Ч.Хүрэлбаатар: Монгол Улсын нийт өр 29.7 тэрбум доллар байна 

Хуучирсан мэдээ: 2019.10.14-нд нийтлэгдсэн

Ч.Хүрэлбаатар: Монгол Улсын нийт өр 29.7 тэрбум доллар байна 

Ч.Хүрэлбаатар: Монгол Улсын нийт өр 29.7 тэрбум доллар байна 

МАН-ын бүлгийн хурлаар ирэх оны төсвийн төслийг хэлэлцжээ. Ирэх оны төсвийн орлогыг 11.7 их наяд төгрөг, зарлагыг 13.8 их наяд, төсвийн алдагдал  хоёр их наяд төгрөг  буюу ДНБ-ний 5.1 хувь байхаар өргөн барьсан. УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийлээ.


Тэрбээр “Ирэх оны төсөвт хэд хэдэн ололттой тал байна гэж МАН-ын бүлэг үзсэн. Нэгдүгээрт, МАН-ын 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах чиглэлд чухал хэд хэдэн зүйл ирэх оны төсөвт тусгагдсан байна гэж үзсэн. Ялангуяа нийгэм хамгааллын чиглэлд амласан амлалтууд үндсэндээ ирэх оны төсөв хэрэгжсэнээр  хангагдаж дуусна гэж үзсэн. Хоёрдугаарт, 2018, 2019 онд хийгдэж дуусаагүй хөрөнгө оруулалтуудыг  ирэх онд бүрэн дуусгахаар төлөвлөсөн. Энэ нь объектуудыг царцаахгүй байх чухал арга хэмжээ гэж харж байгаа. Бүлгийн хуралдаанаар 2020 оны улсын төсвийг хэлэлцэхтэй холбогдуулан УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулах шийдвэрийг гаргалаа. Ажлын хэсэгт цөөнхийн бүлгийн төлөөлөл орно” гэлээ.

Улсын төсвийг хэлэлцэхтэй холбогдуулан Сангийн сайд Ч.Хүрэлбаатар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-2020 оны улсын төсвийн зарлага өндөртэй байгаа. Уул уурхайн бүтээгдэхүүний үнийг хэт өөдрөгөөр төсөөлсөн юм биш үү?

-2020 оны төсвийг боловсруулахад дөрвөн төрлийн гадаад, дотоод  эрсдэл байна гэж тооцоолсон. Худалдааны дайн, түүхийн эдийн үнийн хэлбэлзэл, дэлхийн эдийн засгийн өсөлт саармагжих магадлал байна гэж үзсэн. Дотоод эрсдэлийн тухайд дэлхийн эдийн засгийн тодорхой бус байдал манай экспортын гол бараа, бүтээгдэхүүний үнэд  нөлөөлж магадгүй, хоёрдугаарт, өвөлжилтийн байдал хүндэрч болзошгүй,  гуравдах  том эрсдэл нь саарал жагсаалт гэж үзэж байгаа. Нүүрсний экспорт 42 сая тонн, зэсийн баяжмал 1225 мянган тонн, төмрийн хүдэр өсөлттэй байхаар тооцсон. Алтны олборлолтын хэмжээг хоёр тонноор бууруулж төсөөлсөн. У.Хүрэлсүхийн Засгийн газар концессын нэг ч төгрөгийн гэрээ байгуулаагүй. Анх байгуулагдаж байхдаа 3.3 их наяд төгрөгийн концессын гэрээг уламжилж авсан. Энэ нь Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг, Ж.Эрдэнэбат нарын Засгийн газрын байгуулсан концессын гэрээг үргэлжлүүлж хэрэгжүүлэх үүрэгтэй. Дээр нь бүх гэрээг ам.доллар, юанаар хийсэн нь бидэнд нэлээд дарамт үзүүлсэн.

-Сангийн сайд өр буурлаа гэж их ярьдаг. Гэтэл өмнөх онуудтай харьцуулахад өрийн дүн нь адилхан байна. Буурсан үзүүлэлт харагдахгүй байна л даа. Өр дарж байгаа гэдгээ та юунд үндэслэж хэлж байгаа юм бэ.

-Монгол Улсын өр өнөөдрийн байдлаар 29.7 тэрбум ам.доллар. Үүнээс 18.2 тэрбум ам.доллар нь аж ахуйн нэгж, компаниудын авсан өр. Тухайлбал, “Оюутолгой”, “South gobi sand”,  “Хөгжлийн банк”, “Монголын алт”, “Алтай хүдэр”, “МИАТ”, “Ачит-Ихт” гэх мэт компаниудын гадаадаас авсан зээл багтаж байгаа.Үүний 50 хувь нь буюу есөн орчим тэрбум ам.доллар нь Оюутолгой ХК-ийнх. Монголын 34 хувь, гаднын 66 хувь гэлтгүйгээр Монголын Улсын өрөөр бичигддэг. Хувийн хэвшлийн авч байгаа зээл нэмэгдэнэ гэдэг нь эдгээр аж ахуйн нэгжүүдэд итгэх итгэл нэмэгдэж байгаа гэсэн үг.  Засгийн газрын өр, улсын өр хоёрыг хооронд нь холих тохиолдол элбэг. 29.7-18 тэрбум ам.доллар  бол ААН-үүдийн зээл, 2.2 тэрбум ам.доллар нь арилжааны банкуудын авсан зээл. Монголбанк дээр мөн 2.2 тэрбум ам.долларын өр бий. Энэ бол Хятадын Ардын банктай төлбөрийн тооцоо хийдэг зээл.Үлдсэн нь Засгийн газрын өр. Засгийн газар 7.2 их наяд төгрөгийн өртэй байсан. Сангийн сайд болсноос хойш 7.4 их наяд төгрөгийн зээл төлсөн. Зээлийн болон хүүгийн төлбөрийг төлсөн. Ийм хэмжээний өр төлбөр төлсөн учраас өр төллөө гэж ярих нь зүйн хэрэг. Худлаа биш. Төсвийн алдагдлыг хоёр их наядаар төсөөлсөн. Энэ нь тэнцвэржүүлсэн тэнцэл. Энэ орлогод хоёр эх үүсвэр ороогүй. Тогтворжуулалтын сан, Ирээдүйн сангийн орлогыг оруулаагүй. Хэрэв оруулбал, нэг их наяд орчим төгрөг бий. Мөн Улаанбаатар Дархан, Налайх, Цэвэрлэх байгууламж гэх мэт зээлүүд бүгд эх үүсвэртэйгээ орж ирдэг. Зээлийн төсвийн орлого дээр ерөөсөө бичигдэхгүй. Харин гарсан зарлага дээр бичигддэг учраас алдагдал ингэж харагддаг. Энэ алдагдлыг “гоё” нэртэй бонд гаргаж санхүүжүүлэхгүй, арилжааны банкуудаас нэг ч төгрөгийн зээл авч санхүүжүүлэхгүй.

-Ирэх онд иргэдийн цалин, тэтгэврийг хэдэн төгрөгөөр нэмэх вэ?

-Инфляцын түвшинтэй уялдуулж нэмнэ. Инфляцын түвшинтэй уялдуулаад хоёр дахь жилдээ нэмсэн. Өнгөрсөн хугацаанд 30-40 хувиар нэмсэн тохиолдол бий. Гэхдээ энэ нь эргээд үнийн хөөргөдлийг бий болгодог.

-Ирэх жил хэчнээн барилга байгууламжид нийт хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэх вэ?

-Царцаагдсан 23 объект дээр 23 тэрбум төгрөг тавьсан.

-Монгол Улс саарал жагсаалтад орох эсэх нь маргааш шийдэгдэнэ.  Хэрэв уг жагсаалтад орвол бидэнд ямар эрсдэл үүсэх вэ?

-Саарал жагсаалтад Монгол Улс эрчимтэй хяналтад явж байсан. 2019 оны хоёрдугаар сараас эхлээд л би ярьж байгаа. Арилжааны банкуудын өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн эх үүсвэр дээр аудит хийлгэх шаардлагатай байна. Учир нь арилжааны банкууд хөрөнгөө нэмэгдүүлэхдээ Ил тодын хуулийг ашигласан. Энэ хууль батлагдсан ондоо хэрэгжээд дууссан. Гэтэл өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэхдээ ийшээ оруулж ирсэн. Энэ мөнгө хуулийн дагуу байна уу, яагаад урт хугацаа орсон бэ гэдгээс асуудал үүснэ. Мөн мөнгө угаахтай холбоотой шийдэгдсэн гэмт хэргүүд манайд байхгүй. Олон асуудал яригддаг гэтэл шүүхээр шийдэгдсэн хэрэг нэг ч байхгүй. Энэ нь Монгол Улсыг санхүү дээрээ хэр хяналт тавьдаг, ямар хариуцлага тоогддог вэ гэдгийг тодорхой бус болгож байна.

-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн талаар зөвшилцөх ажлын хэсгээс шийдвэр нь гарсан уу?

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай, УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулсан.  Энэ долоо хоногт зөвшилцөл нэлээн явагдах байх. Дараагийн долоо хоногоос гуравдугаар хэлэлцүүлэгт орох чигтэй ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж