АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп твиттер хуудастаа Хятад Улс АНУ-аас хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн худалдан авч эхэлсэн тухай жиргэжээ. Мөн тэрбээр ийм байдлаар Хятад улс худалдааны хэлэлцээрийн нөхцөлийг биелүүлж эхэллээ гэж мэдэгдсэн байна. Трамп “Энэ нь хоёр талын зарчмын хүрээнд тохиролцсон худалдааны хэлэлцээрийн нөхцөлүүдийн нэг байсан" хэмээн тэмдэглэжээ.
Трамп "Эхний үе шатны хэсгээ дуусгасны дараа бид хоёр дахь хэлэлцээгээ эхэлнэ. Эхний хэсгийг эцсийн байдлаар зөвшилцөж, 3-4 долоо хоногийн дараа Чилид болох чуулга уулзалтын үеэр гарын үсэг зурж магадгүй” хэмээн амласан билээ.
Бээжин “Хятад, АНУ-ын хэлэлцээнд чухал ахиц дэвшил гарсан” гэж мэдэгдсэн бол Вашингтон мөн хоёр улс хэлэлцээрийн “эхний чухал үе шат”-ны тохиролцоонд хүрснийг дахин нотлов. Цагаан ордон Хятадын 250 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд ногдуулах татварыг 25-30 хүртэлх хувиар нэмэгдүүлэх хугацаагаа аравдугаар сарын 1-нээс 15-ныг хүртэл хойшлуулахаар болсон билээ.
АНУ-ын Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Стефен Мнучиний хэлснээр, Бээжин ба Вашингтоны хоорондын хэлэлцээний явцад санхүүгийн үйлчилгээ, оюуны өмч, Америкийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг худалдан авах зэрэг асуудлуудаар зарчмын хүрээнд тохиролцжээ.
Эх сурвалж: NBC NEWS
Холбоотой мэдээ