Монголчууд яагаад монгол гэрээ орон сууцжуулах гээд байгаа юм бэ ?

Хуучирсан мэдээ: 2019.10.14-нд нийтлэгдсэн

Монголчууд яагаад монгол гэрээ орон сууцжуулах гээд байгаа юм бэ ?

Монголчууд яагаад монгол гэрээ орон сууцжуулах гээд байгаа юм бэ ?

“Монгол гэр нь монголчуудад л байдаг өвөрмөц, онцлогтой сууц. Гэтэл яагаад энэ сууцаа барилгажуулах гээд байгаа юм бэ. Тэр уламжлалт сууцаа хадгалаад, илүү хөгжүүлж болдоггүй юм уу?” гэх асуултыг өнөөдөр /2019.10.14/ Туушин зочид буудлын хурлын танхимд зохион байгуулж буй “Азийн хотуудын орон сууцны IV форумын үеэр Вьетнам улсын мэргэжилтэн Ти Тү Ха Фам тавьж байв.

Тэрбээр Вьетнам улсын Ханой хотын “Орон сууц, үл хөдлөх хөрөнгийн менежментийн газрын дэд захирлаар ажилладаг бөгөөд уг форумын үеэр “Дэлхийн хаана ч очсон бүгд адилхан орон сууц, барилгууд баригдсан байна. Тэгэхээр Улаанбаатар хотын удирдлагуудад хэлэхэд ард иргэдийнхээ амьдралын хэв маягт зохицсон шийдлүүдийг гаргахыг хүсч байна” гэж хэлсэн нь олны анхаарал татсан юм.


“БАРИЛГАЖУУЛАЛТЫН ТӨСЛИЙН 25 ХУВЬ НЬ ЗААВАЛ ХАЛАМЖИЙН ОРОН СУУЦ БАЙХ ЁСТОЙ”

Вьетнам улсын хувьд Азийн хөгжиж буй орон учраас бага орлоготой иргэдэд зориулсан халамжийн орон сууцны хөтөлбөрийн хэрэгжүүлээд 10 жил болж байгаа гэнэ. Орон сууцны үнэ иргэдийн орлогоос 25 дахин их үнэтэй байгаагаас төрийн зохицуулалт шаардлагатай болсон гэдгийг мэргэжилтэн хэлж байв. Хамгийн түрүүнд үйлдвэрийн ажилчид болон их сургуулиудад сурч буй оюутнуудад зориулсан халамжийн орон сууцны хөтөлбөрийг төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд суурилан хэрэгжүүлж байгаа аж. Ингэхдээ ямар ч барилгажуулалтын төслийн 25 хувь нь заавал халамжийн орон сууц байх ёстой. Иргэдээ бага, дунд, өндөр орлоготой гэж ялгалгүйгээр нэг хотхонд амьдрах нөхцөл боломжийг нь олгодог байна. Мөн барилга, орон сууцны барьж буй хувийн хэвшлийн компаниудад аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 70 хувь хүртэлх хөнгөлөлтийг үзүүлж, иргэдэд олгож буй зээлийн хүүг таваас доош хувьтай байлгахаар бодлогоор дэмждэг тухай Вьетнам улсын Ханой хотын “Орон сууц, үл хөдлөх хөрөнгийн менежментийн газрын дэд захирал Ти Тү Ха Фам ярилаа.

ФРАНЦАД БАГА ОРЛОГОТОЙ ИРГЭД ТҮРЭЭСИЙН ТӨЛБӨР БАГА ТӨЛДӨГ

Харин Франц улсын хувьд халамжийн орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэгч анхдагч орон. Энэ салбарт 100 гаруй жилийн туршлагатай улс анх үйлдвэрийн ажилтнуудад зориулан халамжийн орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлж байжээ. Энэ талаар Азийн хөгжлийн банкны Хот байгуулалтын ахлах мэргэжилтэн Арнауд Хэкмани ярихдаа “Франц улсын нийт хүн амын 50 орчим хувь нь өөрийн орон сууцыг эзэмшдэг бол бусад нь орон сууцаа түрээсэлдэг. Тэр дундаа 11 сая гаруй иргэд халамжийн орон сууцны түрээслэгчид байгаа юм. Хамгийн гол нь халамжийн орон сууцанд иргэд орлогын гурван түвшнээс хамаарч хамрагддаг. Таны орлого бага байх тусмаа түрээсийн төлбөр бага байна  гэсэн үг. Зах зээлийн хувийн түрээслэгч компаниудын үнэтэй харьцуулбал халамжийн орон сууцны үнэ дөрөв дахин хямд юм. Энэ бүхнийг хэрэгжүүлэхэд нэгдүгээрт орон нутгийн удирдлагууд болон Засаг дарга, хот өөрөө томоохон үүрэгтэй оролцож, Үндэсний банк маш удаан хугацааанд бага хүүтэй зээл олгосноор амжилттай хэрэгжүүлсэн чадсан” гэдгийг хэлсэн юм.

Монгол Улсын хувьд Засгийн газар 150 мянган айлын орон сууцтай болох хөтөлбөрийг баталсан. Энэ хөтөлбөрийн эхний ээлжинд 55 мянган айлын орон сууцыг олон байршлуудад байгуулж, хэрэгжүүлнэ. Гэхдээ нэг айлыг нүүлгээд 10 га талбайд орон сууц барих гэж тав, 10 жил болдог бус багадаа 100 га талбайгаар нь хот байгуулалтын асуудлыг шийдвэрлэхээр төлөвлөж буй тухай хотын дарга С.Амарсайхан яриандаа онцолж байв.

Улаанбаатар хотын гэр хорооллын иргэд хотын төв орох шаардлагагүйгээр “KFC” түргэн хоолны газраар үйлчлүүлж, кино театрт кино үзэж, “Tom N Toms” кофе шофоор үйлчлүүлдэг болно гэдгийг албаныхан хэлж байлаа. Учир нь Улаанбаатар хотод сүүлийн 60 жилд хийгээгүй дэд бүтцийн ажлыг 2014 оноос эхлүүлж, хийж байгаа талаар Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр, төслийн зохицуулагч Д.Авирмэд хэлсэн юм.

УЛААНБААТАР ХОТОД ЗУРГААН ДЭД ТӨВИЙГ БАЙГУУЛНА

Тэрбээр “Гэр хорооллыг дахин төлөвлөнө гэхээсээ илүүтэй дахин хөгжүүлэх, шинэчлэн зохион байгуулах ажлыг ярихгүй хэрэгтэй. Гэр хорооллыг дахин төлөвлөлтийг өмнө нь хэрэгжүүлэхдээ бодлогын алдаа гарсан учраас одоо иргэдийн итгэх итгэл алдарсан. Тийм учраас гэр хороололд инженерийн дэд бүтцийг бий болгож, орон сууцжуулах суурийг бий болгохын тулд манай төсөл ажиллаж байна. Бид нийслэлд зургаан дэд төвийг барьж байгуулна. Төслийн хүрээнд эхний ээлжинд Баянхошуу, Сэлбэ дэд төвийг бүтээн байгуулах юм. Энэ жил төслийн нэгдүгээр үе шат нь дуусч байна. Бид гэр хороололд дулааны, цэвэр бохир усны шугам, цахилгааны шугамыг байгуулж байна. Анх 1960-аад онд хотын дэд бүтцийн ажил эхэлж байсан бол 60 жилийн дараа дахин шинэ 40, 50 мянгат хороолол баригдах хэмжээний дэд бүтцийн ажлыг хийж байгаа гэсэн үг. Манай төслийн суурь судалгаа 2009 оноос эхэлж, 2013 онд УИХ-аар батлагдаж, 2014 оноос эхэлсэн. Одоо таван жилийн хугацаанд төслийн нэгдүгээр үе шат дуусч байна. Төслийн хүрээнд Азийн хөгжлийн банк, Засгийн газрын хооронд байгуулсан хэлэлцээрээр нийтдээ 10 жилийн хугацаатай 320 сая ам.долларыг хөрөнгө оруулалтыг шийдвэрлээд ажиллаж байна. Зургаан дэд төвийг байгуулна. Ерөнхий төлөвлөгөөнд тусгаснаар Улаанбаатар хот олон төвтэй болж, Баянхошуунд амьдарч буй иргэд заавал хотын төв рүү ирж ажлаа амжуулах шаардлагагүй болно гэсэн үг” гэв.

Мөн тэрбээр “Төслийн хүрээнд гарч буй гол асуудал бол газар чөлөөлөлт, нүүлгэн шилжүүлэлт юм. Бид энэ хүрээнд 900 га талбайг чөлөөлөхөд 34 тэрбум төгрөгийг зарцуулж байна. Цаашдаа гэр хорооллыг шинэчлэн зохион байгуулахад тулгамддаг гол асуудал бол бүх газрыг хувьчилсан явдал. Дэлхийн хотуудад иргэддээ газраа хувьчилдаггүй. Монгол Улсад газрыг албадан чөлөөлөх хууль байхгүйгээс иргэдтэй сайн дурын үндсэн дээр тохиролцож чөлөөлдөг. Зарим иргэдийн хувьд үл ойлголцож, бэрхшээл учруулах нь бий. Иргэдийн газрыг нөхөн олговортойгоор нийтийн хэрэгцээнд авах хууль ч юм уу, тодорхой хууль эрх зүйн орчныг бий болгохгүй бол бүтээн байгуулалтын ажил хийхэд хүндрэл учирдаг” тухай ярилаа.

Форумын үеэр нийслэлийн Орон сууцны корпорацийн захирал Б.Сүхбаатар хэлэхдээ “Азийн хотуудын орон сууцны байгууллагууд дөрөв дэх удаагаа чуулж байна. Өмнөх жилүүдэд зохион байгуулж байсан чуулга уулзалтуудаас агуулга, хамрах хүрээний хуьтл  улам сайжирч, өргөжиж байна. Бидний гаргаж буй шийдэл зөв, буруу юу гэдгээ ч бас олж харж байна. Өнөөдөр нийслэлийн Орон сууцны корпорациас хэрэгжүүлж буй орон сууцыг түрээслээд өмчлөх хэлбэр бусад орнуудад амжилттай хэрэгжсэн туршлага байна. Дэлхийн бусад хотуудад энгийн түрээс хамгийн эрэлттэй байдаг бол монголчуудад байраа түрээслээд өмчлөх хэлбэр эрэлттэй байна. Үүнтэй холбоотойгоор цаашид орон сууц өмчлөлийн олон төрлийг хэрэгжүүлэхээр ажиллах болно” гэдгийг  хэллээ.

А.СҮРЭН

Гэрэл зургийг Г.БИЛГҮҮН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж