Мэргэн буучид Хойд Солонгосын зэрлэг гахайнуудыг агнана

Хуучирсан мэдээ: 2019.10.15-нд нийтлэгдсэн

Мэргэн буучид Хойд Солонгосын зэрлэг гахайнуудыг агнана

Мэргэн буучид Хойд Солонгосын зэрлэг гахайнуудыг агнана

Өмнөд Солонгосын засгийн газраас хилийн бүсэд мэргэн буучдаа байршуулан хойд хөршөөс зэрлэг гахай орж ирвэл агнаж устгахаар болжээ. Түүнчлэн дулаан мэдрэгчтэй дрон ашиглан зэрлэг гахайн нүүдлийг хянах гэнэ. Өмнөд Солонгост өнгөрсөн есдүгээр сарын дундаас эхлэн гахайн мялзан өвчин гарч, нийт тоо толгойн нэг хувийг устгалд оруулж, хэд хэдэн газарт хөл хорио тогтоосон юм. Улмаар өнгөрсөн долоо хоногт дэгдэлтийг зогсоож чадсан ч Хойд Солонгосоос өвчтэй зэрлэг гахай орж ирж дахин халдвар тараахаас сэрэмжилж дээрх арга хэмжээг авчээ. Энэ аравдугаар сар гарсаар Сөүлийн хойд хэсэг болон Инчон хотод таван ширхэг зэрлэг гахай үхсэн байхыг олсон ба тэд бүгд халдвартай байжээ.

Гахайн мялзан өвчний энэ удаагийн дэгдэлт өнгөрсөн оны наймдугаар сард Хятадад анх бүртгэгдсэн ба хөрш Монгол, Вьетнам, Хойд Солонгост халдвар тархсан юм. Өмнөд Солонгосын талаас гахайн мялзанг дарахад Пеньянд туслах санал тавьсан ч зөвшөөрөөгүй аж.

Хойд Солонгосчуудын хоол хүнсээр авч буй уургийн 80 хувийг гахайн махнаас авдаг ба халдварт өвчин гарснаар хүн амын эрүүл мэндэд ноцтой хохирол учирна гэж Сөүлийн тагнуулын албаныхан мэдэгджээ. Үүний зэрэгцээ өнгөрсөн зун бороо хур багатай байснаас Хойд Солонгосын ургацад муугаар нөлөөлсөн байна. Хойд Солонгосын хүн амын 40 хувьд яаралтай хүнс тэжээлийн тусламж шаардлагатай байгааг тусламжийн байгууллагууд мэдээлжээ.

 Эх сурвалж:The Telegraph, Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж