ХБНГУ-ын Билёфёльдийн их сургуулийн профессор, доктор Стёфан Мёрл өчигдөр /2019.10.15/ шинжлэх ухааны академийн эрдэмтэн судлаач нарт “Популизмын тэлэлт ардчилал уу, хямрал уу: ирээдүйгээс харах том харьцуулсан тойм” лекцээ уншиж, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Тэрбээр Орос, зүүн Европ судлалаар мэргэшсэн нэртэй эрдэмтэн бөгөөд энэ удаа Олон улсын харилцааны хүрээлэн, Монгол Улсын боловсролын их сургуулийн урилгаар Монголд зочилжээ. Нэрт эрдэмтэн С.Мёрл нь ОХУ, Монгол, Узбекистан зэрэг орны их сургуулиудад Европын холбооны хэрэгжүүлсэн олон улсын төслийн зохицуулагчаар ажиллан, эрдэм шинжилгээний байгууллагад зочин профессор, судлаачаар ажилласан хүн ажээ. Ингээд түүний илтгэлээс онцлох эшлэлүүдийг хүргэе.
- Монголын улс төр сонгуулиас сонгуулийн хооронд өнгөрч байна. Жинхэнэ улс төр хийх ямар ч цаг хугацаа байдаггүй.
- Зарчмын хувьд популизм бол ардчиллыг дэмжинэ. Бас дэмжихгүй ч байж болох юм. Учир нь, популизм бол эрх баригч намын алдаа дутагдлыг нь илрүүлж, эрх мэдлээ буруугаар ашиглаж буй үйл явдлыг нь шүүмжлэхэд хэрэгтэй. Нөгөө талаасаа бол улс оронд нэлээн асуудал үүсгэдэг. Улстөрчид нь өөрийгөө танилцуулахын тулд популизмыг ашиглан бусдыг дайсан гэж цоллож, нийгмийг хуваагаад өөртөө өндөр оноо авах гэж оролддог. Энэ нь маш том аюул.
- Популизмтай улс орны иргэдийн сэтгэл хөдлөл, айдас төрүүлэх замаар ухаалаг бодлыг нь саармагжуулахыг оролддог. Жишээлбэл, монголчуудын хувьд хятадуудыг, Украин бол оросуудыг дайснаа гэж үздэг. Популистууд хүний сэтгэл хөдлөл дээр тулгуурлаж, тоглолт хийдэг. Хувьсгалын замаар энэ бүхнийг шийдэх нь хамгийн зөв хэмээн ард иргэдийг төөрөгдүүлж, эхэлдэг.
- ХБНГУ-ын баруун жигүүрийн популистууд зөвхөн нэг сэдэвт төвлөрдөг. Асуудлыг шийдвэрлэх хялбар аргыг санал болгодог. Асуудал байгааг зарласан ч шийдвэрлэх сонирхол байдаггүй.
- Популизм нь Сталин болон нацист Гитлерийн улс төрийн коммуникацийн стратегитай ижил.
- Популистууд руу дайрах нь зөвхөн тэднийг бэхжүүлдэг. Элитүүд болон олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь популистуудын дайсан бөгөөд энэ чиглэлийн дайралт нь популистуудын тээрмээр ордог. Тэд өөрсдийгөө гаднын дайралтад өртөж байгаа гээд халдашгүй байдлын тухай ярьдаг.
- Сошиал медиа нь тэдний амжилт гаргах нөхцөл нь болдог. Мөн хуурамч тайлбар тараах боломжийг олгодог.
- Популистууд парламентад бүтээлч ажил хийдэггүй. Зөвхөн эрх баригч нам, элитүүдийн эсрэг ард түмнийг дайчлахыг хүсдэг.
- Ардчиллын эсрэг тэдний тэмцэлд үндсэрхэг популистууд олон улсын түвшинд зохион байгуулах боломжтой. Тэд дайны үеийг сануулагчид юм.
А.СҮРЭН
Гэрэл зургийг Г.БИЛГҮҮН
Холбоотой мэдээ