УИХ-ын гишүүн С.Эрдэнэ "Зээлийн хүүгийн хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай” хуулийн төслийг өнгөрсөн онд өргөн барьсан билээ. Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2019.10.16/ хуралдаанаар тус хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ.
Тиймээс энэ долоо хоногийн VS буландаа зээлийн хүүг бууруулах талаарх эсрэг тэсрэг байр суурийг онцолж байна.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:
Монгол Улсад зээлийн хүүнд дарамтлуулаагүй иргэн, ААН алга. Тиймээс энэ хуулийг өргөн барьсан. Зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох, доод хязгаар хэд байх нь банкуудын эрх. Дээд хязгаарыг давбал мөнгө хүүлэлт гэж үзнэ. Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээх ёстой гэсэн зохицуулалт хийж өгсөн.
Арилжааны банкуудын өөрийн хөрөнгө бага байна гэж үзээд 700 тэрбумаар нэмсэн. Гэтэл 200 тэрбумын эх үүсвэр тодорхой боловч үлдсэн 500 тэрбумынх тодорхой бус. Энэ нь манай улсыг саарал жагсаалт руу оруулах гол нөхцөл болчихоод байна. Гэтэл Монгол банк энийгээ маш их нууж байна. Монгол банк хар тамхи, бонд гэсэн үзүүлэлт рүү чихэх гэж оролдож байгаа юм билээ. Арилжааны банкуудын 30 жил монополь явж ирснийг тодорхой хэмжээнд хязгаарлаж, зохицуулах шаардлагатай байгаа юм. Тиймээс "Зээлийн хүүгийн хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай” хуулийн төслийг өргөн барьсан. Банк зээлийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох, мөнгө хүүлэлттэй тэмцэх эрх зүйн үндсийг бий болгох зорилго бүхий уг хуулийн төсөлд зээлийн хүүгийн хязгаарын түвшинг зээлийн дөрвөн төрлөөр ялгавартай тогтоох нь бодлогын хувьд оновчтой шийдэл гэж үзсэн. Тухайлбал, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжсэн 100 сая хүртэл төгрөгийн дүнтэй зээлийн болон цалингийн зээлийн дээд хязгаар жилийн 18 хувь, тэтгэврийн зээлийн дээд хязгаар жилийн 12 хувь, бусад төрлийн зээлийн дээд хязгаар жилийн 24 хувь байхаар төсөлдөө тусгасан.
Түүнчлэн банкуудын одоогийн мөрдөж буй зээлийн өндөр хүүг бууруулах асуудлыг дорвитой шийдвэрлэсэн хязгаарын түвшинг шууд заах, хуулийн үйлчлэх хүрээнд банк болон банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршоо, ломбард зэрэг зээлдүүлэгчид, тэдгээрийн зээлийн үйл ажиллагааг хамруулахаар мөн төсөлдөө тусгасан.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:
Зээлийн хүү гэдэг эдийн засагтайгаа шууд уялддаг. Эдийн засаг сайжрах хэрээр зээлийн хүү дагаж буурна. Эдийн засгийг сайжруулахад мөнгөний бодлого чухал. Өөрөөр хэлбэл, төсвийн бодлого, мөнгөний бодлого нэг чиглэлд бие биеэ дэмжсэн бодлого явагдах ёстой. Зөвхөн мөнгөний бодлогоор зээлийн хүүг бууруулах боломж байхгүй. Яагаад гэвэл макро эдийн засгийн тогтвортой орчныг бий болгож байж зээлийн хүүг бууруулна. Зээлийн хүүг бууруулахад макро эдийн засгийн тогтвортой орчныг бүрдүүлэх гэдэг нь төрийн тогтолцоо зөв байх ёстой. Өнөөдрийн тогтолцоо нь эдийн засагтайгаа нийцэхгүй байгаа. Бүгдийг хувийн хэвшилд даатгаад төр өнөөдөр татвар авснаар улс эх орон хөгжинө гэж байхгүй. Харин төрийн зохицуулалттай, төр, хувийн өмчтэй хосолсон загвар манайд хэрэгтэй.
Холбоотой мэдээ