Хүүхдийн эмнэлэг ашиглалтад орно

Хуучирсан мэдээ: 2015.08.29-нд нийтлэгдсэн

Хүүхдийн эмнэлэг ашиглалтад орно

Баянгол дүүргийнхэн ирэх есдүгээр сардаа багтаж 100 ортой хүүхдийн эмнэлгээ хүлээж авах гэж байна.

Баянгол дүүргийн удирдлагууд тойргоосоо сонгогдсон гишүүдтэйгээ ярилцсанаар Эрүүл мэндийн долдугаар төвийн нэгдүгээр давхрыг хүүхэд хүлээж авдаг амбулатори,  дөрөвдүгээр давхрыг хэвтэн эмчлүүлдэг тасаг болгохоор барилгын засварын ажлыг эхлүүлжээ. Харин хоёр болон гуравдугаар давхрыг энгийн иргэд үзүүлдэг амбулаториор хэвээр нь үлдээх аж.

Дээрх ажилтай УИХ-ын гишүүн С.Одонтуяа, тус дүүргийн Засаг дарга Д.Оросоо нар уг эмнэлгийн барилгын засварын үйл явцтай танилцаж өчигдөр тус обьектод ажиллалаа.

Эрүүл мэндийн долдугаар төвийн барилга 1983 онд ашиглалтад орсон. Түүнээс хойш нэг ч удаа сантехникийн засвар хийгдэж байгаагүй аж. Энэ жил сантехник болон барилгын бүрэн хэмжээний их засварыг хийж гүйцэтгэж байгаа юм байна.

Тус төвийн дөрөвдүгээр давхарт үйл ажиллагаагаа явуулах хүүхдийн хэвтэн эмчлүүлэх тасаг нь тоглоомын өрөө, эх, хүүхдэд зориулсан стандартын ор, жорлон, техник тоног, төхөөрөмжтэй байхаараа бусад эмнэлгээс ялгаатай. Мөн эрчимт эмчилгээ, сэхээн амьдруулах тасагтай байх юм байна. Үүнээс гадна хөргөгч, зөөлөн эдлэл, хүүхдийн тоглоом гэх мэт хэрэгтэй зүйлийг тус дүүргийн иргэд санаачлагаараа эмнэлэгтээ хандивлахаар болжээ.

Уг төвийг бүхэлд нь засварлахад шаардлагатай хөрөнгө оруулалтыг улсын төсөв болон дүүрэг, нийслэлээс гаргаж байгаа аж. Нийт 460 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар засварын ажлыг хийж дуусгана. Мөн ахмадын сэргээн засах үндэсний төвтэй хамтран  60 ортой хүүхдийн шинэ эмнэлгийг барихаар ажиллаж байгаа ажээ.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа энэ тухай “Манай Баянгол дүүрэг хүн ам ихтэй. Хүүхдийн эмнэлэг хүрэлцдэггүй. Дүүргийн хэмжээнд “Эмүжин” эмнэлэг ажилладаг. 100 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай эмнэлэг ашиглалтад орсноор тулгамдсан асуудал шийдэгдэнэ. Өвөл ханиад, томууны үеэр ачаалал ихэсдэг. Энэ үед дотоод нөөц бололцоогоо ашиглаад ор нэмж хүүхдүүдээ хүлээж авдаг. Иймэрхүү байдалтайгаар 9 жилийг давлаа. Энэ жилийн хувьд тодорхой хэмжээгээр асуудлаа шийдэж чадна гэж бодож байна” гэлээ. Мөн ахмадын сэргээн засах үндэсний төвтэй хамтран  60 ортой хүүхдийн шинэ эмнэлгийг барихаар ажиллаж байгааг тэрээр онцолсон юм.

Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо “Манай дүүрэгт хүүхдийн эмнэлгийн асуудал хүндрэлтэй байдаг. Хуучин манай зарим хороодын хүүхдүүд Сонгино хайрхан дүүрэг рүү очиж эмчлүүлдэг байсан. Уг эмнэлэг ашиглалтад орсноор уг асуудал шийдэгдэх нь. Эрүүл, мэндийн даатгалын шинэ хууль хэрэгжиж эхэлснээр эрүүл, мэндийн тусламж үйлчилгээ, чанарыг сайжруулах нь бидний өмнө тулгамдсан асуудал юм” гэж хэллээ

Шинэ эмнэлэг ашиглалтад орсон ч эмч, мэргэжилтнүүдийн орон тоо хангалттай эсэх мөн тоног төхөөрөмж нь сүүлийн үеийнх байж чадах уу гэсэн асуултад Баянгол дүүргийн Эрүүл, мэндийн төвийн Ө.Батжаргал “Бид Засгийн газар болон Эрүүл, мэнд спортын яаманд удаа дараа санал тавьсаны дүнд  эмнэлэгт ажиллах эмч, эмнэлгийн 50 ажилтны орон тоог батлуулж чадсан. Мэргэжлийн эмч, сувилагч, туслах ажилтнууд ажиллана. Бид захиалгаар эмч, сувилагчдаа бэлтгэчихсэн. Сувилагчдаа ажилд нь аваад эхэлсэн. Мөн тоног, төхөөрөмжийн судалгаагаа хийсэн. Орчин, үеийн тоног төхөөрөмжийг авахаар болсон” гэв.

Г.ХОРОЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж