Монгол улсын Засгийн газрын 2016 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн 217 тоот тогтоолоор жил бүрийн аравдугаар сарын 15-ны өдрийг “Хүний нөөцийн ажилтны өдөр” болгон баталсан билээ. Энэ хүрээнд Эйч Ар клубээс өнөөдөр /2019.10.15/ “Мэргэжлийн үнэ цэнэ, ёс зүй” сэдэвт зөвлөгөөнийг санаачлан зохион байгуулж, хамтран зохион байгуулагчаар Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар ажилласан бол Ерөнхий ивээн тэтгэгчээр Монголын ажлын байрны төв сүлжээ болох biznetwork ажиллажээ.
ХҮНИЙ НӨӨЦ ГЭДЭГ НЬ ТУХАЙН АЖИЛТНЫ СЭТГЭЛ ЗҮРХ, ХАНДЛАГА, ХИЧЭЭЛ ЗҮТГЭЛ, АВЬЯАС ЧАДВАР ТЭР БҮХ ЗҮЙЛ
Монгол Улсын гавьяат багш, ШУТИС-ийн профессор Х.Пүрэвдагва “Социализмын үед байгууллагууд, нийгмээрээ хүнээ хөгжүүлэхэд маш сайн анхаарч тодорхой бодлого дэвшүүлж хэрэгжүүлж үр дүнг нь тооцдог байсан. Өнгөрсөн хугацаанд хүний нөөцтэй холбоотой мэргэжлийн нэршил гурван удаа солигдсон байдаг. 1930-аад оны эхэн үед БНМАУ-д аж үйлдвэржүүлэлтийн хөгжлийн эхний шатанд шинэ хүчин бэлтгэх ажил эрчимтэй зохион байгуулагдсан. Тухайн үед шинэ хүчний дээд сургууль байгуулагдаж байсан нь одоогийн Удирдлагын академи юм.
Дараа нь 1960-аад оны эхэн үеэр социализмын материал техникийн бааз байгуулах том зорилттой холбогдуулан боловсон хүчний удирдлага гэдэг нэртэй болсон. 1990 оноос хойш хүний нөөц гэдэг цоо шинэ нэр томьёо бидний дунд орж ирсэн.
Бидний ойлгож байгаагаар хүний нөөцийн менежмент нь мэргэжлийн боловсрол юм. Энэ боловсролыг эзэмшсэн хүмүүсийг байгууллагууд авч улам сайн болгож мэргэшүүлэх учиртай.
Мэргэжил, мэргэших гэдэг нь хоёр тусдаа ойлголт. Мэргэжилгүй хүн мэргэшихийн менежментийг хэрэгжүүлж чадахгүй. Тун төвөгтэй. Хүний нөөцийн менежментийн нэгж хэсэг тэнд ажиллаж байгаа мэргэжлийн хүмүүс байгууллагын удирдлагууд түншлэлийн зарчмаар ажиллах ёстой гэдгийг стандартад тодорхойлоод өгчихсөн. Тийм учраас байгууллагууд зорилгодоо хүрэхийн тулд маш олон төрлийн нөөцүүдийг ашигладаг. Үүний нэгээхэн хэсэг нь хүний нөөц.
Хүний нөөц бусад нөөцүүдээс эрс өөр. Учир нь хүний нөөц гэдэг нь тухайн ажилтны дотор нь байдаг сэтгэл зүрх, хандлага, хичээл зүтгэл, авьяас чадвар тэр бүх зүйл. Энэ чадварыг байгууллагын удирдлага бүрэн ашиглаж чадвал зорилгодоо хүрэх дөхөм болно" гэв.
БИД ИРЭЭДҮЙН ХӨГЖЛИЙГ ЦОГЦЛООХЫН ТӨЛӨӨ ЯГ ОДООНООС НЭГДЭЖ, ХАМТДАА БҮТЭЭХ ХЭРЭГТЭЙ
“Эйч Ар клуб”-ийн тэргүүн Ш.Баярмагнай “Эйч Ар”клуб нь 2012 оноос эхлэн хүний нөөцийн ажилтан мэргэжилтнүүдийн хоорондын харилцаа холбоог сайжруулах , туршлага солилцуулах зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 13 мянга гаруй идэвхтэй гишүүдтэй мэргэжлийн хамгийн том групп буюу төрийн бус байгууллага болоод байна. Өнгөрсөн хугацаанд клубын нийт гишүүддээ төдийгүй хүний нөөцийн салбарын хөгжилд зориулж их ажлуудыг хийсэн байна.
Улс эх орны болоод байгууллагын хөгжил хүнтэй салшгүй холбоотой учир хүнийг хөгжүүлэх, хүнийг чадваржуулах, хүнийг зөв чиглүүлж сургах, хүнийг дээдэлсэн системийг бий болгох чиглэлийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байна. Нэг лаа гэрэл болдоггүйн адилаар бид нэг нэгээрээ агуу зүйлийг бүтээж чадахгүй. Тиймээс ч энэ олон сайхан үр дүнтэй ажлын ард сэтгэл зүрхээрээ нэгдэж чадсан үе, үеийн баг, хамт олон маань байдаг. Бид залуу байна. Бид ирээдүйн хөгжлийг цогцлоохын төлөө яг одооноос нэгдэж, хамтдаа бүтээх хэрэгтэй” гэлээ.
Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газрын төлөөлөл хэлэхдээ “Манай байгууллага 2007 онд нийслэлийн хөдөлмөрийн бирж нэртэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Өнгөрсөн арав гаруй жилийн хугацаанд 150 орчим мянган иргэдийг ажилд зуучилж, 300 мянган залууст ажлын чиг баримжаа, зөвлөгөө мэдээлэл өгч, 30 мянган хүний нөөцүүдтэй хамтарч компани аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтарч ажилласан байна” хэмээн онцоллоо.
АЖИЛ ОЛГОГЧИД , АЖИЛТНЫ ХАРИЛЦАА ХАНДЛАГЫГ ТУРШЛАГААС ИЛҮҮД ҮЗЭЖ БАЙНА
Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны төрийн захиргаа удирдлагын газрын дарга Ц.Нямсүрэн “ Ажилгүй иргэдийн тоо олон байгаа боловч ажил олгогчдын хэрэгцээ шаардлагад нийцсэн мэргэжлийн боловсон хүчин цөөн байна. Хөдөлмөр нийгмийн хамгааллын судалгааны институтийн 2019 оны эхэнд танилцуулсан судалгааны дүнгээс харахад Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн ажиллах хүчний эрэлтийг эдийн засгийн 18 салбарын хүрээнд тодорхойлж үзэхэд 2019 онд хөдөлмөрийн зах зээлд 69.4 мянган ажлын хүчний эрэлт үүсэх төлөвтэй байна гэсэн тооцоо гарсан.
Ажиллах хүчний нийт эрэлтийн 25.5 хувийг барилгын салбарт, 19 хувь нь бөөний болон жижиглэн худалдаа, 14.8 хувь нь боловсруулах үйлдвэрлэл, 7.2 хувь нь удирдлагын болон дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаа, 6.4 хувь нь мэргэжлийн шинжлэх ухаан болон техникийн үйл ажиллагаа , 6 хувь нь хөдөө аж ахуйн салбаруудад тус тус бий болохоор байсан.
Ажил олгогчид , ажил хайгчдын ажлын туршлага хувь хүний ажлын хариуцлага, хандлага эерэг зан чанар зэрэг зөөлөн ур чадварыг илүүд үзэж буй нь судалгаанаас харагддаг.
Хөдөлмөрийн зах зээлийн сөрөг үзүүлэлтийн нэг бол ажиллах хүчний хомсдол юм. Өнгөрсөн 2018 онд аж ахуйн нэгж байгууллагуудад нийт 18.2 мянган ажиллах хүчний хомсдол үүссэн. Үүнээс барилга, машин мотоциклийн засвар үйлчилгээ, барилга, зочид буудал, байр сууц, нийтийн хоолны үйлчилгээний салбарт хамгийн их хомсдол үүссэн.
Ажиллах хүчний хомсдол үүсэхэд ажил олгогчдын хувьд шинээр авах ажилтны боловсрол, мэргэжлийн ур чадвар, ажлын туршлага нь шаардлага хангахгүй байгаа бол ажил хайгчийн хувьд ажлын байрны нөхцөл цалин хөлс голох байдал тогтвор суурьшилгүй ажиллах зэрэг хүчин зүйл голлон нөлөөлж байна.
Байгууллагууд шинээр ажилтан авахад тулгарч байгаа гол бэрхшээл нь ажил олгогчийн туршлага байгаа хэдий ч хувь хүний төлөвшил харилцаа, хандлага, хариуцлага зэргийг туршлагаас илүүд үзэх болсон. Ажил олгогчийн хүсч байгаа зөөлөн ур чадварыг боловсролын бүх шатны сургалтад тусгах байдлыг анхаарч авч үзэх цаг нь болсон” гэв.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ