Төсөв 2020: Төрийн албан хаагчдын орон тоог 3300-гаар нэмнэ

Хуучирсан мэдээ: 2019.10.14-нд нийтлэгдсэн

Төсөв 2020: Төрийн албан хаагчдын орон тоог 3300-гаар нэмнэ

Төсөв 2020: Төрийн албан хаагчдын орон тоог 3300-гаар нэмнэ

УИХ энэ долоо хоногоос эхлэн 2020 оны улсын төсвийг хэлэлцэх болж, Засгийн газар их тулааны бэлтгэлээ хангаж байна. Хуульд зааснаар УИХ жил бүрийн арваннэгдүгээр сарын 15-нд багтаан улсын нэгдсэн төсвийн хуулийг батлах үүрэг хүлээдэг. Иймээс ердөө сарын хугацаа үлдээд байгаа юм.

УИХ намрын чуулганаа эхэлсэн даруйд ирэх оны улсын төсөв рүү ханцуй шамлан ордог ч Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хууль тогтоогчдын цаг завыг хамгийн их авч байна. Гэсэн ч улсын төсвийг хойш тавих боломжгүй тул энэ долоо хоногоос эхлэн шуурхай хэлэлцэх шаардлагатай болж буй.  Засгийн газрын боловсруулсан 2020 оны төсөвт тусгагдсан анхаарал татсан хөрөнгө оруулалт болон зардлыг тоймлон хүргэе. Гэхдээ УИХ-аар төсвийн төслийг хэлэлцэх шатанд өөрчлөлт орж, зарим зардал нэмэгдэх, зарим зардал хасагдаж болдогыг  мөн сануулъя.

БЭРХ ТОСГОНД 27.8 ТЭРБУМЫГ СУУЛГАСАН НЬ САЙДЫН ЛОББИ ЮУ?

Сайдтай аймгийн хүчийг үзүүлэв үү, ирэх сонгуулийн бэлтгэл хангав уу Хэнтий аймагт 131.9 тэрбум, тэр дундаа Бэрх тосгонд 27.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тавьсан нь бусад аймгуудаас өндөр төсөв юм.  Тухайлбал, Дорнодод ирэх жил 22.6 тэрбум, Орхонд 20.9 тэрбум, Дундговьд 19.9 тэрбум, Сүхбаатарт 17.3 тэрбум, Говьсүмбэрт  15.8 тэрбумын хөрөнгө оруулалт хийхээр Засгийн газар 2020 оны төсвөө баталсан атал Хэнтий аймгийн Бэрх тосгонд 27.8 тэрбум төгрөг суулгасан нь шүүмжлэлийн бай болоход хүрээд байна.

Учир нь хүн амын хэрэгцээг дагаж, тухайн орон нутагт нэн шаардлагатай хөрөнгө оруулалт хуваарилдаг.  Орхон аймаг 100 мянга гаруй хүн амтай бол Хэнтий аймаг 70 мянга гаруй,  Бэрх тосгон 2000 гаруй хүн амтай. Өөрөөр хэлбэл, 50 дахин бага хүн амтай Бэрх тосгоныг Орхон аймгаас илүүд үзэж, хөрөнгө оруулалт тавьсан нь сонгуульд зориулж Засгийн газар хонины найр хийжээ гэж тайлбарлахаас өөр сэжим олдохгүй байгаа юм.

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ТООГ 3300-ГААР НЭМНЭ

Төрийн албан хаагчдын тоо 200 мянга даваад байгаа. УИХ-аар жил бүр төсөв хэлэлцэх тоолонд төрийн албан хаагчдын тоо өсөж байгаад анхаарч, цомхотгох асуудал хөнддөг ч шинээр сургууль, цэцэрлэг баригдаж ашиглалтад орж байгаатай холбоотойгоор орон тоо өсдөг болохоос биш дарга нарын орон тоог нэмээгүй гэж тайлбарладаг. Энэ тайлбар төсөв хэлэлцэх үеэр дахин хөндөгдөх нь ээ. Учир нь 2020 онд төрийн албан хаагчдын орон тоо 3300-гаар нэмэгдэхээр т ооцжээ.

Орон тоо өсөхтэй холбоотойгоор төсвийн урсгал зардлыг 52 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх шаардлага үүссэн байна.

Шалтгааныг нь тодруулбал, шинээр ашиглалтад орж байгаа сургууль, цэцэрлэгт 1838 орон тоо, эмнэлэгт 403, Мэргэжлийн хяналтын лабораторид 18 орон тоо нэмэгдэх юм байна. Шинээр хууль тогтоомж баталсантай холбоотойгоор байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх цагдаа 228, “Найрамдал” зусланг улсын төсөвт эргүүлэн татахтай холбоотой 158 орон тоо, гал унтраах аврах анги, эрэн хайх аврах бүлэгт 139 орон тоо,  мэргэжлийн хяналтын байгууллагад 69 орон тоо, Татварын багц хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой 61, мөнгө угаах терроризмтой тэмцэх үйл ажиллагаатай холбоотойгоор авлигатай тэмцэх мөрдөгч 60, прокурорын  50, Хил хамгаалах ерөнхий газарт 43, шүүгч 20, гаалийн лабораторид 19, Санхүүгийн зохицуулах хороонд 10, Цагдаагийн ерөнхий газарт 5, шинээр байгуулагдсан хилийн заставт 12, хар тамхитай тэмцэх мөрдөгчийг 46, аймаг, нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд 39, Төрийн албаны зөвлөлд 16, Сонгинохайрхан, Хан-Уул, Налайх дүүрэгт шинээр хороо байгуулагдсан тул 22 орон тоо, Япон улсад Хөдөлмөр нийгмийн төв байгуулахад гурван орон тоо тус, тус нэмэгдүүлэхээр оруулж иржээ.

ТОКИОГИЙН ОЛИМПТ 20 ТЭРБУМЫГ ЗАРЦУУЛНА

Ирэх жил Япон улсын Токио хотноо болох зуны олимп, параолимпт зориулж улсын төсөвт 20 тэрбум төгрөг суулгажээ. Монгол Улсын шигшээ баг олимпийн 32 төрлөөр 500 тамирчинтай байгуулагдаж ажиллахаар төлөвлөсөн байна. Уг наадмаас Монгол Улс 6-7 медаль авах зорилго тавьжээ.

Малчид, тариаланчдад 66.6 тэрбум төгрөгийн урамшуулал олгоно Улаан буудайн тонн тутамд олгох мөнгөн урамшууллыг Засгийн газар нэг тонныг нь 100 мянган төгрөг болгож нэмэгдүүлсэн. Харин ноосны урамшууллын хэмжээ хэвээр байгаа. Ирэх онд Засгийн газар улаан буудайн урамшууллыг 10 тэрбумаар, махны зээлийн хүүгийн хөнгөлөлтийг 4.5  тэрбумаар тус тус нэмэгдүүлж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд олгох дэмжлэг урамшууллыг 66.6 тэрбум төгрөгөөр төсөвлөжээ.

Мах бэлтгэхэд зориулж аж ахуйн нэгжүүдэд зээлийн хүүгийн хөнгөлөлт эдлүүлснээр нийслэлийн махны хэрэгцээ, үнэ ханшийг тогтвортой барихад дэмжлэг болно гэж үзэж байна.

СОНГУУЛИЙН ЗАРДАЛД 43 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨСӨВЛӨВ

Ирэх онд УИХ-ын болон орон нутгийн сонгууль болох тул нийт 43 тэрбум төгрөгийн зардал тусгажээ. Үүнээс 24.3 тэрбум төгрөг нь зөвхөн УИХ-ын сонгууль зохион байгуулахад зарцуулагдахаар суусан юм байна.

Сонгуулийн зардал 2012 оныхоос огцом буюу 12.6 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь сонгуулийн насны хүн амын тоо 112.6 мянгаар нэмэгдсэн, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнтэй холбоотойгоор хэсгийн хороодод ажиллах албан хаагчдад тооцож олгодог урамшууллын хэмжээ нэмэгдсэн, сонгуулийн санал тоолох төхөөрөмж 300 ширхгийг шинээр худалдан авах шаардлагатай болсон зэрэгтэй холбоотой гэж тайлбарлаж байна.

Г.ХОРОЛ

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж