Израйлийн ерөнхийлөгч Реувен Ривлин нь Ням гаригт ОХУ-д хоригдож буй өөрийн орны иргэнд өршөөл үзүүлэхийг ерөнхийлөгч Владимир Путинээс гуйжээ. АНУ-ын давхар иргэншилтэй Израйлийн 26 настай эмэгтэй нь Москва хотын олон улсын нисэх буудалд өнгөрсөн дөрөвдүгээр сард баривчлагдсан юм. Энэтхэгээс буцаж явсан Наама Иссачарын цүнхнээс каннабис өвс илэрсэн аж. Оросын шүүхээс өнгөрсөн Баасан гаригт түүнд долоон жил зургаан сар шоронд хорих ял оноосон юм. Наама Иссачарт ял оноосны дараа ээж нь түүнийг ОХУ-д барьцаалагдсан гэж хардаж буйгаа мэдэгдэж байв.
Харин Израйлийн ерөнхийлөгч түүнийг хоригдол солилцоогоор эргүүлэн авах хүсэлтэй байгаа аж. Израйлийн ерөнхийлөгч Реувен Ривлин хэлэхдээ “Наама алдаа гаргаж, хэргээ хүлээсэн. Урьд нь ял шийтгэгдэж байгаагүй залуу бүсгүйн хувьд долоон жил шоронд хорих ял амьдралыг нь сүйрүүлж мэднэ” хэмээн Путинд илгээсэн захидалдаа дурджээ. Өмнө нь ОХУ-ын талаас 2015 онд кредит картын залилан, цахим гэмт хэргээр баривчлагдан Израйльд хоригдож буй Алексей Бурковыг хоригдол солилцоогоор эргүүлэн авах хүсэлт тавьсан аж.
ОХУ нь хар тамхины хатуу хуультай бөгөөд багахан хэмжээтэйг биедээ авч явахад л олон жил шоронд хорих ял сонсох магадлалтай. Харин Израйльд марихуан хэрэглэсэн хүмүүсийг эмчилгээнд хамруулах эсвэл торгох шийтгэл оногдуулах нь элбэг аж.
Эх сурвалж: Agence France-Presse