“Цагаан тоос” баяртай гэж хэлэх цаг айсуй

Хуучирсан мэдээ: 2019.10.14-нд нийтлэгдсэн

“Цагаан тоос” баяртай гэж хэлэх цаг айсуй

“Цагаан тоос” баяртай гэж хэлэх цаг айсуй

Цагаан тоос… Энэ үг хавар намрын хавсарга салхи, хур чийг татруу жилийн хуурайшилт дагаж сонсогдох болсоор удаж буй. Тэр ч бүү хэл сонгууль, сонгуулийн дуулианаар улс төрчдийн “шоуны” бай, хөрсөн дээр буугаагүй хийрхлийн гол сэдэв ч байх болсон нь нууц биш. Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэлийн технологийн хаягдал булинга, элс болон хуримтлагдаж, үүнээс дэгддэг тэрхүү цагаан шороо ойр орчмынхоо  бүс нутагт суурьшсан иргэдийн ахуй байдалд их бага хэмжээгээр таагүй нөлөө үзүүлж байсныг мэргэжилтнүүд хүлээн зөвшөөрдөг. Тиймээс ч Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагатай, байгаль орчинд ээлтэй уул уурхайн хувьд уг асуудалд онцгой анхаарал хандуулсаар , бас бодитой тэмцсээр байгааг ч хэлэх нь зүйтэй. Энэ удаагийн сурвалжлагын зорилго маань цагаан тоос дарах ажлын явц газар дээрээ ямар байгааг, ахиц дэвшил, хүндрэл бэрхшээлийн тухай  “халуун цэг”-ээс нь хүргэхэд чиглэсэн. Албан яриа хөөрөө гэхээс илүүтэйгээр цагаан тоостой хамгийн ойр “нөхөрлөсөн” ажлын багийнхныг зорьсон минь энэ. Хүйтний ам наашилж, салхины хурд нэмэгдсэн өдөр байсан ч  цайрч, бужигнан дэгддэг хуурай “цагаан тоос” энэ удаа чимээгүй, “аядуу” угтсан. Үүний учрыг шинээр туршиж буй технологийн эерэг нөлөөлөл, тууштай оновчтой бодлого, үйл ажиллагааны үр дүн гэж ажлын албаныхан хамгийн түрүүнд дуулгалаа. Тэд цаг агаарын тааламжтай, тааламжгүй аль ч үед гадаа ажиллаж байгаа хэдий ч өнөөдрийн гарч буй үр дүнд урмаар дүүрэн буйгаа ярьсан.

Цагаан тоосны 80 хувийг бүрэн дарсан

Цагаан тоос дарах ажлыг тогтвортой, тасралтгүй явуулах зорилгоор “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэнгийн шийдвэрээр Баяжуулах үйлдвэрийн дэргэд Цагаан тоос дарах ажлын алба энэ онд байгуулагдсан юм. Энэ алба цагаан тоос дарах ажлыг дагнан хариуцаж, гардан гүйцэтгэх үүрэгтэй. Харин бодлогын түвшинд асуудлыг шийдэж, холбогдох цех албадыг нэгтгэн ажиллах чиглэл нь Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсийнхэн. Цагаан тоос дарах арга технологи, техник тоног төхөөрөмж, хүн хүч гээд үүнтэй хамаарах бүхий л асуудалд томоос том дэвшил гарч байгааг хэлтсийн дарга О.Эрдэнэтуяа онцлов.

Эрдэнэт үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн  нийт талбайн хэмжээ 2067 га газар. Үүнээс 1300 га нь хуурай талбай бөгөөд  897 га талбайг  цагаан тоосны идэвхтэй дэгдэлтийн бүс  гэж үздэг. Тэгвэл өнөөдрийн байдлаар, дэгдэлтийн нийт талбайн 700 орчим га газарт тоос дарах ажил хийгджээ. Ингэхдээ технологийн хэд хэдэн аргуудыг хослуулан ашигласнаар ийм үр өгөөж гарч буйг  Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсийн Хяналт, мониторингийн албаны дарга  Ж.Жавхланбат тодорхой тайлбарлав. Тэрээр “Зөвхөн Эрдэнэт үйлдвэр төдийгүй Орхон аймгийн хэмжээнд тулгамдсан асуудлын нэг болсон цагаан тоос дарах ажил 2007 оноос эрчимтэй хийгдэж,  ихээхэн хөрөнгө хүч зарцуулж ирсэн. Цагаан тоосны дэгдэлттэй талбайг усалж норгох, хөрсөөр хучих зэрэг олон аргыг энэ хугацаанд туршиж, ашиглаж байна. Эдгээрээс хөрсөөр дарах технологи үр дүнгээ илүү өгсөн.  Хаягдал булингыг дарагч бодистой хольж барьцалдуулах, зориулалтын техник ашиглан усаар норгож, шүрших, өвөл зуны хаялтын үеэр технологийн аргаар цагаан тоос дарах ажлыг зохион байгуулж байна. Дээрх технологийн аргуудыг үе шаттай тасралтгүй туршсанаар өнөөдрийн байдлаар, бид цагаан тоосны нийт талбайн 80 хувийг дарж чадлаа” гэсэн юм.

Өнгөрсөн хавар Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсийнхэн  тоос дарах зориулалттай шинэ техник тоног төхөөрөмж хүлээн авсан нь тэдэнд хамгийн чухал “зэвсэг” болжээ. Энэ нь 160 морины хүчин чадалтай трактор. Бас Hydro seeder маркийн 30  хүртэл хувь өтгөрүүлсэн шингэнийг 80-100 метрийн зайд цацах хүчин чадалтай шүршигч машиныг ашиглаж эхлээд байна. Тоос дэгдэлтийн талбайд хаягдал булингыг дарагч бодистой хольж цацах үеэр  зарим булан тохойн хэсэг газруудад хангалттай хүрч өгөхгүй байх тохиолдол бий.  Үүнд  зориулалтын бодис найруулах төхөөрөмжөө ашиглан шүршиж. Мөн зарим хэсгийн газрыг хөрсөөр хучжээ. Өвлийн улирал ойртож байгаа учраас  энэ аргаараа зарим талбайд хөрс хучилтаа үргэлжлүүлнэ. Дарагч бодисоор Хаягдлын аж ахуйн урд хэсэг буюу зуны хаялт өгдөг талбайг хучсан. Салхи ихтэй үед тоос босож, улмаар дарагч бодисоор хучсан талбай руу хуурай тоос дэгдэх эрсдэлтэй тул тэр хэсгүүдэд шүршигч техникүүдээ байрлуулан, технологийн аргуудаа хослуулж, хооронд нь уялдуулах гээд нарийн горим энд мөрддөг. Ингэж тасралтгүй, байнгын ажиллагааг хангаснаар 2020 оны хавар гэхэд цагаан тоосны дэгдэлт хэмээх хар бараан хаяг цаасан дээр үлдэх нь байна. Үүнийг мэргэжилтнүүд ч, ажлын албаныхан ч үндэслэл судалгаа, өнөөгийн хийж хэрэгжүүлсэн ажил, жишээ баримтаараа баталж байгаа юм.

Магнофлок 336 урвалж ашиглан булингын шинж чанарт нөлөөлөх технологийн туршилт үр дүнгээ өгч байна

Цагаан тоос дэгддэг талбайд тунаагч урвалж бодис ашиглан булингын шинж чанарт нөлөөлөн өтгөрүүлж, хучилт хийх арга үр дүнгээ өгч байгааг Баяжуулах үйлдвэрийн Цагаан тоос дарах ажлын албаны Байгаль орчны инженер Л.Одонтунгалаг хэллээ. Тэд 10 дугаар сарын 9-ний шөнийн 02 цагаас эхлэн магнофлок 336 флокулянт урвалжаа булингатай хольж, үүнийг дамжуулах төмөр хоолойг угсраад ажилд оруулжээ. Дарагч бодисоо Герман улсын BASF фирмийн CPS-30 маркийн төхөөрөмжөөр найруулж байгаа аж. Одоогийн байдлаар, зуны хаялтын нийт 3 км талбайнхаа эхний хэсэгт хольсон бодисоо бүрэн өгчээ. Хоорондоо километрийн зайтай гурван хэсэг газар бий. Энд нийт 51 ширхэг булинга хуваарилах хоолой байдаг. Бүгдэд  нь зэрэг өгөх боломжгүй учраас тус бүрт нь 25 хоногоор 2-3 өдрийн зайтай тунаагч урвалжаа хольж өгч байна.  Энэ урвалжийг Оюутолгойн уурхайд  мөн өтгөрүүлэх зориулалтаар ашигладаг гэнэ.

Ийнхүү Цагаан тоос дарах ажлын албаныхан Судалгааны төвтэй хамтран ээлжийн хуваарийн дагуу ажиллаж байна.

“Бид 8 дугаар сарын сүүлээс эхлэн өвлийн бэлтгэл хангах төлөвлөгөөт ажлуудаа  эхэлсэн. Энэ сарын 25 гэхэд зуны хаялтын бүх талбайн цагаан тоосыг дарж дуусгаад, өвлийн хаялтын талбай руугаа  орохоор төлөвлөж байгаа. Гэхдээ бид аль болохоор хугацаа хожиж, 25-ны өдрөөс наана зуны хаялтын талбайг норгож дуусгахаар шамдаж байна” гэж Л.Одонтунгалаг инженер ярив.

Магнофлок урвалж нь нарийн ширхэгтэй элсийг сайн өтгөрүүлж, шавар болгосноор хүчтэй салхинд ч бутарч дэгдэхгүй, нягтралтай чанараа хадгалж байна. Энгийнээр харахад ч элс шороо шиг бургихгүй, зуурсан цементийн өнгө хэлбэртэй байгаа. Олон жилийн судалгааны үр дүнд уг урвалж туршилтаар үйлдвэрлэлийн технологит сөрөг нөлөөгүй болох нь батлагдсан гэдгийг инженерүүд онцолж байв. Тэгвэл эдийн засгийн үр ашиг болоод цаг хэмнэлт, хөдөлмөр бүтээмжийн талаас нь Судалгааны төвийн инженер Б.Эрдэнэцогт “Шинэ урвалжийн давуу тал маш их байна. Хамгийн энгийнээр хэлэхэд, богино хугацаанд их талбайд хүртээмжтэй, дарж байна. Бас нэгж га талбайд зарцуулах зардал нь ч өмнө хэрэглэж байсан аргуудтай харьцуулахад хямд төсөр. Өдөрт 2.4 тонн флокулянт хэрэглэж байна. Үүнийг нийт хүдэр боловсруулалт болон хаягдал булингын хэмжээтэй харьцуулахад нэг тонн хаягдал булингад 25-30 грамм урвалж зарцуулж байна гэсэн үг.  Өмнө нь  бид  усалж норгох аргыг олон удаа туршиж, ашигласаар ирсэн. Тэр үед нэг белаз машин 24 цагийн туршид дөнгөж 1-2 га талбайг л норгодог байлаа. Харин энэ магнофлок урвалжтай хольж барьцуулдах арга маань 3-5 хоногийн хугацаанд 560 га хүртэл газрыг хамрах боломжтой. Үүнд булингын шинж чанар, урсацын байдал нөлөөлөх ч маш их цаг хэмнэж, өндөр бүтээмж үзүүлэх сайн талтай нь туршилтаас харагдаж байна” гэсэн юм.

Удирдлагын багийн зөв чиглэл, мэргэжилтнүүдийн судалгаа, ажлын албаныхны өдөр тутмын уйгагүй туршилт, газар дээрх үр дүнгээс харахад Эрдэнэт үйлдвэрт хаягладаг цагаан тоос тойрсон асуудал эмх цэгцэндээ орж, он удаан жил хүндрэл бэрхшээл, хэл ам дагуулж ирсэн эл асуудалд цэг тавих цаг ойртсоор байна.

М.БАЛЖИННЯМ

Фото Ш.ЛХАМСҮРЭН

Эх сурвалж: WWW.ERDENETTODAY.MN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж