ААН-үүд 20 сая төгрөг хүртэлх тэмдэгтийн хураамж төлнө 

Хуучирсан мэдээ: 2019.10.15-нд нийтлэгдсэн

ААН-үүд 20 сая төгрөг хүртэлх тэмдэгтийн хураамж төлнө 

ААН-үүд 20 сая төгрөг хүртэлх тэмдэгтийн хураамж төлнө 

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар нийт таван асуудал хэлэлцлээ.

Хэлэлцсэн асуудлын эхэнд Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Биологийн олон янз байдлыг хамгаалах ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь III төслийн санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг нь дэмжлээ.

Дараа нь Гаалийн албан татварыг хөнгөлж, буцаан олгох тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл –ийг хэлэлцэхийг байнгын хорооны гишүүд мөн дэмжсэн юм. Хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэрийн төслийн нийт төсөвт өртгөөс хэмнэсэн хөрөнгөөр газрын тосны үйлдвэрийн ажилчдын хотхоны бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх юм. “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 129 дүгээр тогтоолоор хотхоны бүтээн байгуулалтын санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд шаардагдах бараа материал, тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлөхөөр хуулийн төслийг боловсруулсан байна.

Дорноговь аймгийн Сайншанд суманд баригдах 550 айлын орон сууц бүхий газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчдын хотхоны төсөлд шаардагдах арматур, цемент, тоосго гэх мэт барилгын материалыг дотоодын аж ахуйн нэгжээс худалдан авах бөгөөд бүтээн байгуулалтын үндсэн хөрөнгө бий болгоход шаардагдах, өөр бусад зорилгоор ашиглах боломжгүй бараа материалд төлсөн гаалийн албан татварыг хөнгөлж, буцаан олгох нь газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөлд төрөөс үзүүлж байгаа бодит дэмжлэг болно хэмээн үзжээ. Түүнчлэн хотхоны бүтээн байгуулалтад шаардлагатай импортоор оруулах бараа материалыг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг боловсруулсан.

Хуулийн төсөлтэй холбогдуулж байнгын хорооны гишүүд асуулт асуулаа.

УИХ-ЫН ГИШҮҮН Н.АМАРЗАЯА:

-Бараа, материалыг Гаалийн албан татвараас хөнгөлж буцаан олгочхоод дахин Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх юм уу. Хуулийн төслөөс харахад хоёр тусдаа асуудал байна. Гэтэл үйлдвэрийн ажилчдын оффисын барилга орон сууц гэх мэт үйлчилгээний цогцолборын бүтээн байгуулалтад шаардлагатай. Энэ тохиолдолд хоёулаа л бараа материал.

САНГИЙН САЙД Ч.ХҮРЭЛБААТАР:

-Гаалийн албан татварыг хөнгөлж буцаан олгох замаар зохицуулж байгаа юм. Энэ тохиолдолд өөр зорилгоор зарж борлуулах боломжгүй. НӨАТ-аас шууд чөлөөлөхөд бол асуудал байхгүй. Борлуулалтын НӨАТ-аас нь хасалт хийхгүй.

-УИХ-ЫН ГИШҮҮН Б.БАТТӨМӨР:

Гаалийн албан татварыг хөнгөлж буцааж олгоно гэдэг нь юу гэсэн үг вэ. Хөнгөлөөд бүтээн байгуулалтаа хийчхээд үйлдвэр ашиглалтад орохоор улсын төсөвт буцаагаад олгоно гэсэн үг юм уу? Үүнийг тодруулж өгөөч. Татвараа төлөхгүйгээр өр үүсгэж яваад  дараа нь төлнө гэсэн үг юм уу. Эсвэл төлчхөөд дараа нь буцааж авна гэсэн үг юм уу.

 УИХ-ЫН ГИШҮҮН Г.ТЭМҮҮЛЭН:

Түүхийн эдийн хомсдолд орох эрсдэл бидэнд бий.Манай улс жилдээ 1-1.2 сая тонн газрын тос олборлож байгаа.Энэ нөөц хангалттай биш. Тиймээс цаашид газрын тосны хайгуулыг эрчимжүүлж, нөөцийг нь баталгаажуулах шаардлагатай.

ЗАРИМ ААН 20 САЯ ТӨГРӨГ ХҮРТЭЛХ ТЭМДЭГТИЙН ХУРААМЖ ТӨЛНӨ 

Дараа нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ хэлэлцэв.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ЫН ГИШҮҮН Б.БАТТӨМӨР:

-Химийн хорт болон аюултай бодис импортлох, хил дамжуулан тээвэрлэх тусгай зөвшөөрөл олгоход жижиг ААН-үүд1.2-5 сая төгрөг хүртэлх тэмдэгтийн хураамж төлдгийг энэ хуулийн төслөөр  50 саяас 20 сая хүртэл болгосон байна. 20 сая төгрөг болгож өсгөсөн нь ямар ААН-үүдэд хамааралтай вэ. Хураамжийн хэмжээ нэмэгдэх хэрээр тухайн бүтээгдэхүүний өртөг өснө. Улсын төсвийн орлого хоёр дахин нэмэгдэх юм байна. Ямар тооцооллоор  20 сая хүртэл болгож өсгөсөн юм бэ.

БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин байгалийн нөөц удирдлагын газрын ахлах мэргэжилтэн н.Батжаргал:

-Химийн хорт болон аюултай бодис импортлох, хил дамжуулан тээвэрлэх тусгай зөвшөөрөл олгоход 20 сая төгрөг хүртэлх тэмдэгтийн хураамж төлөх ААН-үүдэд уул уурхайн байгууллагууд, тэсрэх бодис үйлдвэрлэгч ААН-үүд, химийн бодис худалдаалдаг ААН-үүд багатана. Эдгээр ААН-үүд 200 тн-оос дээш гэсэн хязгаарт орж байгаа. нийт химийн бодисын 98.8 хувийг дээрх төрлийн ААН-үүд импортолдог.

Үүгээр тус хуулийн төслийг хэлэлцэхийг байнгын хорооны гишүүд дэмжсэн юм.

Дараа нь Орон нутгийн хөгжлийн сангийн 2018 оны хөрөнгийн зарцуулалтад хийсэн нийцлийн аудитын тайланг сонслоо.

Тус тайланд дурдсанаар Орон нутгийн хөгжлийн санд  2018 онд гүйцэтгэлээр  88.5 тэрбум төгрөгийн санхүүжилт олгож, орон нутаг өөрийн эх үүсвэрээр 17.3 тэрбум төгрөг, өмнөх оны үлдэгдэл 17.4 тэрбум нийт 123.4 тэрбум төгрөгийн орлогыг бүрдүүлжээ. Энэ нь тус сангийн 2017 оны гүйцэтгэлээс 16 тэрбум төгрөгөөр буюу 18.9 хувиар нэмэгдсэн үзүүлэлтэй байна. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-аар 2018 онд нийт 122.3 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 4500 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр баталснаас гүйцэтгэлээр 86.1 тэрбум төгрөгийн 3594 төсөл арга хэмжээг хэрэгжүүлсэн буюу 83 хувь нь бүрэн хэрэгжжээ. 9.4 тэрбум төгрөгийн 272 төсөл, арга хэмжээ буюу 9.1 хувь нь дутуу хэрэгжсэн, 13.3 тэрбум төгрөгийн 600 төсөл, арга хэмжээ буюу 12.8 хувь нь огт хэрэгжээгүй байна.

Тайлантай холбогдуулан УИХ-ЫН ГИШҮҮН, МАН-ЫН БҮЛГИЙН ДАРГА  Д.ТОГТОХСҮРЭН:

-Өмнөх оны тайлантай харьцуулахад аймгууд орон нутгийнхаа хөгжлийн сангийн мөнгийг төлөвлөгөөтэй, хяналттай зарцуулж сурч байгаа нь харагдаж байна. Цаашид зөрчил гаргаж байгаа хүмүүст хариуцлага оногдуулах ёстой. Ингэхдээ хариуцлагыг дараа жилийн  төлөвлөгөөтэй нь холбох хэрэгтэй. Тухайн жилдээ төлөвлөгөөгөө муу хэрэгжүүлсэн бол дараа жилд нь орон нутгийн хөгжлийн сангийн мөнгийг  олгохдоо тодорхой хэмжээний үнэлгээгээр хасдаг ийм хариуцлагын механизмд шилжвэл орон нутаг илүү хариуцлагатай болно. Хоёрдугаарт, 2020 оны төсвийг төслийг УИХ удахгүй хэлэлцэнэ. 2020 оны төсөвт аудит хийсэн үү.

Нийслэлийн Аудитын газрын тэргүүлэх аудитор: Үндэсний аудитын газраас хийсэн аудитын дүгнэлтээр хууль тогтоомжийг боловсонгүй болгох мөн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн зарцуулалттай холбоотой дүрэм журмыг боловсронгуй болгож, түүнд тооцох хариуцлагыг сайжруулах чиглэлд зөвлөмж өгч ирсэн. 2018 онд Сангийн сайдын тушаалаар энэ журам шинэчлэгдэж тус оны есдүгээр сард батлагдсан учраас 2019 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн зарцуулалтад тус журам хэрэгжинэ.

Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч С.Оюунбилэг:

-2020 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах чиг үүргийнхээ хүрээнд аудит хийж дуусгаад  хуулийн хугацаа нь өнөөдрөөр дуусгавар болж хүргүүлж байгаа.

Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн нийцлийн аудитын тайланг сонслоо

УИХ-ЫН ГИШҮҮН О.БАТНАСАН:

Шилэн дансны хууль сайн хэрэгжиж байгаа гэж ойлголоо. Аудитын байгууллага өөрийн гэсэн онцлогтой байгууллага. Гэхдээ зөвлөмж гаргаад орхидог байдлыг хүлээн зөвшөөрдөггүй. Зөвлөмж гаргаад хуулийн байгууллагатай хамтарч ажиллаж байгаа юм. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр аудитын байгууллагыг бие даасан байгууллага болгож байгаа. Зөрчил дутагдлыг мэдээлдэг бус алдаа дутагдлыг арилгадаг байгууллага болгох ёстой. Мөн аудитыг цахим болгож хөгжүүлэх хэрэгтэй байна.

УИХ-ын гишүүн Н.Амарзаяа: Шилэн дансны хуулийн хэрэгжилтэд тавих хяналт ямар байна вэ. Олон нийтийн оролцоо иргэдийн хандлага, гомдол ямар төвшинд байсан бэ?

Ажлын хэсэг: Шилэн дансны наймдугаар зүйлийн хэрэгжилт удаа дараагийн аудитаар хангалтай байна гэж гарсан. Аймаг тус бүрээр энэ хуулийн хэрэгжилт ямар байгаа вэ гэдгийг гаргасан. Улсын хэмжээнд 50 хувийн хэрэгжилттэй байгаа. Энэ нь хэд хэдэн хүчин зүйлээс шалтгаалж байна гэж үзэж байгаа. Нэгд, ИТХ хангалтгүй ажиллаж байна гэж үзэж байгаа. Нөгөө талаас олон нийтийн байгууллага, иргэд өөрсдийнхөө үүрэг оролцоог мэдэхгүй байна.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж