Шилдэг тамирчнаар Д.Зоригт шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2015.08.30-нд нийтлэгдсэн

Шилдэг тамирчнаар Д.Зоригт шалгарлаа

Монголын боулинг сонирхогчдын холбооноос жил бүр зохион байгуулдаг намрын нээлтийн тэмцээн өчигдөр(08.29) “Биг Боулинг” төвд боллоо. Энэ улирлын салхийг хагалж болдогоороо онцлог тус тэмцээнд 40-өөд тамирчин ганцаарчилсан төрлөөр дээд, дэд зиндаанд өрсөлдөв.

Эрэгтэйчүүдийн дээд зиндаанд В.Энхбат ("Жа" клуб) түрүүлж, Б.Пүрэвдорж (СЭЗДС), Ц.Лхасүрэн (Биг боулинг) нар удаалав.

Дэд зиндаанд Д.Нацагдорж (Топ Флоор, Долоон болдог) манлайлж, мөнгө, хүрэл медалийг Ц.Батжаргал (Ёндоо), Э.Чүлтэмжамж (ТЭЦ-3) нар авлаа.

Эмэгтэйчүүдийн төрөлд алтан медалийг С.Хандаа (ТЭЦ-3) авсан бол Т.Дуламсүрэн (Биг боулинг), Т.Дорждэрэм (Ёндоо) нар удаах байрт орлоо.

Шилдэг тамирчнаар 213 оноо авсан амжилтаар “Strikes” клубийн тамирчин Д.Зоригт шалгарлаа. Сонирхуулахад, эрэгтэйчүүдийн дэд зиндаанаас хүрэл авсан Э.Чүлтэмжамц нь эмэгтэйчүүдэд түрүүлсэн С.Хандаагийн хүү юм.

Эхний дөрвөн тоглолтоос хамгийн өндөр оноо авсан эхний найм, дараагийн найман тамирчдыг дээд, дэд зиндаанд хуваан, нэгээр гарсан тамирчныг наймд шалгарсан тамирчинтай хасагдах журмаар тоглуулан аваргаа тодруулсан юм. Ингэснээр дээд зиндаанд наймаар гарсан В.Энхбат нэгээр шалгарсан Ц.Батжаргалыг хожсон зэрэг олон үзүүштэй тоглолтууд гарлаа.

Дашрамд дуулгахад, ирэх бямба гаригт бизнесийн салбарынхны дунд “Coca Cola Zero Championship 2015” тэмцээн болно.

Х.ХАРЦАГА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж