Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар БНБУ-ын Минск болон АНЭУ-ын Абу Даби хотуудад Элчин сайдын яамд, БНХАУ-ын Манжуур хотод Консулын газар нээхийг гишүүдийн олонх дэмжиж, холбогдох тогтоолын төслүүдийг баталсан билээ.
Тиймээс "News" агентлаг "ХУУЛЬ ТӨРСНИЙ ДАРАА" буландаа дээрх хотуудад Элчин сайдын яам шинээр байгуулснаар манай улсад болон иргэдэд ямар боломжууд бий болох талаарх мэдээллийг багцлан хүргэж байна.
Манай улсад Бүгд Найрамдах Беларусь улс, Арабын Нэгдсэн Эмират улсууд Элчин сайдын яамаа 2-3 жилийн өмнө нээсэн. Харилцан адил байх зарчмын хүрээнд айлын талаас дипломат шугамаар тавьсан хүсэлтийг нь харгалзаад Элчин сайдын яамд нээх шаардлагатай гэж ГХЯ үзжээ. Минск бол Европоос Монголтой хийгдэж байгаа худалдааны дамжин өнгөрөх гол зангилаа боомт юм. Хайлаар дахь Консулын газрыг түр хаачихсан учраас хилийн боомтуудтай ойрхон газар буюу Манжуурт бага орон тоотойгоор Консулын газар нээхээр болов. Урд хилийн боомтуудаар манай улсын ачаа тээвэр их гардаг. Тиймээс иргэддээ ойр Консулын үйлчилгээ үзүүлэх шаардлагатай гэдгийг ГХ-ны сайд Д.Цогтбаатар тодотгосон.
Манжуур хотын тухайд
Манжуур хот нь гурван улсын хилийн бүс нутагт байршилтай боомт хотоос гадна Улаанбаатар-Манжуурын чиглэлд “Хүннү-Эйр” ХХК долоо хоногт таван удаа шууд нислэг үйлддэг, аялал жуулчлалын зорилгоор манай иргэд олноор зорчдог бөгөөд цаашид улам өсөх хандлагатай байгааг тэрбээр танилцуулгынхаа эхэнд дурдсан. Түүнчлэн дээр дурдсан хилийн боомтуудаар зорчиж буй иргэдийн эрх ашгийг хамгаалах, зөрчигдсөн тохиолдолд дэмжлэг туслалцаа үзүүлэхэд газар зүйн хувьд ойр байршилтай гэж үзжээ. Тухайлбал, 2017 онд давхардсан тоогоор манай 148912 иргэн, 2018 онд давхардсан тоогоор 256769 иргэн Сүмбэр-Рашаан, Хавирга-Ар хашаат, Баянхошуу-Өвдөг, Ханги-Мандал боомтуудаар дамжиж Манжуурт зорчсон байна. ӨМӨЗО-ны Хөлөнбуйр, Хянган аймгийг Манжуурын Консулын газрын тойрогт хамруулбал тус бүс нутагт буй БНХАУ-ын иргэд виз авахаар Эрээн хүртэл 1500 орчим км зорчихгүйгээр Манжуураас авах боломжтой болох юм байна.
БНХАУ-ын Манжуур хотод Монгол Улсын Консулын газрыг нээн ажиллуулснаар тус хот болон дээрх боомтуудаар зорчиж буй иргэдийн эрх ашгийг хамгаалах, тэдэнд консулын үйлчилгээг түргэн шуурхай хүргэх боломжтой бүрдэж байгаа юм.
Манжуур дахь Консулын газрыг гурван орон тоотойгоор байгуулахаар зардлыг 2019 оны төсөвт тусгажээ.
Беларусь Улсын тухайд
Беларусь нь Баруун Европын орнуудыг Азитай, Хар далайн эргийн бүс нутгийг Балтийн тэнгистэй холбох тээврийн гол зангилаа хэсэгт оршдог, дамжин өнгөрөх тээврийн чухал нутаг дэвсгэр бөгөөд экспортод чиглэсэн аж үйлдвэр, хөдөө аж ахуй, барилга, тээвэр зуучлалын салбар хөгжсөн, Евразийн эдийн засгийн холбооны гишүүн улс юм. Тус улстай хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, уул уурхай, зам тээвэр, логистикийн салбарт харилцан ашигтай хамтран ажиллах нөөц бололцоо бий гээд энэ хүрээнд Беларусийн уул уурхай, хөдөө аж ахуй, нийтийн тээврийн болон барилгын салбарын машин механизмыг хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдан авах, мал аж ахуйн түүхий эдийг боловсруулах хамтарсан төслүүд хэрэгжүүлэхээр ажиллаж буй.
Хоёр улсын Засгийн газарт хөдөө аж ахуй, барилга, хот байгуулалт, тээвэр логистикийн салбарыг харилцан ашигтай, бие биеэ нөхсөн хэлбэрээр хөгжүүлэх сонирхол, боломж байна. Түүний дотор сүүний кластер, агро хотхон, керамик шил, лифтний үйлдвэрийг байгуулах, манай улсын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг дэмжихэд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх бүрэн боломжтой юм.
Беларусь Улсад Элчин сайдын яамтай болсноор дээрх төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ хил, гааль, худалдааны чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлж, манай улсын экспорт, импортын барааны эргэлтийг сайжруулах, тээвэр, логистикийн төслийг хэрэгжүүлэх, Брестийн боомтоор дамжин манай улсад ирж буй ачаа, тээврийн үнэ, тарифыг бууруулах чиглэлээр үр дүнтэй ажиллах нөхцөл бүрдэх юм.
Беларусь Улс дахь Элчин сайдын яамыг гурван орон тоотой байгуулахаар төлөвлөж, зардлыг 2019 оны төсөвт тусгажээ.
АНЭУ-д Элчин сайдын яам
АНЭУ-д Элчин сайдын яам байгуулснаар Абу Дабигийн хөгжлийн сан, Абу Дабигийн хөрөнгө оруулалтын газар зэрэг хөгжлийн сан, санхүүгийн байгууллагуудтай шууд холбоо тогтоон, ойр хамтран ажиллах, хувийн хэвшлийн хүрээнд хамтын ажиллагааг дэмжих замаар хөрөнгө оруулалт татах зэрэг шинэ боломж нээгдэнэ гэдгийг ГХ-ны сайд Д.Цогтбаатар тодотгосон. Тухайлбал, Эмират Улс нь махны хэрэгцээнийхээ 90 орчим хувийг гаднаас импортоор авдаг, махны эрэлт хэрэгцээ нь хурдацтайгаар нэмэгдэж байгаа тул манай улс мах экспортлох чиглэлээр хамтран ажиллах бүрэн боломжтой гэж үзжээ.
АНЭУ-ын Абу Даби хотод 102 орны Элчин сайдын яам ажилладаг бөгөөд тус улс Элчин сайдын яамаа Улаанбаатар хотод 2016 онд нээсэн. Иймд харилцан адил байх зарчмын хүрээнд хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, хамтын ажиллагааны нөөц бололцоог бүрэн дүүрэн ашиглах зорилгоор Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу Даби хотод Монгол Улсын Элчин сайдын яам байгуулах нь зүйтэй гэж үзсэн байна.
Монгол Улсад 20 гаруйхан орны Элчин сайдын яам байдаг тул энэ хүрээгээ тэлэх нь гадаад бодлогын асуудал. "Арабын Нэгдсэн Эмират Улс Монголд багагүй хөрөнгө оруулалт хийж ирсэн. Тухайлбал, Говь-Алтай аймгийн усан цахилгаан станцын санхүүжилтийн эх үүсвэрийг тус улсын хөнгөлөлттэй зээлээр бүрдүүлсэн бөгөөд өнөөдөр олон сум цахилгаанаар хангагдаад байна. Тус улс Монголд буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл их үзүүлдэг төдийгүй энэ хүрээнд олон сургууль, цэцэрлэг баригдаж байна. Нөгөөтэйгүүр, Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу Даби, Дубай хот нь дэлхийн санхүү, ялангуяа үл хөдлөх хөрөнгө, технологийн шинэчлэлийн том төв болж хувирсан. Санхүү, үл хөдлөх хөрөнгийн том төвийн “үүдэнд” Элчин сайдын яамаа нээн ажиллуулснаар тэндхийн хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж, ажиллах шаардлагатай байна" гэдгийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хэлсэн билээ.
Абу Даби дахь Элчин сайдын яамыг гурван орон тоотой байгуулахаар төлөвлөсөн бөгөөд Эмиратын талаас зарим зардлыг хариуцахаа мэдэгджээ.
Холбоотой мэдээ