Балжинням, Дашням давхацсан энэ өдөр 48 хос гал голомтоо бадраалаа

Хуучирсан мэдээ: 2019.10.15-нд нийтлэгдсэн

Балжинням, Дашням давхацсан энэ өдөр 48 хос гал голомтоо бадраалаа

Балжинням, Дашням давхацсан энэ өдөр 48 хос гал голомтоо бадраалаа

Харцанд нь хайр гэрэлтэж, хайранд нь хорвоо уярсан хурим найрын сар эхэллээ. Монголчууд Дашням, Балжинням давхацсан өлзийтэй сайн өдрийг сонгож хурим найраа хийдэг билээ. Жилд хоёр л тохиодог Балжинням, Дашням давхацсан билэгт сайн өдөр буюу намрын дунд сарын шинийн 17-ны өдөр өнөөдөр /2019.10.15/ тохиож байна.

Энэхүү өлзийт сайн өдөр хийсэн буян бум, живаа болон арвиждаг гэж үздэг тул гэрлэлтээ батлуулж, хуримаа хийх нь элбэг. Ингэхдээ, намрын дунд сард айраг цагаан идээ элбэг болдог учраас хурим найр хийхэд, элбэг хангалуун явахын бэлгэдэл гэж үздэг.  Мөн энэ өдрийг зурхайд жаахан охидын царай гоо үзэсгэлэнтэй болно гэж тэмдэглэдэг гэнэ. Иймээс айлын жаахан охид гоо үзэсгэлэнтэй болж, хадмын босгыг алхаж орохыг билэгддэг уламжлалтай ажээ.

Энэхүү билэгт сайн өдөр Гэрлэх ёслолын өргөөнөө 48 залуу хос гэрлэлтээ батлуулж, шинээр өрх айл болж байна. Ингээд бид  гал голомтоо бадрааж буй  хосуудынхаа сэтгэгдлийг сонслоо.

ХУРИМ БОЛ ХҮНИЙ АМЬДРАЛД МАРТАГДАШГҮЙ ГЭГЭЭЛЭГ САЙХАН ДУРСАМЖИЙН НЭГ

Өрхийн тэргүүн Б.Жанчив “Нэлээн сандарч байна. Үгээр хэлшгүй сайхан байна. Эхнэртэйгээ анх фэйсбүүкээр чатлаад хамт хичээлээ хийдэг болоод, дараа нь дотносож үерхээд,  одоо хуримаа хийж байна. Зургаан жилийн дараа хуримаа хийж байна. Бид хоёр Анагаахын их сургуулийн хоёрдугаар курст  суралцаж байхдаа танилцсан юм. Ханьдаа хязгааргүй их хайртай шүү. Хөөрхөн охин төрүүлж өгсөнд баярладаг шүү гэж хэлье".

Гэргий Д.Хишигжаргал “Өнөөдөр хуримаа хийж байна. Сэтгэгдэл маш өндөр, аз жаргал догдлолоор дүүрэн байна. Их сандарлаа. Нэг охинтой болсон. Хурим бол хүний амьдралд мартагдашгүй гэгээлэг сайхан дурсамжийн нэг учраас маш их догдолж байна. Ханьдаа үрдээ хайртай шүү” гэлээ.

ХАНЬ МИНЬ МИНИЙ БҮХ ЗҮЙЛ, ХАЛАМЖ ТҮШИГ БАЙСАН

Өрхийн тэргүүн Г.Ганжаргал “Намрын дунд сарын шинийн арван долооны өдөр хурим найраа хийж байна. Бид хоёр Ховд аймгаас ирж хуримаа хийж байгаа. Гэрлэлтээ батлуулаад туйлын их баяртай байна. Анх эхнэрээ харж явдаг байсан. Тэгээд нэг өдөр зориг гаргаад уулзаж байсан. Тэр мөчөөс хойш олон сайхан дурсамжтай өдрүүдийг ардаа үлдээжээ. Эргээд харахад хань  минь миний бүх зүйл, халамж түшиг байсаар иржээ”.

Гэргий Б.Отгончимэг “Сэтгэгдэл үнэхээр сайхан байна. Бид хоёрын хувьд шинээр амьдралаа  зохиож шинэ гэр бүл болж байна. Үнэхээр сайхан өдөр болж байна. Ханьдаа хандаж чинийхээ хайрыг хүлээсэн сайн хань чинь байх болно. Хайртай шүү” гэв.

ХАМТДАА ХӨДӨЛМӨРЛӨЖ, БИЕ БИЕДЭЭ НАЙДАЖ САЙХАН ОЛОН ЖИЛҮҮДИЙГ ХАМТДАА ТУУЛНА

Өрхийн тэргүүн Б.Баатархүү “Амьдралд тохиолдох дурсамжтай сайхан нэгэн өдрийг хамт олон, хамаатан садан, хайрт ханьтайгаа хамт баярлаж байна. Баярласандаа болоод хэлэх үг олдохгүй байна. Анх бид хоёр 2015 онд танилцаж байсан. Хүүтэй болоод маш их баярлаж байсан. Тэгээд тухайн үед ханьдаа маш их хайртайгаа мэдэрсэн дээ” .

Гэргий А.Амарсайхан  “Анх бид хоёр 2015 оны зун санаандгүй явж байгаад танилцаж байлаа. Энэ сайхан билэгт сайхан өдөр гал голомтоо бадрааж буйдаа маш их баяртай байна. Энэ цаг мөчид ханьдаа хандан өшөө олон жил хамтдаа амьдралаа цогцлоож хамтдаа хөдөлмөрлөж, бие биедээ найдаж сайхан олон жилүүдийг хамтдаа туулна гэж бодож байна” гэлээ.

ЗАЛУУСЫН ХУРИМЫН ЧИГ ХАНДЛАГА ЦАГ ҮЕЭ ДАГААД ӨӨРЧЛӨГДӨЖ БАЙНА

Гэрлэх ёслолын ордны захирал С.Үүрийнтуяатай цөөн хором ярилцлаа.

-Дашням, Балжиннямтай билэгт сайн өдөр өнөөдөр тохиож байна. Өнөөдөр гэрлэх ёслолын ордонд хичнээн хос хуримлаж байна вэ?

-Гэрлэх ёслолын ордонд намрын дунд сарын шинийн 17-ны өдөр 48 залуу хосын хуримын ёслолыг зохион байгуулж байна.

-Өнгөрсөн жилтэй харьцуулбал ачаалал ямар байна вэ. Үнэ ханшийн тухайд?

-Гэрлэх ёслолын ордны Дашням, Балжинням давхацсан билэгт сайн өдрийн ёслолын үнэ ханш нэг сая 276 мянган төгрөг байдаг. Энэ үнэ ханшаар бүтэн долоон жил үйлчилж байна. Өмнөх жилүүдтэй харьцуулбал энэ жилийн хувьд хуримлаж буй хос цөөн байна. Яагаад гэхээр орчин үеийн залуусын чиг хандлага өөрчлөгдөж, өөр, өөрсдийн сайн өдрийг сонгож хуримын ёслолоо голчлон хийдэг болсон байна. Дашням, Балжинням давхацсан сайн өдөр хуримлана гэдэг байсан нь харьцангуй багассан. Орчин үеийн залуус өөрсдийн сайн гэсэн өдрүүдэд тавтай, тухтай гал голомтоо бадрааж, хэзээ  ч давтагдашгүй дурсамжтай энэ өдрийг ирсэн зочид, өөрсдийн тав тухыг бодолцон ер нь хуримын ачаалал багатай цөөн өдрүүдийг сонгож хуримаа хийдэг болсон.

-Гэрлэх ёслолын ордон намрын саруудад хуримын захиалга ихтэй байдаг уу?

-Хуримын ёслолын ажиллагаа энэ өдрөөр дуусч байгаа юм биш. Гэрлэх ёслолын үйл ажиллагаа 365 өдрөөр үргэлжилдэг. Өвөл, хаврын саруудад хуримын захиалга бага байдаг боловч намрын сард илүүтэй захиалгатай байдаг. Удахгүй өвлийн тэргүүн сарын шинийн гурван буюу аравдугаар сарын 30-ны өдөр Дашням, Балжинням давхацсан өдөр тохиож байгаа. Одоо бид ирэх арванхоёрдугаар сарын захиалгыг авч эхэлнэ. Ер нь хуримын ёслол болохоос хоёр сарын өмнө захиалга авч эхэлдэг.

-Жилд дунджаар хэчнээн хос гал голомтоо бадраадаг вэ. Энэ жилийн тухайд?

-Жил бүр дунджаар 1500 гаруй хосын хуримын ёслол зохион байгуулагддаг.             Жил болгон хуримын ёслол зохион байгуулахын хажуугаар Алтан, Мөнгөн хурим, Очир-Эрдэнийн хурим зохион байгуулдаг.

Энэ жилийн тухайд хамгийн залуу хос гэхэд 2000 оны залуус байна. Тэгэхээр хүн амын өсөлт тухайн жилд төрсөн хүүхдийн тооноос хамаарч хуримын ёслол хийх хүмүүсийн тоо гардаг. Дийлэнхдээ 1984-2000 оны залуус хуримаа хийж байна.

-Хөдөө орон нутгаас хүмүүс зорин ирж хуримладаг юм байна?

-Гэрлэх ёслолын ордонд хуримын ёслол хийж буй хосуудын тал нь орон нутгаас хүрэлцэн ирдэг. Хэдийгээр хөдөө орон нутагт гэрлэх ёслолын ордон байдаг ч хүмүүс зорьж ирж үйлчлүүлдэг. Гэрлэх ёслолын ордон бол олон жилийн түүхтэй гэгээлэг ордон юм. Нөгөө талаас залуус түүх уламжлал, билэгдлийг нь бодоод зорьж ирдэг дээ.

-Ярилцсанд баярлалаа. 

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Н.БАТМӨНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж