Улаанбаатар олон улсын кино наадам эхэллээ | News.MN

Улаанбаатар олон улсын кино наадам эхэллээ

Улаанбаатар олон улсын кино наадам эхэллээ

Улаанбаатар олон улсын кино наадам эхэллээ

Жил бүрийн намар кино урлагт хайртай хэн бүхний хүсэн хүлээдэг “Улаанбаатар” олон улсын  кино наадам 11 дэх жилтэйгээ золгож байна. Тус наадам өчигдөр /2019.10.14/ албан ёсны нээлтээ  найруулагч  Фабиен Бертодын “Ер бусын ертөнц” киногоор эхлүүллээ.

Монгол, Франц, Бельги  уран бүтээлчдийн хамтран бүтээсэн уг дэлгэцийн бүтээл нь 2019 оны Венецийн олон улсын кино наадмын Шилдэг найруулагчийн шагналд нэр дэвшсэн бөгөөд франц эмэгтэйд тохиолдсон бодит явдлаас сэдэвлэн бүтээжээ.

Киноны үйл явдлаас товчхон дурдвал, Корин гэх эмэгтэйн  хайрт Пол нь нас барснаар Парисаас Монголд түр аялахаар ирнэ. Тэрбээр Удган Оюунтай уулзсанаар түүний түр аялах төлөвлөгөө үндсээрээ өөрчлөгдөж буйгаар киноны үйл явдал өрнө. Удган Оюуны дүрийг Гавьяат жүжигчин Монгол Улсын Гавьяат жүжигчин Д.Цэрэндарьзав бүтээсэн юм.

Энэхүү киногоор франц эмэгтэйд тохиолдсон бодит түүхээр дамжуулан Монголын бөөгийн соёлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайлбарлахыг зорьжээ. Уг киноны талаар уран бүтээлчдийн сэтгэгдлээс хуваалцав.

“Ер бусын ертөнц” киноны Продюсер КРИСТИН ПОЛЛЕЛ: 

Энэхүү киног Франц эмэгтэйн бодит түүхээс сэдэвлэсэн зохиолоор бүтээсэн юм. Хэдэн жилийн өмнө Монголд ирсэн  франц эмэгтэй бөөгийн зан үйл, далд ертөнцийн дуудлагатай дотоод ертөнцөөрөө холбогдсон бодит түүх байгаа юм. Энэ эмэгтэй бөөгийн соёл, зан үйлийн тухай нууцыг анагаах, шинжлэх ухааны талаас тайлахаар оролдож буйг кинонд өгүүлнэ.

“Ер бусын ертөнц” киноны Продюсер ЖУЛИ ФЛАМЕНТ: 

-Франц, Бельгийн уран бүтээлчид Монголд ирж, Монгол уран бүтээлчидтэй хамтран Хөвсгөл аймагт кино зураг авалтаа хийсэн. Кино уран бүтээлчдийн багийн хувьд зарим тохиолдолд хэлний бэрхшээл байсан. Гэлээ ч уран бүтээлийн сайн хамтрагчид болсон учраас киногоо амжилттай бүтээлээ. Энэхүү кинонд продакшны болон продюсер, найруулагч, гол дүрийн жүжигчид ихэнх нь эмэгтэйчүүд давамгайлсан зургийн баг байж, уран бүтээлээ танилцуулж байна.

Монгол Улсын Гавьяат жүжигчин Д.ЦЭРЭНДАРЬЗАВ: 

-Франц, Бельгийн уран бүтээлчидтэй хамтран ажиллахад эхний үед хэлний бэрхшээл байсан. Удалгүй бид нэгнийхээ хэлэх гэж буй санааг  харцаараа ойлгодог болох хүртлээ нэг баг болж зураг авалтаа амжилттай дуусгасан.  Гэхдээ надтай хамтарч Монгол орчуулагч эмэгтэй маань кинондоо  орчуулагчийн дүр бүтээсэн. Нөгөө талаараа би театрт олон жил тоглосон болохоор киноноос эмээдэг. Кино бол их амьдралд ойрхон тоглолт шаарддаг.

"ХИЙМОРЬ", "БИ НАР", "ХАЛУУН ЗҮРХ"  ШИЛДЭГ КИНОГООР ШАЛГАРЧЭЭ

Энэ сарын 14-20-ны өдрүүдэд үргэлжлэх “Улаанбаатар” олон улсын кино 11 дэх удаагийн наадмын үеэр АНУ, Герман, Исланд, Монгол, Хятад, Солонгос, Франц зэрэг есөн орны 18 бүтээлийг үзэгчдэд толилуулах юм байна. Тухайлбал, энэ жилийн наадамд Каннын кино наадмын “Алтан далдуу мод” шагналыг хүртсэн БНСУ-ын найруулагч Бун Жун У-гийн “Шимэгч”, Берлины кино наадмын уралдаант хэсэгт шалгарсан Македоны найруулагч Теона Штругар Митевскагийн “Бурхан байдаг” буюу “Петруниа” киног тус тус толилуулах юм. Тэгвэл Монгол уран бүтээлчдийн найруулагч Г.Эрдэнэбилэг “Хийморь”, найруулагч Д.Сэнгэдорж “Би нар”, жүжигчин найруулагч Д.Ганцэцэг “Халуун зүрх” кино энэ жилийн кино наадамд шалгарч, үзэгчдэд дахин хүрэхээр болжээ.

Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэх, дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг үзэгчдэд хүргэх зорилготой энэхүү наадмын уран сайхны удирдагч, Монгол киноны уралдаант хэсгийн ахлагчаар кино найруулагч, зохиолч, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Жигжидсүрэн ажиллажээ. Эдгээр гурван киног наадмын дөрвөн зарчмаар шалгаруулсан тул дотоодын кинонуудаас хамгийн “шилдэг” нь гэж дүгнэж болохоор аж.

МОНГОЛД МЭРГЭЖЛИЙН ПРОДЮСЕРИЙН ХИЙСЭН КИНО БАЙХГҮЙ Ч УРАН БҮТЭЭЛЧДИЙН ЧАНСАА  ШАТ АХИЖ БАЙНА

Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Г.ЖИГЖИДСҮРЭН: 

“Улаанбаатар”  кино наадам бол 11 дэх удаагаа зохиогдож байгаа олон улсын хэмжээний наадам. Үзэгчид, кино сонирхогчид тэсч ядан хүлээдэг болсон маш их хүлээлттэй, хэрэгцээтэй, хүмүүсийн сонирхол татсан ийм арга хэмжээ болж байна гэж би сүүлийн жилүүдэд харж байгаа. Уралдаанд ирүүлж буй бүтээлүүдээс харахад кино уран бүтээлийн чанар шат ахиж явна. Залуу уран бүтээлчдээ дэмжсэн их сайхан арга хэмжээ болж байна.  Энэ жилийн кино наадам зөвхөн “уран сайхны кино”-ны хэсгээр уралдаанд шалгарсан.

Энэ төрөлд уралдаанд ирүүлсэн кинонуудаас урьдчилан сонгон шалгаруулалт явуулсны эцэст “Хийморь”, “Би нар”, “Халуун зүрх” кино шалгарлаа. Киног “шилдэг кино, “шилдэг зохиол”, “шилдэг найруулагч, “шилдэг продюсер гэсэн дөрвөн номинацаар шалгаруулсан. Гэхдээ “шилдэг продюсер” номинацид эдгээр гурван киног шүүж үлдээхэд их эргэлзсэн.

Үнэнийг хэлэхэд, Монголд мэргэжлийн продюсерээр хийсэн кино байхгүй шүү дээ. Нэг талаас нь харахад дутагдалтай тал олон байгаа ч сүүлийн үеийн кино урлагийн салбар, уран бүтээлчдийн чадвар хөгжиж байна гэлээ.

МОНГОЛЫН КИНО УРЛАГИЙН ЧАНСААГ ШАЛГАНА

Тус наадам нь Монгол киноны уралдаант хэсэг, Олон улсын уралдаант бус хэсэг, Онцлох орны кино хөтөлбөр, Кино форум, Кино салбарын сургалт гэсэн үндсэн таван хэсгээс бүрдэх ба дэлхийн шилдэг Канн, Венец, Берлин, Торонто, Локарно, Шанхай, Сидней, Эдинбург, Мюнхен зэрэг олон улсын кино наадамд шалгарч, шагнал хүртсэн шилдэг кинонуудыг үзэгчдэд толилуулж байгаа юм. Энэхүү кино наадмын өдрүүдэд гаднын уран бүтээлчид Монголын кино урлаг хөгжиж чадсан эсэх, уран бүтээлчдийн чансааг дүгнэхээр иржээ.

Б.ЦЭЦЭГ

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж