Өнгөрөгч бямба гарагт Японы нийслэл Токио хот орчмын бүс нутгийг асар хүчтэй “Хагибис” хар салхи дайран өнгөрлөө. Япон улсад сүүлийн 10 жилд тохиож буй хамгийн том хар салхи болох “Хагибис” 225 км/ц хурдтай хөдөлж хөрсний гулгалт үүсэж онц байдал зарласан талаар тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлж байв. Тэгвэл хамгийн сүүлийн мэдээгээр “Хагибис” шуурганы улмаас амиа алдсан хүний тоо 35 хүрч, 19 хүн сураггүй алга болж, голууд үерлэн хотууд усанд живж байна.
Одоогоор хар салхины улмаас учирсан хохирлыг тооцож байна. Бямба гарагт Японы Хоншю аралд, ням гарагийн үдээс өмнө газарт хөдлөлтийн үед салхины хурд цагт 144 км-т хүрч, 35 хүн амиа алдаж, 17 хүн сураггүй алга боллоо хэмээн ням гарагийн үдээс хойших байдлын мэдээг Kyodo news мэдээлжээ. Харин NHK агентлаг 166 хүн гэмтэж бэртсэн гэж мэдээлсэн байна.
Хэдийгээр шуурга дайран өнгөрсөн ч Нагано, Нийгата, Мияаги, Фүкүшима, Ирабаки, Канагава, Сайтама мужууд хамгийн ихээр үер нэрвэгдсэн бөгөөд иргэдийг живсэн орон гэрээ орхихыг сануулж байна. Ойрын өдрүүдэд голуудын усны түвшин нэмэгдэж, хохирол улам бүр нэмэгдэх эрсдэл хэвээр байгааг анхааруулсаар байна.
“Хагибис”-ын хор хөнөөл, хохирлыг арилгах талаар ням гарагт болсон хурлын үеэр Японы Ерөнхий сайд Шинзо Абэ хар салхины гамшигт өртөж амиа алдсан, гамшигт нэрвэгдсэн бүх хүмүүст эмгэнэл илэрхийлсэн юм.
ЭХ СУРВАЛЖ: ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР