Нийслэлийн онцгой комиссоос сайжруулсан шахмал түлштэй холбоотой асуудлаар өнөөдөр /2019.10.16/ цаг үеийн мэдээлэл өглөө.
НОБГ-ын ГУСХ-ийн дарга, хурандаа Г.Нэргүй “Өнгөрөгч хоногийн хугацаанд Яаралтай түргэн тусламжийн төвд угаарын хийнд хөнгөн хэлбэрээр хордсон нийт 20 өрхийн 54 иргэн хандсан. Үүнээс 22 хүүхэд, насанд хүрсэн 32 хүн хандаж, дөрвөн хүн хэвтэн эмчлүүлснээс нэг хүүхэд, насанд хүрсэн гурван хүн хэвтэж эмчлүүлсэн.
2019 оны аравдугаар сарын 16-ны өдрийн 06.00 цагийн байдлаар эмнэлэгт насанд хүрсэн зургаан хүн, гурван хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.
Шахмал түлшний сэрэмжлүүлэг зөвлөмж хүргэгдээгүй айлуудын судалгааг Нийслэлийн онцгой комисст танилцуулсан. Төвийн зургаан дүүргийн 220 мянган өрхийн 95.4 хувьд хүрч ажилласан. Улаанбаатар хотод түүхий нүүрсийг нууцаар оруулж ирж байгаа мэдээлэл ирсэн. Энэ мэдээлэлтэй холбоотой шуурхай штабын бүрэлдэхүүн хуралдсан. Хурлаас нийслэлийн нутаг дэвсгэр дэх авто тээврийн шалган нэвтрүүлэх товчооны хяналт шалгалтыг эрчимжүүлэхээр болсон. Одоо төвийн зургаан дүүргийн долоон постонд тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналт шалгалт явагдаж байна. Эдгээр постуудад нэмэлтээр түүхий нүүрс нийслэл рүү тээвэрлэн оруулж ирэх мэдээлэл байгаа учраас үүнийг таслан зогсоох үүднээс посдуудад гурав, гурван алба хаагчийг ажиллуулна.
Мөн нутгийн захиргааны албан тушаалтнуудыг гэр хорооллын айл өрхүүдэд түүхий нүүрсийг түлэхгүй байх хяналт тавих зорилгоор хуваарилсан. Монгол Улсын таван лабораторийн шинжилгээгээр шахмал түлш хүний эрүүл мэндэд хоргүй гэсэн дүгнэлт гарсан. Яагаад гадаад орон руу шинжилгээ хийлгэхээр явуулсан гэхээр олон нийтийн дунд эргэлзээ байгаа учраас ОХУ, БНХАУ, Япон руу явуулсан. Шинжилгээний хариу хараахан ирээгүй байна.
Өчигдөр 25 настай эмэгтэй нас барсан асуудалд угаараас болж амь насаа алдсан эсэхийг Онцгой байдлын алба тогтоохгүй. Энэ хэрэгт цагдаагийн байгууллага шалгалтаа хийгээд, задлан шинжилгээний албан ёсны хариун дээр үндэслэж тогтооно. Угаарын хийнд хордсон гэсэн дуудлага өгсөн. Дуудлагын дагуу очиход эмэгтэй амь насаа алдсан байсан. Шүүх шинжилгээний задлан шинжилгээний хариунаас угаарын хийнд хордсон байна уу гэдгийг албан ёсоор тогтооно” гэлээ.
Э.АРИУН