Зөв хандлагатай байхад мэдлэг, туршлага аяндаа бий болно шүү дээ

Хуучирсан мэдээ: 2019.10.15-нд нийтлэгдсэн

Зөв хандлагатай байхад мэдлэг, туршлага аяндаа бий болно шүү дээ

Зөв хандлагатай байхад мэдлэг, туршлага аяндаа бий болно шүү дээ

Энэ удаад зочинтойгоо алба хаагч, аврагч гэхээс илүүтэй хүн талаас нь ярилцахыг хичээлээ. Өнөөдрийн манай зочин бол Увс аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн салаан захирагчийн үүрэг гүйцэтгэгч, ахлах ахлагч Даалхайн ЗАЛУУХҮҮ.

-Анх удаа нуурын тэг дунд усан завин дээр зогсоод ярилцлага хийж байна. Энэ  боломжийг олгосон танд баярлалаа. Аз болж та бид хоёрт хэн ч саад болохгүй тухтай ярилцах нь…?

Сонин л тохиол байна.

 -Уншигчдынхаа нэрийг бариад ч яах вэ. Би тантай танилцахыг хүсч байна?

-Би Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн. Ойрын үед Улаангом хотод төвхнөөд амьдарч байна. Эхнэр дөрвөн хүүхэдтэй. Ер нь эцэг эхээсээ наймуулаа. Айлын долоо дахь хүүхэд.

Хэвшил болсон асуулт гэх үү дээ. Онцгой байдлын албанд орсон үеэ дурсвал?

-Ганц заяах амьдралд нэртэй төртэй зүтгээд үзье гэсэн бодолтой онцгой байдлын албанд орсон. Энэ албанд орсондоо өөрөөрөө би маш их бахархдаг. Манай Онцгой байдлын алба үүсэн байгуулагдаад 15 жил боллоо. Монгол Улс даяараа онцгойхныг мэддэг болсон. Өнгөрсөн жил манай Увс аймагт Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль болсон юм. Тэрнээс хойш нутгийн ард иргэд илүү их мэддэг болсон. Нэг суманд очиход л “Өө онцгой албаны хүмүүс ирж байна” гэдэг. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Шадар сайд байхдаа хэлсэн нэг үг байдаг. “Миний бор цэргүүдийг танайхаар орвол аяга цайгаар дайлаад гаргаж байгаарай” гэсэн. Одоо яг л тийм болсон. Олонд танигдсан, хүндлэлтэй.

 -Онцгой албанд орсон Залуухүү, энгийн явсан Залуухүү хоёрын өөрчлөлт хэр байдаг бол?

-Би энгийн байхдаа цэрэгт явж ирээд зүгээр л гудамж метрлэсэн хүн байсан. Энэ албанд орсноор хамгийн түрүүнд цагийг баримталж сурсан. Өглөө тогтмол цагт босно. Ажилдаа хоцрохгүй ирнэ. Энгийн боловч цаг баримталдаг зарчим хамгийн чухал. Онцгой албанд ажиллаж байгаа хүн бүр цагийг маш сайн баримталдаг. Бүх зүйл цаг хугацаа, тэр ч бүү хэл минут секундээр хэмжигдэж байдаг.

 -Энд ирсэн анхны өдөр би өөрийг тань барилгын ажлыг хариуцсан даамал нь юм байна гэж бодсон?

-Барилгын инженер боллоо. Одоо усан онгоцны жолоодогч хийж байна /инээв/. Усчин аврагч хийж үзсэн. Ой хээр, обьектын гал түймэрт их ажилласан. Энэ бүхэнд суралцсан. Цас зуд, байгалийн давагдашгүй хүчин зүйлийн эсрэг байнга бэлэн зогсох тангараг өргөсөн учир тэр үүргээ биелүүлэхийн төлөө бүх зүйлийг гүйцэтгэж байна. Би аврагч, гал сөнөөгч. Дөрөвдүгээр салаан захирагчийн үүрэг гүйцэтгэгч. Ер нь хүн ямагт бусдаасаа суралцах хэрэгтэй юм шиг. Амьдралд хэрэгтэйг нь аваад, хэрэггүйг нь хаяад явдаг. Хяргас нуурыг түшиглэсэн “Усны сургалт хяналт дадлагын төв”-ийг байгуулахад анхнаас нь гар бие оролцоод зүтгэж байна. Гэрээсээ гараад гурван сар боллоо. Тэр хооронд гурван удаа л харьсан. Манай ар гэр ч миний ажлыг маш сайн ойлгодог. Шөнө оройн цагт байнгын утас нээлттэй. Амарч байтал гэнэтхэн дуудлага гарна. Энэ үед арын албыг дааж өдий зэрэгтээ дэмжиж тусалж яваа ханьдаа маш их баярлаж явдаг. Энэ бол эхнэр хүний ухаан, тэсвэр шүү дээ.

-Олон хүн үлгэр дуурайлал авах, зөвлөгч “ментор”-той байдаг. Таны “ментор” хэн бэ?

-Хошууч генералыг манай байгууллагын хамгийн мундаг, яг бидний аав шиг хүн гэж бодож явдаг. Би өөртэйгээ нийлээд найман хүнийг 24 цагийн хугацаанд амь нас бүх зүйлийг хариуцаж байна. Хүн захирна гэдэг амаргүй юм байна. Гэтэл хошууч генерал энэ том айлыг авч явахын тулд бас л мундаг бодлого баримталж байгаа юм шүү гэдгийг салаан захирагчийн үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа ойлгосон.

-Дуудлагад явахад хамгийн түрүүнд юу бодогддог вэ?

-Ажлын байрандаа манай өрөө хоёрдугаар давхарт байрладаг. Түгшүүр дуугарлаа. Трубагаар доошоо бууна. Хувцсаа өмсөөд гарахад маш богино  хугацаа бидэнд байдаг. Тэрхэн хооронд нэг л мэдэхэд машинд суучихсан явж байдаг. Хаагуур яаж яваад машиндаа сууснаа мэддэггүй юм. Өөрөөр хэлбэл, энэ бол зүгээр л хэвшил, дадал болчихсон зүйл. Онцгой алба ингэж л биднийг сургаж, боловсруулж байна.

Таны хэлдэг үнэн шүү. Онцгой алба бидэнд их зүйлийг сургаж байна?

-Хүн ер нь 60-тайдаа ухаан ороод, 61-тэйдээ үхнэ гэсэн нэг үг байдаг даа. Амьдралынхаа туршид суралцсаар байгаад л үхдэг юм байна. Настнууд “миний насыг та нар тойрч гарахгүй, туулж гарна” гэж хэлдэг байсан. Тэр бол их үнэн үг юм байна.

-Нас нэмэхэд баярладаг байлаа. Одоо харин настайгаа уралддаг болж байна, тийм үү?

-Одоо би 41 настай. Хийж бүтээх асар их зүйл байна. Угтаа залуу байхдаа л жаахан ухаантай байсан болоосой гэж хааяа бодогддог. Гэхдээ зүгээр ээ. Хугацаа их байна. Албаныхаа 20 жилийн ой болоход бүтээн байгуулалтад гар бие оролцоно доо.

-Та ер нь яаж амьдрахсан гэж боддог вэ?

-Үр хүүхэдтэй хүн зугаалж цэнгэх биш тэднийхээ төлөө л амьдардаг. Үр хүүхдээ сургана, хүмүүжүүлнэ. Яг өнөөдрийн хувьд хүүхдүүддээ цаг зав гаргаад, сургаал айлдаад байх цаг хомс л байна. Би хоёр залуутай /хоёр бага хүүхэд нь/. Манай хоёр залуу “ааваа би улаан машины жолооч болно шүү, би гал сөнөөгч болно”  гэдэг юм. Олон төрөлтийн тэмцээн гэх мэт манай албаны хэмжээнд зохион байгууллагддаг, оролцдог тэмцээн уралдааны бэлтгэлд ээлжгүй үедээ хүүхдүүдээ авч явна. Хүүхэд хөндлөнгөөс хараад урам зориг, бахархал төрдөг юм шиг байгаа юм.

-Албаныхаа нэр төр, хүндлэлийг ард түмнээс мэдэрнэ биз?

-Бид цагаан сарын үеэр даргаас чөлөө аваад баярын бэлтгэлээ хийхээр хойшоо явсан юм. Манай эндээс Оросын хил 115 км. Дарга бидэнд өдрийн хугацаа өглөө. Тэгээд Чадан тосгоны дэлгүүрт ортол дүүрэн хүнтэй байв. Гэтэл тэнд байсан хүмүүс бүгд цаг руу хараад л зогсоод байна. Эвгүй сэтгэгдэл төрөөд хурдан юмаа аваад гарна даа л гэж бодсон. Учир нь дэлгүүр нь 11 цагаас архи зарж эхэлдэг юм билээ. Гэтэл хэсэг хүмүүс  “Монголиан МЧС” гээд хүндэтгэн бидэнд архиа барьсан. Оросын МЧС ямар их нэр хүндтэй байгууллага билээ. Гэтэл манай байгууллага цөөхөн жилийн түүхтэй хэдий ч тэдний хэмжээнд хөгжиж, танигдаж, хүндлэгдэж байгаад нь бахархаж байлаа. Мөн танайд орон тоо байгаа юу, танай албанд л ормоор байна гэсэн албанд орох хүсэл сонирхолтой залуус олон байгаад баярладаг. Цагдаа, цэргээс илүү манайх руу зүтгэж байна. Ямар учраас гэдгийг мэдэхгүй ч бидний алба нэр төртэй, хүмүүст амьдрал бэлэглэдэг болохоор тэр юм болов уу.

-Амьдрал их сонин. Та амьдралд хайртай байхад, ямар ч зорилгогүй, тэмүүлэлгүй хүн бас байж л байна. Та үүнийг юу гэж боддог вэ?

-Би өөрөө тийм мундаг хүн биш ээ. Арай л боловсорч гүйцээгүй байна. Миний хувьд залуу үеэ сурган хүмүүжүүлэх тал дээр анхаарах ёстой юм болов уу гэж боддог. Дээд сургууль төгсөөд диплом гардаж, ромбо зүүнэ гэдэг зарим хүний сэтгэлгээг эвдээд байгаа юм болов уу. Хог ачаад олсон мөнгөнөөс хогны үнэр гарахгүй шүү дээ. Цайны газар аяга таваг угаагаад ажиллаад өгөөч гэхэд “дээд сургууль төгсчихөөд яаж цайны газарт ажиллах юм”гэсэн хүүхэд олон байна. Сэтгэлзүй гэдэг арай л ялзарч байгаа юм шиг.

-Ингэхэд та ямар сургууль төгссөн, ямар мэргэжилтэй хүн бэ?

-Би ерөнхий боловсролын сургууль төгсөөд цэрэгт явсан. Тэндээс коллежид цахилгааны чиглэлээр сурч төгссөн. Дараа нь гагнуурын чиглэлээр бас төгссөн. Тусгай дунд боловсролтой ийм л хүн.

 -Сүүлийн үед мэдлэг туршлага бус, тухайн хүний хандлагыг ажил олгогчид нэн тэргүүний шалгуурт тавьдаг болсон гэсэн?

-Мундаг шаардлага байна. Зөв хандлагатай байхад мэдлэг, туршлага аяндаа бий болно шүү дээ. Хамгийн гол нь тийм зөв хандлагатай хүнийг олж ажилд авна гэдэг л хэцүү, одоо цагт. Тийм хүн ховорджээ. Анхнаасаа тэр хүн албанд зүтгээд, сургаад, сэтгэлгээг нь өөрчлөхөд ялгаагүй л боловсорно. Усанд хийсэн хувцсыг мушгиад тавихад хатдагтай адил. Би ахлагч бүрэлдэхүүнээ байгууллагынхаа цөм нь гэж боддог. Удирдлагууд бол үүрэг чиглэл, бодлогоор хангаж байна. Одоо харин залуучууд албаа гэсэн сэтгэлтэй байвал маш хурдан хөгжинө. Үүнд хүн бүрийн оролцоо, дэмжлэг хэрэгтэй. Манай зарим алба хаагчид аав, ээжээс нь тасалж өгсөн хэд гурван малтай. Тэгтэл бүтээн байгуулалт, барилгын ажил хийж байхад хувиасаа хонь, ямаагаа аваад ирж байна. Тийм сэтгэлтэй залуус олон бий. Тэд илүүдсэндээ биш, өөрийнхөө хүүхдэд өгөх хоолноос хугаслаад алба хаагчиддаа өгч байна шүү дээ.

 -Тэгвэл дарга хүн ямар байгаасай гэж та боддог вэ?

-“Эрэмбэ сайхан, баавар муухай” гэж үг бий. “Баавар” гэдэг зан хүнийг хамгийн их эвддэг юм болов уу. Хүн болгон адилгүй. Гэхдээ, хүн хүнтэйгээ хүн шиг харьцаасай л гэж боддог. Хаа явж манай дарга нар хүний төлөө юмдаа. Манай П.Ууганбаяр дэд хурандаа байна. Энэ хүн бол энийг хийчих юмсан гэж түүнийхээ төлөө ханцуй шамладаг. Эвийн, хамтын хүч хамт олонд их хэрэгтэй. Бод доо. Манай төвийн хажууханд байгаа амралтын газар байна. Өнгөрсөн зун долдугаар сард эхэлсэн. Хоёр хүн ажил хийдэг. Нэг хүн харж суудаг. Тэгээд бүтэн жилийн хугацаа зарцуулж байна. Гэтэл бид энэ төвөө байгуулахад үндсэндээ сар гаруйхан хугацаа л зарцуулсан.

-Хамт олноо тодорхойлбол…?

-Зангидсан гар шүү дээ /Инээв/. Манай хамт олон. Ер нь хүндлүүлэх зүйлийг хүн өөрөө л хийх ёстой. Тэр хүнд яаж хүндлүүлмээр байна, би өөрөө тийм л байж үлгэрлэн үзүүлэх хэрэгтэй байх. Алдаа гаргаж болохгүй. Тэр чинь том үүрэг, хариуцлага.

Тантай ярилцахад сайхан байлаа. Таны хэлэх дуртай үгээр ярилцлагаа төгсгөхийг хүсч байна?

-“Санаа зөв бол, заяа зөв”. Зөв сэтгэлтэй л байгаасай. Тэр цагт бүх зүйл  болоод л ирнэ.

Эх сурвалж:“Онцгой мэдээ” сонин

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж