Японы мэргэжлийн сүмогийн сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Япон улсын Осака хотноо зохион байгуулагджээ. Монгол улсаас дасгалжуулагч дэлхийн хошой аварга Р.Гантөгс, дэлхийн хошой аварга Г.Наранбат нарын удирдлаган дор улсын аварга Н.Батсуурь, улсын начин Б.Цэдэнсодном, сумо бөхийн дэлхийн аварга Б.Бадрал, сумо бөхийн дэлхийн аваргын мөнгөн медальт Н.Даваажамц нар насанд хүрэгчдийн ангилалд оролцлоо. Харин залуучуудын ангилалд А.Сосорхүү, мэргэжлийн сүмо бөхийн их аварга Хакүхо М.Даваажаргалын зээ дүү Б.Мөнх-Идэр нар хүч үзжээ.
Сонирхогчдын сүмогийн тэмцээнд Монгол бөхчүүд:
- Насанд хүрэгчдийн -100кг жинд хүч үзсэн сумо бөхийн дэлхийн аварга Б.Бадрал алтан медаль хүртсэнээр дэлхийн хошой аварга болжээ.
- Үнэмлэхүй жинд улсын аварга Н.Батсуурь алтан медаль хүртсэнээр сумо бөхийн дэлхийн аварга боллоо.
- Эмэгтэйчүүдийн +80кг жинд Золжаргал, үнэмлэхүй жинд Түвшинжаргал нар хүрэл медаль хүртлээ.
- Залуучуудын ангилалын +100кг-д Очирсайхан, үнэмлэхүй жинд Б.Мөнх-Идэр хүрэл медаль хүртэж багаараа мөнгө медаль хүртсэн амжилт гаргажээ.