Д.Тэрбишдагвыг Шадар сайд болгоё

Хуучирсан мэдээ: 2015.08.29-нд нийтлэгдсэн

Д.Тэрбишдагвыг Шадар сайд болгоё

МАН-ыг Засгийн газраас хөөж явуулсан ч Засгийн газрыг хамтран барьж буй улс төрийн намуудын зовлон нимгэрсэнгүй. Харин ч дотооддоо зөрчилдөөн ихэсч, “зодоон” ширүүсч байна. ИЗНН-ынхноос бусад нь гэсэн үг л дээ.

МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийнхэн дотооддоо нэлээд ширүүн авалцсанаар З.Баянсэлэнгэ гишүүнийг Шадар сайдад нэр дэвшүүлэхээр болсон гэх мэдээлэл бий.

Улс орны аюулгүй байдлыг хангаж ажилладаг чухал салбарыг З.Баянсэлэнгэ гишүүнд хариуцуулъя гэх шийдвэр гаргадаг мөн бөх зүрхтэй хүчин ээ. Ингэж муйхарлаж байхынхаа оронд УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвыг Шадар сайдад нэр дэвшүүлээд томилуулчихаач… Шинэчлэлийн Засгийн газрын үед тэрээр 2 жил гаруйн хугацаанд Шадар сайдын албыг хашсан, эргүүлээд томилчиход ажилтайгаа танилцана гэж цаг алдахгүй.

Ард түмэн ч Д.Тэрбишдагва гишүүнийг Шадар сайдаар томилоход гар өргөөд л дэмжинэ.

Яаж сонголт хийхээрээ байнгын хорооны даргыг чадан ядан хийсэн хүнд Шадар сайдын албыг үүрүүлэх болдог байна аа, бодоод бодын шийр гэгчээр ер ойлгохгүй юм.

Албан тушаалыг бие биедээ алчуур мэт бэлэглэдэг боллоо, боллоо гэхэд ийм сонголт хийж болох уу.

Монгол төрийг хааяа ч болов хайрлаж байл даа.

Г.ХОРОЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж