"14 хүнийг халж “Ачтан”-гаас 10 хүн авсан"

Хуучирсан мэдээ: 2019.10.15-нд нийтлэгдсэн

"14 хүнийг халж “Ачтан”-гаас 10 хүн авсан"

"14 хүнийг халж “Ачтан”-гаас 10 хүн авсан"

Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн захирлаар энэ оны долдугаар сарын 10-наас эхлэн томилогдсон З.Балдандугар нь тус эмнэлгийн эмч, ажилчдыг үндэслэлгүйгээр ажлаас нь халсан талаарх мэдээлэл олны анхааралд буй. Үүгээр зогсохгүй ажлаас халсан эмч нарынхаа оронд “Ачтан” эмнэлгийн эмч, ажилчдыг ажиллуулж байгаа гэнэ. Учир нь, З.Балдандугар нь “Ачтан” эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч даргаар ажиллаж байсан юм. Энэ асуудал үнэн эсэхийг З.Балдандугар захирлаас тодруулахад “Томуугийн дэгдэлт эхэлсэнтэй холбоотойгоор маш завгүй ажиллаж байна. Надтай холбоотой энэ асуудлаар хэвлэлд ямар ч тайлбар өгөхгүй. Зав ч алга” гэсэн юм.

АЖЛААС ХАЛСАН АСУУДАЛ ШҮҮХИЙН ШАТАНД ЯВНА

Үндэслэлгүйгээр ажлаас халагдсан гэх эмч нарын төлөөлөл Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн Мэс заслын тасгийн эрхлэгч Ж.Хуягбаатараас яг ямар шалтгаанаар ажлаас халагдсан талаар нь асуухад “Ажлаас халсан асуудал одоо шүүхийн шатанд яваа. Тиймээс мэдээлэл өгч болохгүй” гэсэн юм. Түүнийг удирдлагын зөвлөлд танилцуулалгүй харьяаллын бус хүнд яаралтай мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлсэн гэх шалтгаанаар ажлаас нь халсан байна.

Тодруулбал, Баянгол дүүрэгт түр оршин суугч Сүхбаатар дүүргийн харьяалалтай иргэн сахараас үүдэж хөл нь үхэжсэн гэх оноштойгоор Баянгол дүүргийн эмнэлэгт ханджээ. Тухайн үед өвчтөний хөл нь үнэр орж, өмхийрсөн байсан тул хэдий бямба гариг байсан ч Ж.Хуягбаатар эмч хүлээн авч, хөлийн хурууг нь тайрч яаралтай арга хэмжээ авчээ. Ингэснээр Ж.Хуягбаатар эмч ажлаасаа халагдсан байна.

Ж.ХУЯГБААТАР ЭМЧИЙГ ХАЛААД ОРОНД НЬ "АЧТАН" ЭМНЭЛГЭЭС ХҮН ТОМИЛСОН 

Түүнчлэн Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн шинэ дарга З.Балдандугар нь нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ эрхэлсэн орлогч дарга Н.Болдбаатарыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр үзэл бодлоо илэрхийлсний төлөө хамтран ажиллах боломжгүй гэдэг шалтгаанаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Энэ талаар Н.Болдбаатараас тодрууллаа.

-Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн захирал Ө.Батжаргалыг  ямар шалтгаанаар ажлаас нь халсан юм бол?

-Баянгол дүүрэгт харьяалалтай гурван эхийн эндэгдэл гарсан гэх шалтгаанаар ажлаас нь чөлөөлсөн. Үүнд Чингэлтэй дүүргийн харьяат, Баянголд түр амьдарч байгаа эх ч багтсан байгаа.

-Шинэ захирал одоогоор хэчнээн хүнийг ажлаас нь халаад байна вэ. Ажлаас халагдсан хүмүүсийн оронд  “Ачтан” эмнэлгээс хүн авч байна гэж байна. Энэ нь ямар шалтгаантай вэ?

-З.Балдандугар долдугаар сарын 10-нд Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн захирлаар томилогдсоноосоо хойш 14 хүнийг ажлаас нь халсан. Ингээд халагдсан хүний оронд бас шинээр ажлын байр бий болгож 33 хүнийг ажилд авсан байна. Үүний 10 орчим нь “Ачтан” эмнэлгээс ирсэн хүмүүс байгаа. Мөн одоо ажиллаж байгаа хүмүүсээс өөрийг нь эсэргүүцсэн постонд лайк дарсан, таалагдахгүй байна гэх шалтгаанаар найман хүнд сахилгын арга хэмжээ авсан. Мөн олон жил ажилласан 10 хүнд ажил чөлөөлөхийг хүссэн мэдэгдэл хүргүүлээд байгаа.

Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв нь Мэс заслын тасагтай. Энэ тасагт хагалгаанд орох хүмүүсийг “Ачтан” эмнэлэг рүү явуулах гэж, “Ачтан” эмнэлгийн орлогыг нэмэгдүүлэх л гэж ийм ажил хийж байгаа юм. Мэс заслын тасгийн эрхлэгч Ж.Хуягбаатарыг ажлаас халсныхаа маргааш нь "Ачтан" эмнэлгээс нэг залууг оронд нь томилсон.

Түүнчлэн Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн захирал З.Балдандугарыг хууль бусаар томилсон гэж үзэж болох юм байна. Тухайлбал, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар нь долдугаар сарын 10-ны Б/34 дугаартай тушаалаар Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга байсан Ө.Батжаргалыг тухайн өдрөөр тасалбар болгож ажлаас чөлөөлөхөөр болсон байна. Ингэхдээ тус дүүргийн Засаг даргатай зөвшилцөөгүй аж. Энэ нь Эрүүл мэндийн тухай хуулийн 12.2-т зааснаар “Аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга нь тухайн шатны Засаг даргатай зөвшилцөж, харьяа нэгдсэн эмнэлгээс бусад эрүүл мэндийн байгууллагын даргыг хууль тогтоомжид заасны дагуу томилж, чөлөөлнө” гэснийг зөрчжээ.

Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байсан Ө.Батжаргал шүүхэд хандсан байна.

Мөн З.Балдандугар нь Баянгол дүүргийн 2016 оны сонгуулийн үеэр МАН-аас дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд VI хорооноос нэр дэвшээд ялагдаж байжээ. Энэ нь тус томилгоо улс төртэй холбоотой гэж харж болохуйц байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ТэнэглэлТэнэглэл
6
ХарамсалтайХарамсалтай
5
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж