Г.Батзориг
НОБГ-ын нийслэлийн Аврах анги 105-ын Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны ахлах мэргэжилтэн, дэслэгч С.Алтангэрэлтэй аврагчийн ажил, мэргэжлийн онцлогийн талаар ярилцлаа. Тэрбээр аврагчаар ажлын гараагаа эхэлжээ.
-Аврагчид жилд хичнээн дуудлага мэдээлэлд хүрч ажиллаж байна вэ?
-Манай ангийн аврагч нарын гүйцэтгэх үүрэг маш олон. Улаанбаатар хотын 1,5 сая хүн амд аврах ажиллагааны тусламж үйлчилгээ үзүүлдэг ганц анги юм. Жилд 35-45 нэр төрлийн 400 орчим дуудлагад очиж ажиллаж байна. Үер уснаас эхлээд өндрөөс аврах, химийн бодис алдагдах, зам тээврийн болон ахуйн осол зэрэг бүх төрлийн дуудлагад манай аврагч нар ажиллаж байгаа. Нийслэлийн аврах анги дээр тайван цагт өдөр бүр бэлтгэл сургуулилт хийж, өөрийгөө хөгжүүлж, дадлагажиж байдаг.
-Аврагч биеийн хүчний ур чадвараас гадна бусадтай харилцах дадлага туршлга, арга ухаан ихээхэн чухал санагдсан. Тухайлбал, жилд амиа хорлох гэж байна гэх 50 орчим дуудлага ирдэг юм байна. Эдгээр хүн ихэвчлэн өндөр барилга дээр гарсан байдаг. Тэгвэл тэднийг тайвшруулж, зөв харилцаж буулгаж ирнэ гэдэг ихээхэн ур чадвар шаардсан ажил байх?
Олон төрлийн дуудлагаар очиж ажиллаж байгаа. Энэ болгонд очоод ийм зарчмаар ажиллана, өндрөөс унаж амиа хорлох гэж байвал ингэж хэлээд буулгана гэсэн тогтсон үг, стандарт гэж байхгүй. Аврагч нарын ур чадвараас бүрэн хамаарна. Тиймээс ахмад аврагчид залуу үеэ сурган дадлагажуулж байдаг. Тухайлбал, найз залуу, эсвэл эмэгтэйдээ гомдсон байвал гомдсон, үсрэх гээд байгаа нөхцлийг холдуулан яриа өрнүүлнэ. Аав, ээж, нутаг усыг нь ярина. Наад зах нь алив нэг тамхи татчих, аль нутгийнх уу гэх зэргээр харилцаж эхэлдэг. Ерөөсөө 100 хувь туршлагаар ажиллана гэсэн үг. Жилд 400 удаагийн дуудлагад хүрч ажиллаж байна гэдэг нь энэ хэмжээний туршлага хуримтлуулж буй хэрэг юм.
–Өдөр бүр хүний амь нас аварч байгаа нь олон түмэнд бахархалтай санагддаг. Харин аврагч нарын хувьд өдөр тутмынх нь ажил болоод ч тэр үү төдийлөн бахархаж, бардамнаж ярихгүй юм?
Улс орон, ард түмэн мэдэж байгаа. Манай аврагч нарын ажил үнэхээр бахархалтай. Бас эмгэнэлтэй. Учир нь эрсдэлд байсан хүнийг аврах юм бол цуг баярлана. Хэрэв нас барсан хүн байвал ар гэрийнхэнтэй нь ижилхэн шаналдаг. Ерөөсөө л асар их сэтгэлзүйн бэлтгэлтэй байж энэ ажилдаа дуртай, урам зоригтой ажилладаг. Бэлтгэл сургуулилтын хувьд зөвхөн өөрийгөө бус өрөөлийг хамгаалах 2-3 дахин их хүч гаргах шаардлагатай болдог. Аюулд нэрвэгдэх гэж байгаа хүнийг аварна. Цаашлаад 3,4 дэх эрсдэл байвал урьдчилан сэргийлнэ гэх зэргээр аврагчаас хоромхон зуур биеийн болоод оюуны асар их хүч шаарддаг. Та бүхэн анзаарсан бол манай аврагч нар харилцааны маш өргөн мэдлэгтэй болсон байдаг.
-Аврагч нарын хувьд айдас, эргэлзээ гэж байх ёсгүй санагдсан. Хоромхон зуур шийдвэр гаргаж аврах ажиллагаа явуулахгүй бол цаг хугацаа хүлээдэггүй?
-Тэгэлгүй яахав. Айдсаа дарж байж л хүн аварна. Улаанбаатар хотын барилгууд хэдэн давхар болсон билээ. Баригдаж буй орон сууц болгоны гадна өндөр кранууд байна. Зарим хүн тэр кран руу гарчих жишээтэй. Гэтэл манай аврагчид байнгын 20 хэдэн давхарт бэлтгэл сургуулилт хийнэ гэж байхгүй шүү дээ. Тиймээс тухайн дуудлага дээр очоод нөхцөл байдалд дасан зохицоод ажиллана. Аврагч нар чинь хүн л юм чинь тодорхой хэмжээний айдас байгаа. Гэхдээ тангарг өргөсөн төрийн цэргийн алба хаагч учир үүргээ биелүүлэх ёстой.
-Есөн давхрын дээвэр дээрээс амиа хорлох гэж байгаа иргэнийг цонхоор дамжин гарч аварч байгаа бичлэг цахим сүлжээгээр их цацагдсан. Уг бичлэгээс харахад аврагч эрсдэлээс айхгүй байгаа мэт харагдаж байсан?
Тухайн ажиллагааны хувьд ерөөсөө л бүлгийн тактик ажиллагаа юм. Амиа хорлох гэж байгаа хүнтэй 90 градусаар яг урд тадаас нь ярилцлага хийж сатааруулна. Энэ хооронд араас нь доод давхраас аврагч гарч ирж байгаа юм. Бичлэг дээр сайн харагддаггүй. Сайн ажиглавал аврагчийн аюулгүй байдлыг олсоор хамгаалаад унасан тохиолдолд доод давхраас хоёр хүн татахад бэлэн байгаа. Аврагч чанх араас нь очиж байгаа тул тухайн хүн толгой 180 градус эргүүлж харж чадахгүй. Энэ эргэх хугацаанд нь аврагч, самбаачилж аварч байгаа юм.
-Богинохон хугацаанд их хүч гаргаж дээш өргөж байсан. Эндээс дасгал сургуулилт чухал болох нь харагдаж байлаа?
Аврагчдын бэлтгэл сургуулилт, өөрийн хүчин чадал харагдаж байгаа байх. Турник дээр хүмүүс арав дарна гэж ярьдаг. Тэр нь төмрөөс гараараа бүтэн атгаж дасгал хийж байгаа юм. Тэгвэл аврагч нар тавцан дээр алгаараа дарж байгаад арван удаа биеэ өргөж суниах чадвартай гэсэн үг. Ямар ч барьцгүй, гарын алгаараа тогтож байгаа юм. Эндээс бэлтгэл сургуулилт хэр түвшинд байгааг харж болно. Тухайн үед ахлах ахлагч Х.Бат-Энх үүрэг гүйцэтгэсэн. Одоо Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газарт бүлгийн даргаар ажиллаж байна. Бид ингэж туршлагыг нь залуу үедээ түгээж, чадварлаг аврагч бэлтгэдэг.
-Амиа хорлох үзэгдлээс гадна бага насны хүүхэд өндрөөс унах тохиолдол цөөнгүй байна. Энэ талаар тодруулахгүй юу?
Насанд хүрсэн хүмүүсийн хувьд гэр бүлийн болон янз бүрийн шалтгаанаас болж амиа хорлох үзэгдлүүд байгаа. Дээрээс нь нэмэгдэл эрсдэл гэвэл өндөр орон сууцанд бага насны үр хүүхдээ цоожилж үлдээдэг. Гэтэл тэр хүүхэд гэртээ байхдаа айна. Бид хүүхдийн ертөнцийг мэдрэхгүй шүү дээ. Ингээд хаашаа гарч болох уу гэхээр гарц нь цонх байдаг. Тэндээс гэрэл цацарч, эсвэл гадаа хүмүүс явж байдаг. Ингээд эрсдэл үүсээд байна. Тиймээс аав, ээж нар цонхоо хаалттай болгох хэрэгтэй. Ер нь бага насны хүүхдийг гэрт нь цоожилно гэдэг байж боломгүй үйлдэл. Үнэхээр яах ч аргагүй гарах болсон, цонх нь хамгаалалтгүй бол ядаж цонхны бариулаа тайлаад авчихаж болно. 1-2 минутын л ажил шүү дээ. Сүүлийн үеийн вакум цонхнуудын бариулыг тайлахад хэцүү зүйл байхгүй.
-Хамгийн хэцүү, эсвэл сэтгэл хангалуун үлдсэн аврах ажиллагаануудаас дурсахгүй юу?
Эргэж дурсахад их хүнд шүү дээ. Учир нь хэцүү дурсамжууд л хүний сэтгэлд тод үлдэх юм. Зам тээврийн осолд хүмүүс олноор өртөж байна. Энэ л тун харамсалтай, эмгэнэлтэй санагддаг. Нэг машинд зорчиж явсан хоёр хүн өөр, өөр бэртэлтэй байдаг. Нэг нь хөнгөн бэртэл авчихсан зүгээр сууж байхад хажууд нь гэр бүлийн хүн, найз нөхөд нь нас баричхсан байх жишээтэй. Ганц ялгаа нь нэг нь бүсээ зүүсэн, нөгөөх нь зүүгээгүй. Тиймээс хувь хүний хариуцлагаас шалтгаалж эрсдэл үүсч байгааг анхаараасай. Одоо хүйтэрч байна. Манай монголчууд өвөл их хэнэггүй байна. Хөдөө, эсвэл хотын ойр орчим байдаг хүмүүст гэр рүүгээ харихдаа машиныхаа шатахууныг тооцоолдоггүй. Замдаа цас хунгарласнаас болж машин сууна. Мөн өөрөө цасаа ухаад машинаа тойроод гүйгээд байдаг. Гэтэл машинд байгаа хүүхдийн хөл гар хайрагдаж, осгосон байх жишээтэй.
-Аврагчид ажлаа хийгээгүй явж байсан ч аливаа эрсдэлүүдийг олж хараад сурчихсан байдаг уу?
Тушаал авсан цэргийн алба хаагч амарч байгаа үедээ ч ард түмний аюулгүй байдлыг рефлексээрээ харж байдаг. Манай аврагчид заавал ажил дээрээ хүн авардаг гэж ойлгож болохгүй. Ажлын бус цагаар хүний амь аварсан тохиолдол олон бий. Тухайлбал, саяхан хотын захиргааны байранд гал гарсан. Тухайн үед хүмүүс сандралдаад юугаа ч мэдэхгүй байж байхад манай ангийн аврагч хажуугаар нь явж таарсан. Гүйж ороод бүх галын дохиоллоо асаа, галын хорнуудаа цуглуул, урагшаа хүмүүсээ гарга гэж байтал галын анги ирсэн жишээтэй. Бүх цагт аврагчид ажлаа хийж байгаа гэж олйгож болно. Дүрэмт хувцастай бол өнөөдөр байлдааны цагийн үүргээ гүйцэтгэж байна.
-Таны хүүхдүүд аавынхаа мэргэжлээр их бахархаж байдаг байхдаа?
Хамгийн сайхан зүйл нь энэ. Би гурван хүүхэдтэй. Хүүхдүүд маань ангийн найз нөхөд, багш нар, ойр, тойрны хүмүүстээ манай аав, эсвэл ээж аврагч хэмээн бахархан ярьж байна гэдэг сайхан. Бид ч яг эрсдэлтэй цуг алхаж, ажил хөдөлмөрийнхөө үр шим болгож цалин авч үр хүүхдээ тэжээж байна. Тиймээс алдах эрх байхгүй. Ээлжнээс буугаад үр хүүхдүүддээ эсэн мэнд очно гэдэг том харицлага.
Эх сурвалж: Өдрийн сонин 2019.10.15. №211/6312/
Холбоотой мэдээ