"Тэтгэвэрт эрт гарсан иргэдийн тэтгэврийг 50000 төгрөгөөр нэмэх боломжтой"

Хуучирсан мэдээ: 2019.10.15-нд нийтлэгдсэн

"Тэтгэвэрт эрт гарсан иргэдийн тэтгэврийг 50000 төгрөгөөр нэмэх боломжтой"

"Тэтгэвэрт эрт гарсан иргэдийн тэтгэврийг 50000 төгрөгөөр нэмэх боломжтой"

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2019.10.15/хуралдаанаар Зарим иргэдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ц.Гарамжав 2019.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн/, төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хуулийн төслийг  УИХ-ын гишүүн Ц.Гарамжав танилцуулав. Тэрбээр “БНМАУ-ын Тэтгэврийн хууль 1990 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр батлагдаж, 1991 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлжээ. Энэ хуулийн 11 дүгээр зүйлд эхчүүдийн насны тэтгэвэр тогтоолгох эрхийн тухай заасан байдаг. Үүнд “Төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан 4 болон түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол нь өсгөж хүмүүжүүлсэн эхчүүд 20-иос доошгүй жил ажилласан бол нас харгалзахгүйгээр тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй” гэж заажээ. Уг хуулийн заалт нь эмэгтэйчүүдийг ид хийж бүтээх насанд нь буюу 35-45 насанд нь тэтгэвэрт гаргаж, хөдөлмөр хийж олох байсан илү орлогоо алдсанаас ар гэрийн амьжиргаанд сөргөөр нөлөөлөх, хүүхэд төрүүлсэн нөхцөлд хүүхдээ асрах хугацааны шимтгэл төлөгдөхгүй үлдсэнээс тэтгэвэр бага тогтоогдох, нийгмийн баталгаа нь алдагдах зэрэг сөрөг талтайг онцлов.

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг:

Тухайн үед дөрвөөс дээш хүүхэдтэй, 20-иос дээш жил ажилласан эхчүүдийг нас харгалзахгүйгээр тэтгэвэрт гаргасан. Судалгаагаар гаргасан тоонуудаа нарийн гаргахгүй бол танилцуулгад зөрүүтэй тоонууд байна. илд 12 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт шаардлагатай гэдэг нь хэр бодит тоо вэ.

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав:

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас гаргасан судалгаагаар 2020 оны төсөвт 12.7 тэрбум  төгрөгийг  төлөвлөсөн. 44 мянган иргэнийг 1997 оны нэгдүгээр сарын 16-нд  тэтгэврээс нь чөлөөлж нөхөн олговор олгосон байдаг. 2017 он хүртэл дээрх 44 мянган иргэнд нөхөн олговор олгосон байдаг.  Тэтгэвэрийн тухай хууль 1991 оноос эхлэн хэрэгжсэн. 1991 оны судалгаанаас харахад 288 мянган иргэн тэтгэвэр авч байснаас үүний 132 мянга нь наснаасаа эрт тэтгэвэр тогтоолгосны 83 мянга нь эмэгтэйчүүд байсан.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл:

2016 онд ард иргэдийнхээ итгэлийг авч УИХ-д сонгогдсон 13 эмэгтэй гишүүн олон жил яригдсан асуудал болох олон хүүхэд төрүүлснийхээ төлөө хуулийн хайчинд орж хэлмэгдсэн эхчүүдийн асуудлыг шийдвэрлэх ийм хуулийн төслийг хэлэлцэж байгаад миний хувьд баяртай байна. Дөрөв болон түүнээс дээш хүүхэд гаргасныхаа төлөө улсад 20 жил ажиллаж чадалгүй 50 нас хүрээд тэтгэвэрт гарч тэтгэврээ хамгийн багаар тогтоолгуулсан эхчүүдээ хэлмэгдүүлж хэрхэвч болохгүй. Тухайн үед 83 мянган эх энэ хуулийн хайчинд орж хамгийн бага тэтгэвэр авч байсан. Одоо энэ тоо хэд болов. Энэ хуулиар эхчүүдийн тэтгэврийн мөнгөний дундаж хэмжээ нь хэдэн төгрөгөөр нэмэгдэх юм бэ. Мөн олон хүүхэдтэй ээжүүдээс гадна бусад иргэдийн тэтгэврийн хэмжээ нь ч нэмэгдэх учиртай.

Ажлын хэсэг:

Нийтдээ 21204 иргэн байгаа. Одоогийн авч буй тэтгэврийн дундаж нь 360 мянган төгрөг. Нийт тэтгэвэр авагчдын  тэтгэврийг 50 мянгаар жигд нэмэгдүүлнэ гэж тооцвол тэтгэврийн дундаж нь 410 мянган төгрөгт хүрнэ.

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав:

1990 онд батлагдсан  БНМАУ-ын Тэтгэврийн тухай хууль 1991 оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжсэн. Ингэхдээ 300 мянган иргэн тэтгэвэрт гарсан байдаг. Үүнээс 133 мянга нь наснаасаа эрт тэтгэвэрт эмэгтэйчүүд болон эмэгтэйчүүд байсан. Эдгээр наснаасаа эрт тэтгэвэрт гарсан 133 мянган иргэний 83 мянган нь гурав ба түүнээс дээш хүүхэдтэй ээжүүд. Одоо эндээс үлдсэн нь 18 мянган иргэн байгаагаас 3 мянган нь эрэгтэйчүүд.

ХНХ-ын сайд С.Чинзориг:

Гишүүдийн санаачилсан хуулийн төсөл төсөв өргөн баригдсанаас хойш орж ирж байгаа учраас Төсвийн тухай хуультай хамт Засгийн газрын өргөн барьсан хуулийн төсөлд үзэл баримтлалд тооцоо судалгаа нь ойролцоо байгаа учраас хамтатгаад хэлэлцээд явах боломжтой. Эмэгтэй гишүүдийн анх өргөн барьсан хуулийн төсөлд тэтгэврийн дундаж хэмжээнд хүргэнэ гэсэн байсан бол одоогийн Нийгмийн даатгалын тухай хуульд тэтгэврийн дундаж хэмжээ гэсэн хууль зүйн ойлголт байдаггүй. Тооцооллоор бол нийт Нийгмийн даатгалын сангаас олгож буй тэтгэврийн хэмжээг нийт тэтгэвэр авагч 410 мянган иргэндээ хуваахад дундаж тэтгэврийн хэмжээг нь гаргадаг. Хэрэв дундаж хэмжээнд хүргэнэ гэвэл жил бүр тэтгэврийн дундаж хэмжээг шинэчлэн тогтоох шаардлага гарах учраас төсөв болон Нийгмийн даатгалын санд ирэх ачаалал нэмэгдэнэ. Тиймээс энэ удаагийн өргөн барьсан хуулийн төсөлдөө эрт тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэврийг нэг удаа 50 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх хуулийн төслийг дэмжиж байгаа.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
БурууБуруу
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж