Сурвалжлага: Сайжруулсан түлш хүний эрүүл мэндэд хортой юу?

Хуучирсан мэдээ: 2019.10.14-нд нийтлэгдсэн

Сайжруулсан түлшний эргэн тойронд

Сурвалжлага: Сайжруулсан түлш хүний эрүүл мэндэд хортой юу?

Сурвалжлага: Сайжруулсан түлш хүний эрүүл мэндэд хортой юу?

Хүйтний эрч чангараагүй энэ үед "Тавантолгой түлш" компанийн сайжруулсан түлшээр гэрээ дулаацуулсан хэд хэдэн айлд уй тохиов. Шөнөдөө хасах градус хүрч амжаагүй байтал нэгхэн шөнийн дотор нийслэлийн 30 гаруй иргэн Хордлогын яаралтай тусламжийн төвд угаартаж, зургаан хүн амиа алдсан мэдээ нийслэлийнхнийг цочроосон.

Өнгөрөгч амралтын өдрүүдэд гэр хорооллын иргэд мөн л хордчих вий дээ гэсэн айдастай хонов. Албаны хүмүүсийн мэдээлснээр 2019 оны аравдугаар сарын 3-ны өдрөөс аравдугаар сарын 14-ний өдрүүдэд угаарын хийн хордлогын 136 удаагийн дуудлагаар 293 иргэнд буюу 120 хүүхэд, 173 насанд хүрэгсэд эмнэлгийн тусламж үзүүлээд байгаа аж. Харин дуудлага өгч буй иргэдийн тоо багассан бөгөөд иргэдэд сайжруулсан түлшээ хэрхэн зөв хэрэглэх тал дээр илүү анхаарахыг зөвлөлөө.

Иргэд хордсонтой холбоотойгоор нийслэлийн удирдлагууд, холбогдох албаныхан, дүүрэг хорооны 5000 гаруй ажилтнууд төвийн зургаан дүүргийн айл өрхүүдээр явж түлшийг зөв хэрэглэх, зуухны зөв галлагааны талаарх зөвлөмж, мэдээллийг хүргэж ажиллаж байна. Үүнээс гадна 24 цагаар ажиллаж байгаа шуурхай албаны албан хаагчид айл өрх бүрт зөвлөмж хүргэхээс гадна ханан пийшингийн аюулгүй байдлыг хангаж ажиллаж байгаа гэх мэдээлэл бий. Иймээс бид шахмал түлшний мөрөөр энэ удаагийн сурвалжлагаа бэлтгэлээ.

НАЛАЙХЫН ШУУДАЙ НҮҮРСЭЭР ХОЁР ХОНОДОГ БАЙСАН БОЛ ШАХМАЛ ТҮЛШЭЭР НЭГ ХОНОЖ  БАЙНА

Чингэлтэй дүүргийн арванхоёрдугаар хороо, сайжруулсан түлш худалдаалах цэгээс  түлш байна уу хэмээн хос хоёр хашааны хаалгаар шагайв. Тэд борлуулагчид дөрвөн шуудай түлш авъя гээд 20 мянган төгрөг карттайгаа хамт өгсөн юм. Тэднээс сайжруулсан түлшний талаарх сэтгэгдлийг сонсвол гэрийн эзэгтэй Ц.Хоролгарав “Ер нь муу байна. Үнс, тортог ихтэй байна.  Хажуугаар нь мод их орж байна. Манайх хуучин нүүрс түлдэг байхдаа сардаа нэг шуудай мод түлдэг байсан. Гэтэл одоо хоёр хоногтоо нэг шуудай мод түлж байна. Налайхын шуудай нүүрсээр хоёр хонодог байсан бол сайжруулсан түлшээр нэг шуудайгаар нэг хонож  байна.

Угаар бол яах аргагүй байна. Өчигдөр манайх орой унтахынхаа өмнө сайжруулсан сайн түлшээ хоёр цаг асаагаад орой 22.00 цаг өнгөрч байхад буюу  цог болсон байхад хаачихсан. Тэгсэн чинь толгой эргээд хамаг юм аа онгойлгож байж арай гайгүй болсон.  Өглөө сэрсэн чинь толгой өвдөөд хэцүү болж байна. Миний бодлоор сайжруулсан сайн түлш түлш гэж шал дэмий эд байна. Тэрний оронд Налайхын нүүрс хамаагүй дээр байна. Нэг бол цахилгааны мөнгийг нь шөнийн цагаар тэглэчихмээр байгаа юм. Тэгвэл утаа униар талдаа арай өөр байх болов уу” гэлээ.

ЗУУХАА ХААВАЛ УГААРТАХ МАГАДЛАЛ ИХ БАЙНА

Харин түүний нөхөр М.Шинэбаяр “Угаар ихтэй байна. Зуухаа хаавал угаартах магадлал их байна. Манайх өдөрт хүн байхгүй болохоор өглөө оройдоо нэг хийдэг. Өдөрт 3-4 цаг сайн илчээ барьж байна. Багануурын нүүрс хамгийн их тортогтой гэдэг ч сайжруулсан түлштэй харьцуулбал илчээ удаан барьж байна. Налайх бол янзын сайн нүүрс шүү дээ. Утаа бол адилхан л гарч байна.  Манайх төслийн зуухтай болохоор түлшээ эхэлж хийгээд дараа нь модоор асаадаг. Түүхий нүүрсээр галладаг байхад цогон дээрээ хийчихэд асчихдаг байсан. Гэтэл сайжруулсан сайн түлш түлэхээр бол байнга модоор асаана. Модгүй бол мөд асахгүй. Хэрэв нүүрс шиг түлбэл угаартах гээд байна. Тийм учраас сайжруулсан түлшийг асаж бүрэн унтарсны дараа дахин шинээр мод өрж, галаа асаах шаардлагатай болж байна” гэв.  Ингээд бид М.Шинэбаярынд очиж сайжруулсан түлшний галлагаа болоод асахдаа хэдий хэр хугацаа зарцуулж буйг харахаар очив.

Гэрийн эзэн эхлээд гаднаас хувингийн тал сайжруулсан сайн түлшийг “Өлзий” зуухандаа хийгээд дээр нь мод хийгээд асаалаа. Гал дорхноо дүрэлзэж галын мод час час хийх чимээ сонстоно. Хэсэг хугацааны дараа гэр дулаацаж гэрийн эзэгтэй, зуухныхаа дээд талыг амыг бага зэрэг онгойлгоно. Эзэгтэйн хэлснээр мод хийхгүй л бол сайжруулсан түлш асах нь удаан бөгөөд өдөртөө нэг шуудайгаар өнждөг гэнэ. Тэрбээр зургаан настай дэрсхэн хүүхдэдээ яаж ч даарсан, ганцаараа байхдаа дур мэдэн гал битгий асаагаарай хэмээн захиж байлаа. Ийнхүү 10 орчим минутын дараа зуух төөнөж эхэлсэн юм. Гэвч утаа тортог гэх юм ажиглагдсангүй.

ИРГЭД САЙЖРУУЛСАН САЙН ТҮЛШИЙГ БУРУУ ГАЛЛАСНААС БОЛЖ УГААРТАЖ БАЙНА

“Тавантолгой түлш” ХХК-ийн борлуулагч В.Сүрэнхорлоотой ярилцлаа.

-Хүмүүсийн худалдан авалт хэр байна вэ. Сайжруулсан сайн түлш худалдан авахад хэрэглээ талаас нь зөвлөж өгдөг үү?

-Хүйтрээд худалдан авалт ихэссэн байна. Хэмжээний хувьд картаар өдөртөө зургаан шуудайг өгч байгаа. Хүмүүс тогтмол авч байна. Өнөөдрийн байдлаар худалдан авч буй хүмүүсээс айхтар хэл ам гараагүй. Би таван сараас хойш өнөөдрийг хүртэл борлуулж байна. Хамгийн гол нь галлагаандаа анхаарах ёстой. Хүмүүс буруу галлаад байх шиг байна. Сайжруулсан түлшийг асаахдаа модоо сайн асаагаад хийх хэрэгтэй. Зарим нь модоо сайн асаагаагүй байж дээр нь хийхээр уугиулаад байна.

-Та өөрөө сайжруулсан түлш хэрэглэдэг үү. Түүхий нүүрстэй харьцуулахад ямар байна?  

-Илчний хувьд түүхий нүүрснээс илүү байна. Тавантолгойн нүүрсийг угааж цэвэрлээд үйлдвэрийн аргаар шахмал түлш болгоод гаргаж байгаа. Тэгэхээр муу байна гэсэн ойлголт байхгүй.

-Галлахдаа иргэд юуг анхаарах ёстой юм бол?

-Зарим айлууд галлахдаа буруу галлаж байна. Сайжруулсан түлш гэхээр маш хурдан асдаг юм уу эсвэл утаа гардаггүй мэтээр хайнга хандаж байна. Түүхий нүүрс удаан уугиж байж асдаг учраас хүмүүс анхнаас нь болгоомжтой ханддаг байж магадгүй. Эхлээд модоо сайн асаах ёстой. Төслийн зууханд галлахдаа түлшээ хийчхээд дараа нь модоо хийгээд асаана. Энгийн зуухыг яаж галлах вэ гэхээр түлш мод хоёроо зэрэгцээ байрлалтайгаар модыг нь урд талдаа зуухныхаа аман дээр нь модоо асаана. Модоо сайн асаагаад түлшээ наалдуулсан байдалтай зэрэгцээ байрлуулаад урдаас нь модоо асаах ёстой. Тэгэхээр утаа бага гарна. Хамгийн гол нь хүмүүс буруу ойлгоод байгаа байхгүй юу. Сайжруулсан сайн түлш гэхээр ямар ч утаа гардаггүй, удаан асдаг гэдэг юм уу тийм байдлаар ойлгож болохгүй. Гэхдээ нүүрснээс хурдан асна.

-Иргэдэд сайжруулсан түлштэй холбоотой анхааруулга мэдээллийг өгдөг үү?

-Бид  сэрэмжлүүлэх зорилгоор хуудас тарааж байгаа. Хүмүүс зуух пийшингийнхээ онгорхойг сайтар бөглөөд яндангаа шалгаад хаалтыг нь нээлттэй байлгах хэрэгтэй. Тэгэхгүй хайнга хандаад байгаа юм болов уу гэж ойлгож байна. Цаас хийгээд асаах гээд байгаа тохиолдол ч гарч байна. Зарим нь сайжруулсан түлшээр улс төр хийгээд байх юм. Сайн юм хийсэн бол дэмжээд явах ёстой. Өнгөрөгч тавдугаар сард сайжруулсан түлш борлуулах есөн цэг нийслэлийн хэмжээнд ажиллаж байсан. Тэрнээс хойш би одоо болтол борлуулж байна. Борлуулагч нарт их үүрэг хариуцлага байх шиг байна. Зөвхөн борлуулаад мөнгөө авах бус “Тавантолгой” түлш компанийн хийж буй бүтээгдэхүүнийг иргэдэд сайн тайлбарлаж өгөх ёстой. Орц найрлага, галлагаа, хэрэглээ талаас нь сайн тайлбарлах хэрэгтэй.

Өдөрт хэчнээн тонн түлш зарж байна вэ?

-Ний нуугүй хэлэхэд дулаахан үед өдөрт 5-10 тонн сайжруулсан сайн түлш зарж байна. Иргэд карттай болохоор ямар хэмжээтэй ямар байх ёстой вэ гэдгийг бүртгэж хянаж байгаа. Хиймэл хомсдол үүсгэхгүйн тулд шүү дээ.

ГАЛАА ТҮЛЭЭД СУРЧИХСАН ХҮМҮҮСТ САЙЖРУУЛСАН ТҮЛШ ЗҮГЭЭР

Түлш авахаар зогсч буй иргэн Б.Халзан “Би найман сараас сайжруулсан түлш түлж байгаа. Энэ түлш зүгээр байх юм. Найман сараас хойш түлээд үхээгүй л байна. Би одоо 73-тай. Орон сууцанд паалантай жорлонд өсөөгүй. Сүүлийн үед нийслэлд шилжин ирсэн нөхдүүд аргал шатаадаг шигээ шахмал түлшийг  буруу түлээд байна. Зүгээр галаа түлээд сурчихсан хүмүүст сайжруулсан түлш зүгээр шүү дээ. Өшөө юу нь буруу байгаа юм. Энийг бас манайхан улстөржүүлэлгүй, өөрийнхөө төлөө гэдгээ бодмоор байна. Би урьд нь 3500 төгрөгөөр нэг шуудай нүүрс авдаг байсан. Тэрийг өлзий зууханд нэг удаа хийхэд алга болчихдог. Энийг би гурван удаа хийж байна. Бүтэн өдөржингөө дулаанаа барьчихдаг, асахдаа сайн. Орой ирэхдээ юмыг яаж мэдэх вэ гээд зургаан цагийн орчимд хийхээр өглөө хүртэл илчээ барьдаг. Худлаа гэвэл манай гэрт үзэж болно” гэв.

Нийслэлийн хэмжээнд сайжруулсан түлшийг борлуулах 360 орчим цэг бий. Цэг бүрт 25 кг-ийн шуудайтай сайжруулсан түлш нэг шуудай нь 3750 төгрөгөөр худалдаалж байна. Өмнөх жил Багануур болон Налайхын ногоон шар, жижиг шуудайтай 20 кг орчим нүүрсийг 2800-3000 төгрөгөөр худалдаалж байжээ. Түүхий нүүрснээс сайжруулсан түлш нь бага зэргийн үнэ илүүтэй ч утаа багатай орчин бүрдвэл хамгийн зөв сонголт болох байх. Хамгийн гол нь мөнгөндөө биш, иргэдийг дулаан өвөлжүүлж чадахгүй бол яах вэ гэдэг асуулт эргэлзээтэй хэвээр үлдлээ.

Албаны хүмүүсийн хэлснээр хотын бүс рүү түүхий нүүрс оруулж ирэхийг завдсан болон, хэрэглэж буй хувь хүнийг Зөрчлийн тухай хуулиар 300 мянган төгрөгөөр торгох бол, аж ахуй нэг байгууллагыг сая хүртэлх сая төгрөгөөр торгох хуулийн заалттай байдаг гэнэ.

САЙЖРУУЛСАН ТҮЛШ НЬ ХҮНИЙ БИЕ, АМЬ НАСАНД ХОР НӨЛӨӨГҮЙ ГЭЖЭЭ

Сайжруулсан түлш тойрсон дуулианы хажуугаар шинжилгээний хариу ч бас гараад амжжээ. Албаны хүмүүсийн мэдээлснээр  “Сайжруулсан түлшинд дараах байгууллагуудын лаброторуудад шинжилгээ хийгдэн эцсийн дүн гарсан байна. Үүнд Геологийн төв лаборатори, Ашигт малтмал, газрын тосны төв лаборатори, Гаалийн ерөнхий газрын лаборатори, Хими технологийн хүрээлэнгийн лабортори, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа зэрэг газрын лабораторуудын нэгдсэн хариу гарч сайжруулсан түлш нь хүний бие, амь насанд хор нөлөөгүй гэсэн дүгнэлт гарсныг танилцуулсан. Гэхдээ бас дээрх лабораториуд нь нарийн шинжилгээ гаргаж чадах боломжгүй учраас БНСУ, Хятад, ОХУ-руу тус бүр баталгаажуулалт хийх дээж илгээсэн. Уг хариугаар эцэслэж, уг түлш нь хүний эрүүл мэндэд хортой юу, хоргүй юу гэдэг эцэслэгдэх юм.

Сайжруулсан түлшнийг зөв хэрэглэх талаар зөвлөмж мэдээллийг айл өрхүүдэд тараах материалаар болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр, үүрэн телефоны оператор компаниуд иргэдэд мессэжээр хүргэж байгаа нь үр дүнгээ өгч байгаа гэдгийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн өнөөдөр мөн танилцуулжээ.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Н.БАТМӨНХ 

  

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж