Хөрөнгө орлогын мэдүүлгээ өгөөгүй, хожимдуулсан 151 албан тушаалтан байна

Хуучирсан мэдээ: 2010.03.12-нд нийтлэгдсэн

Хөрөнгө орлогын мэдүүлгээ өгөөгүй, хожимдуулсан 151 албан тушаалтан байна

Авлигатай тэмцэх газар төрийн албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтийн үйл ажиллагааг улсын хэмжээнд дөрөв дэх удаагаа 119 байгууллагын эрх бүхий албан тушаалтнуудтай хамтран зохион байгуулсан талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Тэгвэл одоогоор нийт 54 мянга гаруй албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг нийт 923 албан газарт хадгалуулан, тайлан мэдээг авч нэгтгэн, дүн шинжилгээ хийж буй гэнэ.

Дээрх байгууллагуудаас ирсэн хөрөнгө, орлогын мэдүүлгийг дүгнэхэд нийт мэдүүлэх ёстой албан тушаалтнаас 99.8 хувь нь мэдүүлгээ өгсөн аж. Харин үлдсэн хувь нь буюу 15 албан тушаалтан хугацаа хожимдуулж, 136 нь буюу нийт мэдүүлэг гаргагчийн 0,18 хувь нь хөрөнгө орлогын мэдүүлгээ бүртгүүлээгүй байна.

Үүнээс гадна 38 албан тушаалтан хөрөнгө, орлогын мэдүүлгээ огт мэдүүлээгүй аж.

Дээр нь  Иргэдийн төлөөлөгчдийн хурлуудын 7 төлөөлөгч хугацаа хожимдуулж, 98 төлөөлөгч хөрөнгө, орлогын мэдүүлгээ огт мэдүүлээгүй байгаа гэнэ.

Энэ мэт нийт 151 мэдүүлэг гаргагч Авлигатай тэмцэх хуулийг зөрчжээ. Тодруулбал, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 3, Үндэсний татварын ерөнхий газраас 1, Зэвсэгт хүчний жанжин штабаас 3, Гаалийн ерөнхий газраас 6, Тагнуулын ерөнхий газраас 1, Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газраас 1, Баянөлгий аймгийн Засаг даргын тамгын газраас 1, Завхан аймгийн Засаг даргын Тамгын газраас 2, Өвөрхангай аймгийн ИТХ-ын Ажлын албанаас 2, Хэнтий аймгийн ИТХ-ын Ажлын албанаас 2, Завхан аймгийн ИТХ-ын Ажлын албанаас 3 хүн гэх мэтээр хөрөнгө орлогоо мэдүүлээгүй буюу хугацаа хожимдуулж мэдүүлсэн байна.

Эдгээр хүмүүст хариуцлага тооцуулахаар дээд албан тушаалтанд хандахаар Авлигатай тэмцэх газрын холбогдох ажилтнууд зэхэж байна.

Өмнө нь хөрөнгө орлогын мэдүүлгээ худал мэдүүлсэн хэд хэдэн тохиолдол илэрсний нэг нь Баянгол дүүргийн Засаг дарга Л.Амгалан юм. Түүнийг албан тушаалаас нь чөлөөлөх хүсэлтийг Авлигатай тэмцэх газраас хотын даргад санал болгсон ч Г.Мөнхбаяр Л.Амгалангийн цалинг 20 хувиар хасах төдийхөн хариуцлага тооцсон билээ. Харин эдгээр хүмүүст хэрхэн хариуцлага тооцохыг харах л үлдэж байна.

Л.ХАЛИУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж