Хуулийн төслүүдийг хэлэлцэж, Үндэсний аудитын газрын тайлан, мэдээллийг сонслоо

Хуучирсан мэдээ: 2019.10.15-нд нийтлэгдсэн

Хуулийн төслүүдийг хэлэлцэж, Үндэсний аудитын газрын тайлан, мэдээллийг сонслоо

Хуулийн төслүүдийг хэлэлцэж, Үндэсний аудитын газрын тайлан, мэдээллийг сонслоо

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2019.10.15) хуралдаан 12 цаг 16 минутад гишүүдийн 52,6 хувийн ирцтэй эхэлж, таван асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн. 

Хуралдааны эхэнд Гаалийн албан татварыг хөнгөлж, буцаан олгох тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн үзэл баримтлалын  хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Засгийн газраас 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр өргөн мэдүүлсэн Гаалийн албан татварыг хөнгөлж, буцаан олгох тухай хуулийн төслийн талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар тус тус  танилцуулав. 

Монгол Улсын Засгийн газрын зүгээс Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадал бүхий үйлдвэр барих төслийг Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Эксим банк хооронд байгуулсан 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэн, 2023 он гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна. Үйлдвэрт шаардлагатай автозам, төмөр зам, цахилгаан хангамж, дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд бүрэн хийгдэж дууссан төдийгүй, үйлдвэрийн технологийн болон ундны усны хангамжийг шийдэж, үйлдвэрийн хэрэгцээнд зориулан нийт 405,17 га газрыг улсын хэрэгцээнд аваад байна. Түүнчлэн Энэтхэгийн “Инженерс Индиа Лимитед” компанитай төслийн менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээг 2019 оны 05 дугаар сард байгуулснаар үйлдвэрийн зураг төсөл болон дараагийн шатны ажлууд хийгдэх нөхцөл бүрдсэн гэж танилцуулгад дурдсан. 

“Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 129 дүгээр тогтоолоор үүрэг болгосны дагуу газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчдын хотхоны барилга байгууламжид шаардагдах дотоодын аж ахуйн нэгжээс хангагдах боломжгүй импортоор оруулж ирэх бараа, материалын Гаалийн албан татварыг хөнгөлж, буцаан олгох тухай болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг боловсруулсан байна. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, О.Батнасан, Н.Амарзаяа, Г.Тэмүүлэн нар асуулт асууж, санал хэллээ.  Гишүүдийн зүгээс гааль, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхдөө татвараа төлүүлээд дараа нь тухайн хэмжээгээр буцаан олголт хийж, чирэгдэл учруулах шаардлага байгаа эсэхийг лавлалаа. 

 Сангийн сайд Ч.Хүрэлбаатар татварын багц хуулийн  шинэ зохицуулалтын хүрээнд гаалийн албан татвараа төлчихөөд дараа нь буцаан олголтоо 100 хувь авснаар татвараас зайлсхийдэг, бултдаг байдлыг хязгаарлана гэж байлаа. 

Ингээд Гаалийн албан татварыг хөнгөлж, буцаан олгох тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн үзэл баримтлалуудыг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтүүдийг Улсын Их Хурлын Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов. 

Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

Дараа нь Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл (Биологийн олон янз байдлыг хамгаалах ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь III төслийн санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн) -ийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. 

Энэхүү төслийг ХБНГУ-ын 11.5 сая еврогийн санхүүгийн тусламжаар 2015 оноос хэрэгжүүлж эхэлжээ. Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Засгийн газар хоорондын хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны 2016 оны хэлэлцээгээр төслийн санхүүжилтийн үр дүнг өндрөөр үнэлж, хоёр дахь үе шатны 19.5 сая евро, 2018 оны хэлэлцээгээр төслийн гурав дахь үе шатыг 8.0 сая еврогийн санхүүгийн тусламжаар санхүүжүүлэхээр тохиролцсон. Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн  гуравдугаар зүйлд заасны дагуу тус төслийн хөрөнгөөр импортоор оруулах суудлын авто машиныг Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөлд тусгасан хэмээн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан.

Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов. 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Дараа нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг  хэлэлцсэн. 

Химийн хорт болон аюултай бодисыг импортлох, хил дамжуулын тээвэрлэх тусгай  зөвшөөрөлийг “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль”-ийг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас олгож байгааг Байгаль орчин, аялал жуулчлалын Дэд сайд Ц.Батбаяр танилцуулгад дурдсан.

Мөн тэрбээр, УИХ-аас 2010 онд шинэчлэн найруулж баталсан “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай” хуулийн 21.1.2-д “химийн хорт болон аюултай бодис импортлох, хил дамжуулан тээвэрлэх тусгай зөвшөөрөл олгоход 1 200 000-3 000 000 төгрөг” гэж заасан нь бага хэмжээтэй бодис импортлож, ашигладаг эрдэм шинжилгээний хүрээлэн, их дээд сургууль, лаборатори, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд хүндрэлтэй байгаагаас хууль бусаар импортлохыг оролдох, зөвшөөрөлгүйгээс хил дээр ирсэн бодисоо авч чадахгүй байх, хураагдах зэрэг зөрчлийг үүсгэж байна гэж байлаа. Түүнчлэн хэд хэдэн аж ахуйн нэгж нийлж, нэг зөвшөөрөл авах, нэг зөвшөөрлөөр аль болох их хэмжээтэй бодисын зөвшөөрөл авахыг эрмэлзэх болсон нь зөвшөөрлөөр дамжуулан химийн бодисын хэрэглээнд тавих хяналтыг сулруулах, химийн бодисын хууль бус импортыг бий болгох зэрэг сөрөг үр дагавар гарах шалтгаан болж байна гэдгийг салбарын сайд танилцуулгадаа дурдсан. 

Дээрх хүндрэл бэрхшээлийг арилгах зорилгоор “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай” хуулийн 21.1.2-д заасан тэмдэгтийн хураамжийн дээд доод хязгаарыг өөрчлөн “химийн хорт болон аюултай бодис импортлох, хил дамжуулан тээвэрлэх тусгай зөвшөөрөл олгоход 50 000-20 000 000 төгрөг” болохоор хуулийн төсөл боловсрууллаа. “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай” хуульд өөрчлөлт оруулснаар орон нутгийн төсөвт тэмдэгтийн хураамжаас төвлөрөх орлого одоогийнхоос хоёр дахин нэмэгдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын ИХ Хурлын гишүүн Б.Баттөмөр тусгай зөвшөөрлийг 20 сая төгрөг болгоход тооцоо, судалгаа хийсэн эсэхийг лавлав. Ажлын хэсгийн зүгээс, Уул уурхай болон тэсрэх бодис үйлдвэрлэгч, химийн бодис худалдаалдаг аж ахуйн нэгж, компаниуд нь 20 сая төгрөгт хамаарагдаж байгаа бөгөөд тэдгээр нь 200 тонноос дээш гэсэн хязгаарт орж байгаа бөгөөд нийт химийн бодисын 98.8 хувийг импортолж байгаа хэмээн хариулсан. 

Ингээд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг  хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Амарзаяа чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.  

С.Оюунбилэг: 2018 оны аудитаар 342.8 сая төгрөгийн 65 төлбөрийн акт тогтоожээ

Үргэлжлүүлэн Үндэсний Аудитын газраас 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр ирүүлсэн Орон нутгийн хөгжлийн сангийн 2018 оны хөрөнгийн зарцуулалтад хийсэн нийцлийн аудитын тайланг сонслоо.  Энэ талаар Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч бөгөөд тэргүүлэх аудитор С.Оюунбилэг танилцуулав. 

Аудитыг Монгол Улсын Их хурлын Төсвийн байнгын хорооны 2018 оны “Аудитын сэдэв батлах тухай” 01 дүгээр тогтоол, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2019 оны А/03 дугаар тушаалаар баталсан “Үндэсний аудитын газрын 2019 онд гүйцэтгэх аудитын төлөвлөгөө”- г үндэслэн Төрийн аудитын тухай хуулиар тодорхойлсон Үндэсний аудитын газрын бүрэн эрхийн хүрээнд гүйцэтгэлээ. ОНХНС-аас аймаг, нийслэлийн ОНХС-д 2018 онд гүйцэтгэлээр 88.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгож, орон нутаг өөрийн эх үүсвэрээр 17.3 тэрбум төгрөг, өмнөх оны үлдэгдэл 17.4 тэрбум төгрөг, нийт 123.4 тэрбум төгрөгийн орлогыг бүрдүүлсэн байна. Энэ нь тус сангийн 2017 оны гүйцэтгэлээс 16.0 тэрбум төгрөгөөр буюу 12.9 хувиар нэмэгдсэн. ОНХС-ийн хөрөнгөөр Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчийн Хурлаар 2018 онд нийт 122.3 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 4,500 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр баталснаас гүйцэтгэлээр 86.1 тэрбум төгрөгийн 3,594 төсөл арга хэмжээ буюу 83.0 хувь бүрэн хэрэгжсэн, 9.4 тэрбум төгрөгийн 272 төсөл арга хэмжээ буюу 9.1 хувь нь дутуу хэрэгжсэн, 13.3 тэрбум төгрөгийн 600 төсөл, арга хэмжээ буюу 12.8 хувь нь огт хэрэгжээгүй байна гэдгийг тэргүүлэх аудитор танилцуулгадаа дурдсан. 

Мөн тэрбээр, Үндэсний аудитын газраас 2018 оны аудитаар 342.8 сая төгрөгийн 65 төлбөрийн акт тогтоож, 18.3 тэрбум төгрөгийн 475 зөрчлийг арилгуулах албан шаардлага, 5.0 тэрбум төгрөгийн зөвлөмжийг холбогдох байгууллага, албан тушаалтанд хугацаатай хүргүүлж, Архангай, Сүхбаатар аймгуудад 16 албан тушаалтанд холбогдуулан хариуцлага тооцуулах албан шаардлагыг дээд шатны байгууллагад нь тус тус хүргүүлсэн. Аудитаар "сангийн зарим хөрөнгийг орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх, үр өгөөжтэй төсөл, хөтөлбөрт бус, богино хугацааны хэрэгцээг хангах зардалд зориулалт бусаар зарцуулж байгаа нь тус сангийн хөрөнгөд тавих хяналт, албан тушаалтны хариуцлага. санхүүгийн сахилга сул байгаатай холбоотой бөгөөд энэ нь сангийн үр өгөөж, ач холбогдлыг бууруулж байна" гэж дүгнэсэн гэж байлаа. 

Тайлан, мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, зөрчил гаргаж байгаа хүмүүст хариуцлага тооцох шаардлагатай байгааг дурдаад цаашид Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг төлөвлөж олгохдоо үнэлгээнээс хасдаг чиглэлийг барьж ажиллавал, орон нутгийн удирдлага илүү хариуцлагатай, санаачлагатай болно гэсэн санал хэлэв. 

Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн нийцлийн аудитын тайланг сонслоо

Хуралдааны төгсгөлд Үндэсний Аудитын газраас 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ирүүлсэн Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн нийцлийн аудитын тайланг сонслоо.  Энэ талаар Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч бөгөөд тэргүүлэх аудитор С.Оюунбилэг танилцуулав. 

Тэрбээр танилцуулгадаа, Тус аудитаар Шилэн дансны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.2, 3.1.3-т хамаарах улсын төсвийн 32 төсвийн ерөнхийлөн захирагч, тэдгээрийн харьяа 869 байгууллага, аймаг, нийслэлийн 22 төсвийн ерөнхийлөн захирагч, тэдгээрийн харьяа 4079 байгууллага буюу нийт 4948 байгууллагыг аудитын түүвэрт хамруулан, 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд хуульд заасан мэдээллийг хугацаанд нь шилэн дансны нэгдсэн цахим хуудаст байршуулсан эсэхийг шалгасан.

Мөн “Нээлттэй нийгэм форум" ТББ-тай гэрээ байгуулан хамтран ажиллаж, хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.5-д хамаарах улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт, төсөл, хөтөлбөр, арга хэмжээ, ажил үйлчилгээ гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгж, байгууллагууд болон төрийн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээг хууль тогтоомж, гэрээний үндсэн дээр гүйцэтгэгчдийн шилэн дансны нэгдсэн цахим хуудаст байршуулсан мэдээлэлд дүн шинжилгээ хийлгэн, ирүүлсэн дүнг аудитын тайланд нэгтгэсэн гэдгийг онцлов. 

Шилэн дансны тухай хуульд заасны дагуу төсвийн удирдлагыг хэрэгжүүлсэн шийдвэр, үйл ажиллагааг 2018 оны бүтэн жилийн байдлаар улсын төсвийн төсвийн ерөнхийлөн захирагч, тэдгээрийн харьяа байгууллагууд 90.2 хувь, Аймаг, нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагч, тэдгээрийн харьяа байгууллагууд 89.3 хувь тус тус хэрэгжүүлсэн байна. Мөн аудитын нэгтгэсэн дүнгээр улсын төсвийн төсвийн ерөнийлөн захирагчдын харьяа 869 байгууллагын Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт 90.2 хувь буюу өмнөх аудитын дүнгээс 3.5 хувиар, аймаг нийслэлийн төсвийн ТЕЗ-ийн харьяа 4079 байгууллагын хэрэгжилт 89 3 хувь буюу өмнөх аудитын дүнгээс 3 1 хувиар тус тус өсжээ. Шилэн дансны тухай хуулийн үйлчлэлд хамаарах байгууллага, албан тушаалтнууд 2018 оны байдлаар шилэн дансны нэгдсэн цахим хуудаст мэдээлэл байршуулахдаа нийтлэг зөрчил гаргасан талаар тэргүүлэх аудитор С.Оюунбилэг мэдээлэлдээ дурдсан. 

Тухайлбал, Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, ТӨҮГ-ууд шилэн дансны нэгдсэн цахим хуудаст бүрэн хамрагдсан боловч зарим байгууллагууд хуульд заасан мэдээллийг хугацаанд нь бүрэн байршуулаагүй, Орон нутгийн төсөв, түүний төсвийн захирагчид шилэн дансны мэдээллийг байгууллагын мэдээллийн самбартаа бүрэн байршуулах нийтлэг стандартыг гаргаж мөрдүүлээгүй байна. Түүнчлэн хяналтын багц буюу түүнээс дээш хэмжээний хувьцааг нь төр, орон нутаг болон тэдгээрийн нэгдмэл сонирхолтой этгээд эзэмшиж байгаа компаниуд болон улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт, төсөл, хөтөлбөр, арга хэмжээ, ажил үйлчилгээ гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгж, байгууллагууд, мөн төрийн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээг хууль тогтоомж, гэрээний үндсэн дээр гүйцэтгэгчид байгууллагууд шилэн дансны нэгдсэн цахим хуудаст бүрэн хамрагдаагүй, хуульд заасан мэдээллийг бүрэн мэдээлээгүй байна. Мөн эдгээр байгууллагуудын Шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд төсвийн ерөнхийлөн захирагчид хяналтыг хэрэгжүүлэх эрх зүйн зохицуулалт хангалтгүй, бүх шатны Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, иргэдийн Нийтийн Хурал хөндлөнгийн хяналтыг хангалтгүй хэрэгжүүлсэн хэвээр байгаа бөгөөд өмнөх аудитуудаар өгсөн албан шаардлагыг бүрэн хэрэгжүүлсэн хэдий ч зөвлөмжийн биелэлт хангалтгүй, санхүү төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас шилэн дансны нэгдсэн цахим хуудаст хөгжүүлэлт хийх шаардлагатай байна гэж байлаа.

Иймд улсын хэмжээнд 661 байгууллага, албан тушаалтанд зөрчил арилгуулах хугацаатай албан шаардлага, 46 байгууллагын холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцуулах санал хүргүүлж, аудитын явцад илрүүлсэн материаллаг бус зөрчилд тухай бүр залруулах зөвлөмж өгч ажилласан хэмээн тэргүүлэх аудитор танилцуулсан.  

Тайлан, мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Батнасан, Н.Амарзаяа нар асуулт асууж, санал хэлснээр Байнгын хорооны хуралдаан өндөрлөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж