400 орчим цагаачийг тээвэрлэж явсан усан онгоц Ливийн эргийн ойролцоо живснээс 200 гаруй хүн нас барсан байж магадгүй байна. Ливийн баруун хэсгийн хотоос даац хэтрүүлэн хүн суулгасан усан онгоц далайд гарсан тухай аюулгүй албаныхан мэдээлжээ. Аврагчид 201 хүнийг авч гаргаснаас 147-г нь Триполийн ойролцоох хууль бус цагаачдыг хорих төвд авчирсан байна. Аврах ажиллагаанд Италийн эргийн хамгааллынхан тусалж байгаа аж. Усан онгоцонд Африк, Пакистан, Сири, Морокко, Бангладешээс ирсэн цагаачид зорчиж явжээ.
Европыг зорьсон цагаачид Газар дундын тэнгисийг туулах эрсдэлтэй аялалд аюулгүйн баталгаагүй усан онгоцонд даац хэтрүүлэн зорчдогоос олон зуун хүний амь нас үрэгдсээр байна. Тухайлбал, энэ он гарсаар Европыг зорьсон 2300 гаруй цагаач Газар дундын тэнгист осолдож амь үрэгджээ.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: Reuters