяалагдсаныг хэлээгүй. Бид Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг Үндсэн хууль зөрчсөн, тангаргаасаа зөрчсөн эсэхийг тогтоолгохын тулд хууль ёсны дагуу ажиллах болно.
ХҮН-ЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА Т.ДОРЖХАНД:
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг зунжин ярьсан ч үр дүнд хүрсэнгүй. Хуулиа хамгаалж, өөрчлөлт оруулахгүй гэж байсан ч хуулиа задалж, засаглалын хямралын асуудлыг Ерөнхийлөгч гаргаж тавьсан улс төрийн тоглолт цаашид ч үргэлжлэхээр байна. Үндсэн хуулийн Цэц дээр шийдвэр яаж гарахаас үл хамаарч бид Үндсэн хуулийн эсрэг чиглэсэн хэний ч эсрэг тэмцэнэ. Хэрэв Үндсэн хуулийн Цэц маргаан үүсгэхгүй бол бид Цэцийн асуудлыг ч хөндөх болно. Мөн сүүлийн үед популизм бүр хүчээ авч байна. МАХН гэхэд ард иргэдэд үнэгүй байр өгнө хэмээн шоу хийж эхэллээ. Энэ популизм Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд ч нөлөөлөөд эхэлсэн байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд газрын баялаг ард түмний өмч байна гэдэг саналыг оруулсан. Гадаад, дотоодын хөрөнгө оруулалт зогссон, ард иргэдийн орлого буурч байна. Энэ нь өөрөө саарал жагсаалтад орох эрсдэл үүсгээд байна. Дэлхийн эдийн засаг унаж, АНУ-Хятадын худалдааны дайн, популизмын нөлөөлөл дэлхийн эдийн засагт нөлөөлж байна. Энэ хямралд Хятад улсад нөлөөлбөл Монголд ч гэсэн хүчтэй нөлөөлөх төлөв харагдаж байгааг олон улсын судлаачид дүгнэж байна. Гэтэл бид өнөөдөр урт хугацааны хөгжлийн бодлого, улс орны эдийн засгийн тууштай бодлого хэрэгжүүлэх нь ч тодорхойгүй популизм хийсээр байна. Тиймээс популизмаа түр хойш нь тавьж, бодит байдал, төсөв, дэлхийн эдийн засагтаа анхаарлаа хандуулах хэрэгтэй байна шүү гэдгийг бусад намуудыг, УИХ-ын гишүүдийг уриалж байна.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ