Засгийн газраас 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат танилцуулсан.
Усны нөөц харьцангуй багатай, байгаа нөөц нь орон зай цаг хугацаанаас ихээхэн хамааралтай, нөөцийн хуваарилалт жигд бус манай орны ус ашиглалтын өнөөгийн хандлагыг эрс өөрчлөх, усны менежментийг оновчтой зохион байгуулахад хүчтэй, чадварлаг, үр дүнтэй засаглалыг дэлхий нийтийн жишгийн дагуу нэн даруй хөгжүүлэх нь чухал байна. Усны салбар нь 80 гаруй жилийн түүхэндээ устай холбоотой асуудлыг нэгдмэлээр хариуцан зохицуулах эрх бүхий Усны аж ахуйн яамтай, мөн 2005-аас 2012 онд Усны агентлагтай байсан. Усны аж ахуйн яам, Усны агентлаг байгуулагдан ажиллаж байх хугацаанд Монгол орны устай холбоотой асуудлыг хариуцан зохицуулах эрх бүхий бие даасан төрийн байгууллага хэлбэрээр ажиллаж, усны салбарын боловсон хүчнийг тодорхой чиглэлээр мэргэших, ажиллах, усны мэдээллийн цогц, найдвартай байдлыг хангах, судалгаа шинжилгээ, бүтээн байгуулалтын томоохон ажлуудыг хийж гүйцэтгэх нөхцөл бололцоог бүрдүүлж байсан гэдгийг салбарын сайд танилцуулгадаа дурдсан.
Усны газрыг 2012 онд татан буулгаснаас хойш бодлогын хэрэгжилтийн асуудал хоцрогдож Дөргөн, Тайширын усан цахилгаан станцыг эс тооцвол сүүлийн жилүүдэд устай холбоотой томоохон бүтээн байгуулалт нэг ч хийгдээгүй байна. Усны нөөц, ашиглалт, хэрэглээний өнөө болон ирээдүйн төлөв байдал, учирч болзошгүй сорилт бэрхшээл, эрсдэлтэй байдалд дүн шинжилгээ хийж, усны нөөцийн хомсдолоос урьдчилан сэргийлж, хүн ам, хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийг баталгаатай чанарын шаардлага хангасан хүртээмжтэй, хямд усаар цаг хугацаанд нь хангах зэрэг олон арга хэмжээг авч хэрэгжүүлэх, үйл ажиллагаа явуулахад усны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага үгүйлэгдэж байна гэж хууль санаачлагчид үзжээ.
Мөн Усны үндэсний хорооны ажлын албыг 2014 онд татан буулгаснаар нийгэм, эдийн засгийн салбаруудын усны талаарх нэгдсэн зохицуулалт алдагдаж, Усны үндэсний хорооны статус, үйл ажиллагааны хамрах хүрээ тодорхойгүй болж, чиг үүргээ бүрэн хэрэгжүүлж чадахгүйд хүрээд байна. Улс орны нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийн гол тулгуур, хүний амьдрах эрхтэй холбоотой усны нөөцийг нэгдмэлээр хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, усны асуудлыг удирдан зохион байгуулах, тогтвортой засаглалыг хөгжүүлэхэд усны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагыг нэн даруй байгуулж, усны салбарт үүсээд буй асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай байна гэж төсөл санаачлагчид үзсэн байна.
Иймд усны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагыг сэргээн байгуулах болон Усны үндэсний хороог усны аюулгүй байдлыг хангахад чиглэсэн бодлогын зөвлөмж өгөх, мэдээлэл харилцан солилцох үүрэг бүхий Усны үндэсний зөвлөл болгохоор Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсрууллаа гэж салбарын сайд танилцуулгадаа дурдсан.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэбат хариултдаа, усны мэргэжлийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, санал солилцсон бөгөөд энэ чиглэлийн нарийн мэргэжлийн боловсон хүчинг Унгар улсад бэлтгэх, тус улсын орчин үеийн техник, технологийг нэвтрүүлж, хамтран ажиллахаар тохироод байна гэв. Түүнчлэн 2018 оны Монгол Улсын байгаль орчны төлөв байдлын тайлан мэдээллээс үзвэл нийтдээ 48 гол мөрөн ширгэж, 72 гол мөрөн сэргэсэн. 324 булаг шанд ширгэж, 314 нь дахин сэргэсэн бол нуурын хувьд 155 нь ширгэж, 130 нь дахин сэргэсэн нь сүүлийн хоёр жилд орсон хур тунадастай холбоотой гэхийн зэрэгцээ агентлагын бүтцэд сав газрын захиргаадууд нь шууд харьяалагдана гэж байлаа.
Ингээд Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 54.5 хувь нь дэмжлээ. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.
Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Үргэлжлүүлэн Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хуулийн төслийг 1999 онд батлан, хоёр удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Таримал ургамлын үр, сортын тухай хууль нь таримал ургамлын удмын санг хамгаалах, шинэ сорт бүтээх, түүнийг сорих, нутагшуулах, бүртгэх, шинэ сортыг өмчлөх, ашиглах, таримал ургамлын удмын санг хамгаалах, ашиглах болон үрийн тариаланг эрхлэх, сортын цэвэршилт, үрийн чанарыг хянах, баталгаажуулах, үрийн нөөц бүрдүүлэх, захиран зарцуулахтай холбогдсон харилцааг цогц байдлаар зохицуулж чадахгүй байна гэдгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан танилцуулгадаа дурдав.
2011, 2016 онуудад хийсэн судалгаагаар уг хууль нь давхардал, зөрчил ихтэйгээс гадна таримал ургамлын шинэ сорт бүтээх, ашиглах болон үр үйлдвэрлэлтэй холбогдсон харилцааг бүрэн хамарч зохицуулаагүй байна. Иймд шинээр боловсруулсан уг хуулийн төсөл нь 31 зүйлтэй бөгөөд хуулийн зорилго нь таримал ургамлын үрийн салбарын хөгжлийг дэмжих, үрийн салбарын судалгаа, шинжилгээ, инновацийг хөгжүүлэх, үрийн шударга худалдааг төлөвшүүлэх, таримал ургамлын генетикийн нөөцийг хамгаалах, тогтвортой ашиглах, шинэ сорт бүтээхийг дэмжих, таримал ургамлын гаралтай хүнсний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулна гэж төсөл санаачлагчид үзжээ.
Хуулийн төсөлд үрийн чанарын хяналт, баталгаажуулалт, үрийн худалдааг эрхлэх, үрийн импорт, экспорт, үндэсний сортын бүртгэлийг шинээр зохицуулахаар тусгасан. Мөн таримал ургамлын шинэ сортын хамгаалалт, сортын зохиогчийн эрхийг олгох нөхцлийг тусгаж, таримал ургамлын шинэ сорт бүтээхийг төрөөс дэмжих, шинэ сортын мэдүүлэг гаргах, мэдүүлгийг шалгах, түр зуурын хамгаалалт, шинэ сортын зохиогчийн эрх олгох асуудлыг Ургамлын шинэ сортыг хамгаалах олон улсын конвенцийн /1991 он/ зарчимд нийцүүлэн боловсруулсан гэдгийг салбарын сайд танилцуулгадаа онцолсон.
Хуралдаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Дэд сайд Ж.Сауле болон холбогдох албан тушаалтнууд оролцлоо.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Сүхбат, Б.Бат-Эрдэнэ, Г.Мөнхцэцэг, Б.Батзориг нар асуулт асууж, санал хэлсэн. Гишүүдийн зүгээс монголд хэчнээн сортын үрээр тариалалт эрхэлж байгааг тодруулахын зэрэгцээ үрийн шинэчлэлтийг хэдий хугацаанд хийдэг, үндэсний шинэ сортыг гаргаж байгаа эсэхийг илүүтэй лавлав.
Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 26 сортын үрээр тариалалт хийж байгаагаас 5-6 сортын үрээр түлхүү тариалж байна. Шинэ сортын үрээр тариалалт хийгээд дээд тал нь таван жил болсны дараа үрээ сольж, шинэчлэх зохицуулалттай байдаг. Тариалан эрхлэгчдийг дэмжих сан улсын төсвийн хөрөнгөөр жил бүр, аж ахуйн нэгжүүд өөрсдийн боломжоор үрийн шинэчлэлт хийдэг хэмээн Ажлын хэсгийн зүгээс хариулт өгөв. Мөн өнгөрсөн 2-3 жилийн хугацаанд үрийн аж ахуйн тогтолцоог шинээр бий болохоор ажиллаж байна. Салбарын яамнаас 13,14 аж ахуйн нэгжид үрийн тусгай зөвшөөрөл олгож, үүнийгээ түшиглэн үрийг нутагшуулах, тариалах хэлбэрээр үрийн нөөц бүрдүүлэх ажлыг хийж байна. Ингэхдээ Дарханы ургамал, газар тариалангийн хүрээлэнг түшиглэн ажиллаж байна. Мөн өнгөрсөн жил ОХУ-ын Эрхүү мужийн хүрээлэнтэй хамтран тэжээлийн болон улаан буудайны шинэ сортын үрийг оруулж ирэн Дарханы ургамал, газар тариалангийн хүрээлэнд нутагшуулахаар ажлыг амжилттай хэрэгжүүлээд байна. Цаашлаад Бүгд Найрамдах Казакстан Улстай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, энэ чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлж байгаагаа Ажлын хэсгийнхэн хариултдаа онцлов. Түүнчлэн Ажлын хэсгийн зүгээс, шинэ сортын хамгааллын асуудлыг хуулийн төсөлд шинээр тусгасан. Өнөөдрийн байрлаар монголд шинэ сортын зохиогчийн эрх авсан нэг ч бүтээл бүртгэгдээгүй. Шинэ сорт бүтээх ажил нь нэг багийн 10-15 жилийн хөдөлмөрийн үр шим байдгийг хариултдаа онцолж байлаа.
Ингээд Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Батзориг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлсэн.
Холбоотой мэдээ