Сайжруулсан шахмал түлшийг бүрэн гүйцэт шатаж дууссаных нь дараа дахин түлээ түлж, дээр нь түлшээ хийхгүй бол дутуу шаталтын улмаас угаартаж болзошгүй байгаа. Өмнө нь нүүрс хэрэглэж байхад улаассан цогон дээр нь нүүрсээ хийхэд угаартдаггүй байсан юм. Сайжруулсан түлш хэрэглэх болсноор модны хэрэглээ нэмэгджээ. Энэ талаар сурвалжлага бэлтгэхээр сайжруулсан шахмал түлш болон түлээний борлуулалтын цэгүүдийг зорин очсон юм.
“Сайжруулсан шахмал түлш хэрэглэхийн тулд мод их хэрэглэж байна. Сайжруулсан шахмал түлшний цогон дээр нэмж түлш хийхээр асахгүйн дээр угаартаж болзошгүй. Өчигдөр гэхэд манайх хоёр уут сайжруулсан шахмал түлш авсан чинь нэг нь нунтаг ихтэй байсан. Тэр нунтаг нь асахгүй, уугиад муухай үнэр гарч байна лээ. Тэгээд мод өрдөж галаа асаахгүй л бол болохгүй юм байна” хэмээн “Хангай” захын үүднээс мод худалдан авч буй эмэгтэй учирлав. Тэрбээр 20 шуудай мод бөөндөн авсныгаа суудлын жижиг машинынхаа арын хэсэгт хийж байв. “Өмнө нь нүүрсээр галлахдаа цогон дээр нь нүүрсээ нэмж хийхэд асчихдаг байсан бол энэ шахмал түлшийг хэрэглэхэд мод их хэрэглэж байна. Тиймээс би одоо 20 шуудай мод худалдаж авч байна. Энэ янзаараа модоо нэг сар түлэхгүй байх. Ид хүйтэн эхлээгүй байхад ийм байгаа юм чинь өвөл хүйтрээд ирэхээр яах билээ. Одоо орой унтахдаа сайжруулсан шахмал түлш түлээд унтахаасаа айдаг болсон. Өглөө тэр чигээрээ сэрэхгүй бол яана вэ. Манайх нялх хүүхэдтэй айл. Энэ өвлийг яаж давна даа. Түлшиндээ их л зарлага гаргаж байна” гэдгийг хэлсэн юм. Харин мод худалдаалж буй эмэгтэй “Мод түлж байж сайжруулсан түлш асч байгаа учраас модны борлуулалт сайн байгаа гэдгийг хэлж байв.
Модны үнийн тухайд нарс мод нэг шуудай нь 3000, хагалсан нарс мод 3500, хар мод 5000, үртсэн харандаан түлш 7500 төгрөгийн үнэтэй худалдаалж байна. Модны үнэ ноднингийн үнээсээ нэмэгдээгүй гэдгийг модны худалдаачид хэлж байв.
“САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШ ХЭРЭГЛЭХИЙН ТУЛД ЗААВАЛ МОД ӨРДӨЖ АСААХ ЮМ”
Нийслэлийн Баянгол дүүрэг дэх түлшний борлуулалтын цэгээс иргэд сайжруулсан шахмал түлш худалдан авахдаа нэгээс хоёр шуудай мод худалдан авч байгаа харагдав. Тус дүүргийн 11 дүгээр хорооны иргэн Я.Жаргалтуяа “”Сайжруулсан шахмал түлш хэрэглэхийн тулд заавал мод өрдөж асаах юм. Хуучин нүүрснийхээ цогон дээр нэмээд нүүрсээ хийхэд асуудалгүй асдаг байсан бол одоо тэгж чадахгүй байна. Сайжруулсан түлшний цогон дээр хийхээр уугиад асдаггүй. Угаартаж ч болзошгүй. Тэгээд л хоёр шуудай шахмал түлш, нэг шуудай мод авах гээд зогсч байна” гэлээ.
Түлш борлуулах цэгийг 10 гаруй жил ажиллуулж буй Ш.Борчулуун “Ер нь хүйтрээд ирэхээр модны борлуулалт дагаад сайн болдог. Хүмүүс сайжруулсан түлшээ аваад л мод худалдан авч байна. Хуучин нүүрсээ аваад л мод худалдан авдаг байсан шүү дээ. Манайх Цайз захаас модоо татаж, худалдаалдаг. Тэндээс дээд тал нь 4500 төгрөгөөр бөөндөж авдаг. Сэрүүн өдрүүдэд мод, түлш худалдаж авах гэсэн хүний хөлд дарагддаг” гэлээ.
“ЭНЭ ӨВӨЛ МОДНЫ ХЭРЭГЛЭЭ НЭМЭГДЭХ ШИНЖТЭЙ БАЙНА”
Зарим иргэд гэр хорооололд мод борлуулахаар цэг байгуулан шуудайтай түлээг олноор нь өрсөн харагдав. Учрыг эзнээр нь асуувал “Энэ өвөл сайжруулсан шахмал түлш хэрэглэж байгаатай холбоотойгоор модны хэрэглээ нэмэгдэх шинжтэй байна. Түүхий нүүрс хэрэглэж болохгүй учраас сайжруулсан шахмал түлшээс гадна модоор галлана шүү дээ. Зарим иргэд айгаад сайжруулсан түлш хэрэглэж чадахгүй байна. Мод худалдан авч түлж байна гэж ярьж байна. Гэхдээ түлээний өртөг өндөр. Хэрвээ мод маань гүйлгээ муутай байвал өөр түлш худалдаалах бодолтой” байгаа гэлээ.
Харин Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороонд байрлах сайжруулсан шахмал түлш борлуулах цэг ганц нэгээр машин тасрахгүй байлаа. Борлуулагч нь “Иргэд мод зөндөө авч байна. Манай цэг дээр мод нэг шуудай нь 3000 төгрөгийн үнэтэй байна. Нэг өдөрт 30 мод ирлээ гэхэд хоёр хоноод л дуусдаг. Түлш худалдахдаа нэг айлд зургаан сайжруулсан шахмал түлш өгч байгаа. Ингэхдээ заавал картаа уншуулж авна. Зарим иргэд нь хорооноосоо үнэ төлбөргүй тарааж байгаа картаа авалгүйгээр шууд шахмал түлш авья гэж хандах юм. Бид картгүй бол шахмал түлш худалдахгүй байгаа” гэв.
Тус дүүргийн тавдугаар хорооны иргэн Э.Шинэзоригт “Мод ахиухан хэрэглэж байна. Бараг галлах болгондоо мод хэрэглэж байна. Одоохондоо модоо ганц нэгээр нь худалдаж аваад л түлшиндээ хэрэглэж байгаа” гэсэн юм.
“Ер нь сайжруулсан шахмал түлш хэрэглэхэд мод тодорхой хэмжээгээр хэрэглэж байна. Галаа асаагаад унтрахаар нь заавал модоор галлаж галаа асааж байгаа. Модны хувьд сайн борлогдож байна. Модноос гадна үртсэн харандаан түлшийг хүмүүс завсар хийж түлж байна. Энэ түлш нь 20 кг нь 8000 төгрөгөөр худалддаг. Модыг бодвол арай удаан шаталттай юм билээ. Зарим иргэд нь сайжруулсан шахмал түлш хэрэглэхээр угаартаж үхмээргүй байна гээд харандаан түлш худалдаж авах юм. Нэг хэсэг төслийн зуух гарч байхад дэлбэрлээ гээд байсан шиг л юм болж байх шиг байна” гэдгийг модны худалдаачин хэлж байлаа.
САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШ ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Иргэд сайжруулсан шахмал түлшийг түлэх технологийг зөрчих, зуухны бэлэн байдал хангагдаагүйн улмаас угаартаж эрүүл мэндээрээ хохирох, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарч байна. Тиймээс түлшийг түлэхдээ дараах зааврыг чандлан мөрдөхийг анхааруулж байгаа юм.
- Түлшийг чийггүй хуурай орчинд хадгалах
- Ханан пийшинг хөөлж цэвэрлэн, агаарын урсгалыг чөлөөтэй болгох
- Зуух пийшингийн битүүмжлэлийг шалгаж нягтлах
- Зуух, пийшингийн янданг хөөлж цэвэрлэх
- Янданг хэт нам дор байрлуулаагүй эсэхийг нягтлах
- Түлшний дүүргэлтийг 60-70 байхаар тооцож хэт ихээр дүүргэж хийхгүй байх.
Түлшийг уламжлалт зуух, төслийн зуух, ханан пийшин зэрэгт түлэхэд асуудалгүй, туршилтаар баталгаажсан гэж мэргэжилтнүүд нь хэлж байна. Харин нам даралтын зуухтай айлууд зуух нь халахгүй бгаа тохиолдолд 7011-9400 утсаар дуудлага өгч үнэгүй зуухаа засуулж, заавар зөвлөгөө авах боломжтой юм.
Гэрэл зургийг Г.Билгүүн
Холбоотой мэдээ