Холбооны Бүгд Найрамдах Нигериа улсын хөлбөмбөгийн тамирчин Мошод Афолаби, Они Степен Олалекан нарыг Гадаадын иргэн, харьяатын газрын даргын тушаалаар Монгол Улсаас албадан гаргаж эхэлжээ. Тодруулбал, визийн хугацаагаа хэтрүүлсэн Мошод Афолабиг энэ сарын 11-нд Монгол Улсаас албадан гаргасан бол Они Степен Олалеканыг аравдугаар сарын 26-нд албадан гаргаж, эх оронд нь буцаахаар болсон аж.
Нигериа улсын хөлбөмбөгийн тамирчид болох Мошод Афолаби, Они Степен Олалекан нар нь Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суугаа Элчин сайдын яамнаас авсан 30 хоногтой жуулчин ангиллын визээр 2018 оны тавдугаар сард орж ирсэн хэдий ч буцах зардлын мөнгөгүй гэсэн шалтгаанаар визийнхээ хугацааг хэтрүүлэн жил гаруй Монгол Улсад амьдарсан байна. Иймд Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37.1.12 буюу түр ирэгч визийн хугацааг хэтрүүлсэн үндэслэлийн дагуу иргэн тус бүрт 2 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч, Монгол Улсад 3 жилийн хугацаанд дахин оруулахгүй байхаар хугацаа тогтоон албадан гаргахаар шийдвэр гаргажээ.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ