Өсвөрийн шатарчдын дэлхийн олимпиадад Ираны баг түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2015.08.28-нд нийтлэгдсэн

Өсвөрийн шатарчдын дэлхийн олимпиадад Ираны баг түрүүллээ

Өсвөрийн шатарчдын дэлхийн олимпиад манай улсад анх удаа зохион байгуулагдлаа. Энэ сарын 19-ний өдөр “Хүннү молл” төвд эхэлсэн 16 хүртэлх насны дэлхийн олимпиад өнөөдөр өндөрлөлөө. Дэлхийн 23 орны 35 багийн 160 гаруй шатарчид оюун ухаанаараа өрсөлдсөнөөс арван өргөөс найман хожил, хоёр хожигдол авсан Ираны баг тэргүүлж, Энэтхэг, ОХУ-ын баг мөнгө, хүрэл медалийг авлаа. Унгар, БНХАУ-1, Узбекстан, БНХАУ-2, Канад улсын баг IV-VIII байрыг эзэллээ. Харин зохион байгуулагч орны давуу эрхийн дагуу манай улсаас 10 баг оролцсоноос Завхан баг IX, Монгол-1 Х байрт орсон байна. Энэ нь өнгөрсөн жилийн олимпиадад үзүүлж байсан амжилтыг 5 байраар урагшлуулжээ.

Монголын 11 багийг "Хангарьд", "Хан-Алтай", "Цэцэн нүүдэл", "Gobichess", "Шатар 64", "Төгс нүүдэл" зэрэг клубүүдээс гадна Монгени, 33, 36 дугаар сургууль, "Ирээдүй" цогцолборын шатарчдаар бүрдүүлжээ. Багуудыг их мастер Б.Хатанбаатар, Д.Шаравдорж, Ц.Батчулуун, Б.Гүндаваа, олон улсын мастер Н.Баттулга, Г.Мөнхгал, Б.Анхчимэг, Д.Янжиндулам, ФИДЕ мастер Н.Төвсанаа, Э.Энхнар нар дасгалжуулсан байна. Тэмцээнийг олон улсын шүүгч Ж.Лхагва, Г.Оюунчимэг, Т.Батзориг, А.Пүрэвжав, улсын шүүгч С.Болдбаатар, Ч.Бадрал, Б.Цэнгүүн нар шүүгчдийн бүрэлдэхүүнд багтжээ.

Харин хувийн дүнгээр Завхан баг, "Оюунлаг шатар" клубын тамирчин С.Ган-Эрдэнэ 2-р ширээнд II, нийт 150 гаруй шатарчдаас III байрт шалгарав.

Энэ олимпиадын үеэр зохиогдсон бодолтын тэмцээнд 5 орны 20 бодлого сонирхогчид 60 минутын хугацаанд 30 оноо бүхий 6 даалгавар гүйцэтгэж оролцсоноос Узбекстаны Н.Якуббоев 26 оногоор түрүүлж, Австралийн Г.Пэтрик 23, Сүхбаатар аймгийн Н.Наран-Эрдэнэ 21 оноогоор удаалав.

Олимпиадын үйл ажиллагааны хүрээнд Дэлхийн эмэгтэйчүүдийн 10 дахь аварга А.Степанова зэрэг тоглолт хийх, дасгалжуулагч шүүгчдийн сургалт, семинар явуулж цол, зэрэг олгох зэрэг олон арга хэмжээ зохион байгуулагдлаа. Энэ үеэр Ц.Бат-Эрдэнэ, Б.Батсүрэн нарын найман өсвөрийн шатарчин FIDE-гийн төлөөлөгчөөс цолны үнэмлэх, тэмдгээ гардан авсан юм. Мөн өнгөрсөн жил Завхан аймагт нэгэн зэрэг тоглосон 10182 хүүхдийг дэлхийн шатрын холбооны гишүүнээр элсүүлэх батламжыг гардууллаа.

 

Ираны баг тамирчид.

ОХУ-ын баг.

Мөн тэмцээний үеэр УИХ-ын гишүүн Я.Санжмятавын нэрэмжит “Mongolian Open” тэмцээн болсон бөгөөд их мастер Б.Гүндаваа 7,5 оноогоор түрүүлж, ОУМ Н.Баттулга,  ФМ Н.Төвсанаа, ФМ Э.Энхнар, спортын мастер М.Мөнгөнхүү нар II-V байрыг эзэлжээ. Энэхүү тэмцээнд нийт 85 тамирчин өрсөлдсөн бөгөөд БНХАУ, ОХУ, Киргизстаны шатарчид оролцсон байна. Казахстаны А.Мамонтов ахмадын, ЭФМ Ц.Мөнхчулуун эмэгтэй, З.Ангар өсвөрийн тамирчны тусгай шагналыг тус тус хүртэв. "Mongolian Open" нээлттэй тэмцээнд их мастер Б.Хатанбаатар, Д.Шаравдорж, Ц.Батчулуун нарын 30 гаруй цолтон оролцсон юм.

Тус тэмцээний шагналын сан 25 сая төгрөгт багтсан бөгөөд түрүүлсэн шатарчин 6 сая, дэд байр 4, гуравдугаар байр 3 сая, IV байр 2,5 сая, V байр 2 сая төгрөгийн мөнгөн шагнал авчээ. Тэмцээний 20-р байрт орсон шатарчин 200.000 төгрөгийн мөнгөн шагнал хүртсэн байна.

Мөн тэмцээний үеэр 11 тавилд явагдсан блиц тоглолтын тэмцээнд их мастер Б.Гүндаваа, их мастер Б.Хатанбаатар, ОУМ Г.Мөнхгал нар тэргүүн байрыг эзлэв.

 

УИХ-ын гишүүн, Монголын шатрын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Я.Санжмятав хэлэхдээ: "Таван орны өсвөрийн шилдэг тамирчид манай улсад анх удаа чууллаа. 23 орон оролцохоор мэдүүлгээ өгсөн боловч 20 нь энэ удаагийн тэмцээнд оролцлоо. Манай өсвөрийн тамирчдын хувьд өөрсдийгөө дэлхийн шилдэг тамирчидтай харьцуулж авлаа. Магадгүй тэдэнд бас маш их урам зоригийг өгсөн байх. Зохион байгуулагч орны давуу эрхийн дагуу 11 баг оролцсон. Мөн клубүүд гадаадын олон дасгалжуулагч багш нартай танилцаж авлаа. Монголд ирсэн шатарчдын хувьд сэтгэл өндөр байсан. Бид анх удаа ийм том тэмцээнийг эх орондоо зохион байгууллаа. Бага сага алдаа дутагдал байсан байх. Олон улсын шатрын холбооны ерөнхийлөгч Кирсан Илюмжиновын хэлснээр цаашид манай улсад дэлхийн хэмжээний уралдаан, тэмцээнийг зохион байгуулах боломж байгаа юм байна гэдгийг харлаа. Дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр авсан саналаар энэ удаагийн тэмцээн 2015 онд зохион байгуулагдсан тэмцээн уралдаанаас нэгдүгээрт бичигдэж байна гэсэн таатай мэдээлэл бидэнд ирсэн. Эх орондоо болсон тэмцээнд манай баг IX, X байрыг эзэллээ. Энэ нь өмнө үзүүлж байсан амжилтаа ахиулсан гэсэн үг. Нийт 11 багийн 55 хүүхэд оролцсон. Манай өсвөрийн шатарчдын амжилтыг гадаадын дасгалжуулагч багш нар өндөрөөр үнэлүүлж байна. Завхан аймгаас ирсэн баг 20-р байрт орлоо. Зарим хүүхэд чансааны оноотой боллоо гэхмэтчилэн манай өсвөрийн шатарчдын хувьд маш том боломж гарлаа гэж үзэж байна. Мөн энэ үеэр “Mongolia Open” тэмцээнийг зохион байгуулсан. Олон улсын шүүгч нар ирсэн үед энэхүү тэмцээнийг хийсэн нь манай шатарчдын хувьд томоохон боломж байлаа. Энэхүү тэмцээнийг цаашид жил бүр зохион байгуулна. Олон улсын хэмжээний нээлттэй тэмцээний аварга монгол мөнгөөр хамгийн багадаа 10 сая орчим төгрөгийг авдаг юм билээ. Бид энэ удаа түрүүлсэн шатарчинг 6 сая төгрөгөөр урамшуулсан. Нийт шагналсан сан 25 сая төгрөгт багтсан юм. Энэ нь манай улсад урьд нь байгаагүй хамгийн өндөр шагналын сантай тэмцээн боллоо. Олимпиадын үеэр Олон улсын олон сургалтыг зохион байгууллаа. Энэ удаагийн тэмцээний үеэр шатрын зүтгэлтнүүдийн чуулган болж чадлаа гэж үзэж байна. Бидэнд энэхүү тэмцээнийг зохион байгуулахад олон газар тусалсныг энэ дашрамд дурдмаар байна. Цагдаагийн байгууллага, Улсын II эмнэлэг, “Хүннү молл” төв, “Чингис хаан” зочид буудал, Жи-Мобайл гээд олон газар тусалсанд талархаж байна." гэсэн юм.

 

"Mongolian Open" тэмцээний залуу шатарчин Золжаргалын Ангар шилдэг хүүхдийн шагналыг авсан юм.

Тэрээр "Би энэ жил 9 настай. Энэ удаагийн тэмцээнд 4 хожил, нэг тэнцээ, 4 хожигдол авсан. Нийт 4,5 оноогоор 45-р байранд орлоо. Би 6 настайгаасаа шатар тоглож эхэлсэн. Энэ оны улсын аваргад 9-10 насанд өрсөлдөж 14-р байрт орсон. Мөн 2015 онд БНСУ-д болсон Азийн аваргад 16-р байр, Арабын нэгдсэн Эмират улсад болсон нээлттэй тэмцээнд IX байр эзэлсэн. Бас Буриадад болсон нээлттэй тэмцээнд V байрт орсон. Одоо "Зууны шатар" клубт А.Баярсайхан багшийн удирдлагад хичээллэдэг. Энэ тэмцээн надад их сайхан боломжийг өглөө. Их мастер Б.Хатанбаатартай тоглосон. Хүүхдүүдээс н.Эрхэс, н.Халиун, н.Ган-Эрдэнэ нартай тоглосон юм байна. Хүчтэй тамирчид олон байсан болохоор өөрийнхөө амжилтанд сэтгэл хангалуун байна. Цаашид бэлтгэлээ сайн хийж, том амжилтуудыг гаргахыг хүсэж байна. Мөн тэмцээний хүүхдийн шилдэг тоглогч болсондоо улам их урам авлаа." гэсэн юм.

 

Ч.БОЛОРЧУЛУУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж