Казахстаны Астана хотноо болж буй жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ зургаа дахь өдрөө үргэлжилж байна.
Эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд барилдаж буй Олимпийн аварга Н.Түвшинбаяр дөрөвдүгээр тойрогт Германы жүдоч Карл-Ричард Фрейтэй барилдаж, нэмэлт цагт вазари үнэлгээгээр хожигдлоо. Манай жүдоч өнгөрсөн жилийн дэлхийн аваргын хүрэл медальт Германы жүдочид ялагдсан ч торгуулийн барилдаан хийх юм.
Тэрээр Бельгийн жүдоч Тома Никифоровыг ялвал хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болно.
Н.Түвшинбаяр дэлхийн аваргын мөнгөн медальт Кубын Жозе Арментерос, Сенегалын Бабоукар Мане, Шведийн Мартин Пасек нарыг хожиж шөвгийн наймд үлдсэн юм.
Шигшээ барилдаан Улаанбаатарын цагаар 20.00 цагаас эхэлнэ.
Ч.БОЛОР