УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр /2019.10.15/ Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир өргөн барьсан бөгөөд төсөлд Монгол Улсын иргэнийг элэг, ходоод, улаан хоолой, умайн хүзүү, хөхний, уушиг, бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах зохицуулалт бүхий шинэ зүйлийг дараахь байдлаар хуульд нэмж оруулахаар тусгасан байна. Үүнд:
-40, түүнээс дээш насны, элэгний В, С вирус тээгч, элэгний архаг үрэвсэл, хатууралтай иргэнийг ЭХО, хавдрын маркер, биохимийн шинжилгээнд жилд 1-2 удаа;
-40, түүнээс дээш насны иргэнийг ходоод, улаан хоолойн хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд жилд 1 удаа;
-30-60 насны эмэгтэйг умайн хүзүү, хөхний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд 3 жилд 1 удаа;
-50, түүнээс дээш насны иргэнийг уушигний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд жилд 1 удаа, бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд хоёр жилд 1 удаа.
Умайн хүзүүний хорт хавдрын тухайд 30-аас дээш насны эмэгтэйчүүдийг, элэгний хорт хавдрын тухайд элэгний вирусийн халдвар тээгч болон 45-аас дээш насны хүмүүсийг, ходоодны хорт хавдрын тухайд 40-өөс дээш насны бүх хүнийг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд хамруулахаар зорилтот бүлгийн хүн амаар сонгохоор тусгажээ.
Тус хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа:
-Хавдрын эмнэлгийг өргөтгөлд шаардлагатай санхүү хөрөнгөөс энэ оны төсөвт хэдэн төгрөг суусан бэ. 19.8 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай гэж танилцуулгад дурдсан байна. Энэ мөнгө шийдэгдэх бодит бололцоо байна уу. Байнгын хорооноос ямар дэмжлэг хэрэгтэй байна вэ?
Хавдар судлалын үндэсний төвийн захирал Ж.Чинбүрэн:
"Хавдар судлалын үндэсний төв/ХСҮТ/-ийн өргөтгөл нэн шаардлагатай байгаа тухай хүсэлтийг Эрүүл мэндийн сайдад тавьсны дагуу уг асуудал Засгийн газрын хуралдаанаар хэдэнтээ орж, Эрүүл мэндийн яам, ХСҮТ өөрсдөө асуудлуудаа шийдээд явах боломжтой гэдэг хариулт өгсөн. Энэ дагуу ХСҮТ “Энэр мед” эмнэлгийн 10 мянган мкв бүхий барилгыг ХСҮТ-ийн өргөтгөлийн нэг хэсэг болгон ашиглах урьдчилсан гэрээг хийсэн. Одоогоор төсөвт мөнгө нь байхгүй учраас төсөвт мөнгө ортол “Энэр мед" эмнэлгийн барилгыг үнэ төлбөргүй буюу урьдчилсан байдлаар тухайн талбайг ашиглавал бид ямар ямар үйлчилгээг оруулах уу гэдэг төлөвлөлтөө хийх зэрэг зохион байгуулалтын нэлээд ажил хийж байгаа. “Энэр мед" эмнэлгийн 10 мянган мкв бүхий эмнэлгийн зориулалтын барилгыг ХСҮТ-ийн өргөтгөл байдлаар ашиглаад явбал 2020 оны төсөвт хэдий хэмжээний хөрөнгө санхүү шаардлагатай болох талаар тооцоо гаргахад нийт 19.3 тэрбум төгрөг гарсан. Үүний 5.9 тэрбум төгрөг нь гарааны хөрөнгө оруулалтад буюу эмнэлгийн тавилга, эд хогшилд зарцуулагдах юм.
ХСҮТ-ийн урсгал зардалд 13 тэрбум төгрөг. Үүнээс улсын төсвөөс 4.5 тэрбум төгрөг гарахаар байгаа. Бусад зардлыг нь ХСҮТ-ийн үйл ажиллагааны орлогоос бүрдүүлнэ. Ирэх оны төсвийн төсөлд орсон эсэхийг хэлж мэдэхгүй байна" гэлээ.
Холбоотой мэдээ