Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын /НИТХ/ тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаас өнөөдөр/2019.10.15/ ирэх арваннэгдүгээр сарын 4-нд нийтийн сонсгол зохион байгуулахаар товлолоо.
Засгийн газраас энэ оны тавдугаар сараас эхлэн Улаанбаатар хотын хэмжээнд түүхий нүүрс хэрэглэхийг хориглож, орлуулж "Тавантолгой түлш" компанийн сайжруулсан түлш хэрэглээнд нэвтрүүлэхээр болж, холбогдох шийдвэр гаргасан. Гэтэл уг түлшийг хэрэглэх шатанд иргэд угаарын хийнд хордож, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Энэ асуудалтай холбогдуулж, нийтийн сонсгол зохион байгуулах санаачлагыг өнгөрсөн долоо хоногт НИТХ дахь Ардчилсан намын бүлгээс гаргасныг МАН-ын бүлгийн гишүүд мөн дэмжин, НИТХ-ын даргад хүсэлтээ хүргүүлээд байсан билээ.
Нийтийн сонсголд эрдэмтэн, судлаачид, шийдвэр гаргагчид, мэргэжлийн байгууллагууд, үйлдвэрлэгчид болон иргэдийн төлөөлөгчид оролцох боломжтой юм.
Сайжруулсан түлшийг хэрэглэх нь Улаанбаатарчуудын хувьд утаатай тэмцэх эхний алхам боловч технологийн горим алдагдсан эсэх, зөвлөмж зөвлөгөө гаргасан эсэх, чанарын хяналт хийгдэж байгаа эсэх, үнэ өртгийн харьцуулалт хийсэн эсэх гэх зэрэг олон асуудлаар иргэд мэдээлэл муутай, эргэлзээтэй байгаа. Иймд олон нийтийн мэдээлэл, ойлголтыг нэгтгэх үүднээс сонсгол хийх санаачилгыг гаргасан байдаг. Нийтийн сонсголын тухай хуулийн 8 дугаар зүйлд зааснаар Хурлын нийт төлөөлөгчдийн дөрөвний нэгээс доошгүй төлөөлөгч хүсэлт гаргасан бол Ерөнхий хяналтын сонсголыг заавал явуулдаг. Энэ нь НИТХ-ын анхны сонсгол болох юм байна.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ